ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко нар өчигдөр /2021.02.23/ ОХУ-ын Сочид уулзжээ. Хоёр улсын төрийн тэргүүн covid-19 цар тахал зэрэг цаг үеийн асуудлаар ярилцаж, санал бодлоо солилцсон байна. Беларусь улс нь ирэх намар Оросын технологиор covid-19-ийн эсрэг вакцин үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. Уулзалтын дараа тэд “Красная Поляна” цанаар гулгаж, ууланд авирсан байна.
Эх сурвалжуудын мэдээлснээр Александр Лукашенко ОХУ-аас зээл авах зорилгоор айлчилсан гэнэ. Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Беларусьт 1,5 тэрбум ам.долларын зээл олгохоо мэдэгдээд байсан юм. Лукашенко Оросын эдийн засгийн дэмжлэгт талархаж байгаагаа илэрхийлээд энэхүү тусламж дэмжлэг нь хий дэмий зүйлд зарцуулагдаагүй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Орос, Беларусь улсууд нь төр, эдийн засаг, цэргийн нягт уялдаа холбоо бүхий эвлэлийн гэрээ байгуулсан боловч Беларусийн зүгээс Орос улс тус улсын тусгаар тогтнолд халдахыг оролдож байна гэж буруутгадаг. Өнгөрсөн наймдугаар сард болсон сонгуулийн дараа өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөнийг Беларусийн эрх баригчид хүчээр дарсан гэх асуудлаар АНУ, ЕХ –ноос Беларусийн эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсэн билээ. Ийнхүү том гүрнүүдийн хавчлагад орсон Лукашенко Оросын дэмжлэгт найдахаас өөр аргагүй болсон гэж судлаачид үзэж байна.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ