Ковид-19 дижитал банкны шилжилтэд сайн нөлөө үзүүлсэн тухай яриа дэлхий даяар ид өрнөж байна. Амьдралдаа их, банканд бага цаг зарцуулж, онлайн банк гэрээсээ ордог болохыг уриалсаар ирсэн бол өдгөө энэ нь нэгэнт өдөр тутмын хэвшил болж эхэлжээ. Тэгвэл хувийн санхүүгийн түвшинд цар тахал халгаатай байгаа ч хадгаламжийн үнэ цэнэ хийгээд хямгач чанар хэчнээн чухлыг ойлгуулсан болов уу. Ийм үед санхүүгээ ухаалгаар удирдан чиглүүлэх 5 зөвлөмжийг ХААН Банк #ШинэЭгэлд хамтдаа цувралын дараагийн нийтлэлээр хүргэе.
Эхлээд өөртөө төл
Хувийн санхүүгийн талбарт хамгийн их давтагддаг тарни бол “Эхлээд өөртөө төл” гэх үг юм. Өр зээл, төлбөр мөнгө, цалин орлогоос үл хамааран сар бүр орлогынхоо тодорхой хувийг хуримтлуулах нь өөртөө эхэлж төлж, эрсдэлээс өөрийгөө хамгаалж буй чухал үйлдэл гэж хэлж болно. Хэрвээ та хүүхэдтэй бол тэдэндээ данс нээж, хуримтлал үүсгэх нь багаас нь санхүүгийн суурь мэдлэг олгож, ирээдүйн замналд нь бэлтгэх үнэтэй хичээл болох нь дамжиггүй. Юу ч тохиолдож болох учраас эрсдэлтэй үед найдах зүйлтэй байхын чухлыг ухамсарлах нь шинэ эгэл амьдралын хамгийн чухал хичээл ч байж болох юм.
Эрэмбэ тогтоох
Төсөв төлөвлөгөө гаргахаасаа өмнө эхлээд хэрэгцээ шаардлагуудыг эрэмбэлэх нь зүйтэй. Мөнгөтэй холбоотой зуршлуудаа тогтоож, хувийн санхүүгийн зорилтуудтай тань нийцэж буй эсэхийг анзаараарай. Ингэхдээ мөнгөө яг хэрхэн зарцуулж, түрийвчээ яаж удирддагаа мөрдөгч мэт шинжлэн, том зургаар нь харахыг зөвлөж байна. Тухайн сарын санхүүгээ төлөвлөхдөө хамгийн энгийн аргаар буюу хэрэгцээ, хүсэл, хуримтлал, өр зээл гэхчилэн ангилж болно. Яг одоо таны амьдралд юу чухал байна вэ, юуг түр орхиж болох вэ?
Банктайгаа найзлах
Ихэнх хүний банктай харилцах харилцаа өдөр тутмын гүйлгээнээс хэтэрдэггүй. Тэгвэл үүнээс жаахан цаашилж, хадгаламжийн төрлүүдийн хүүг харьцуулж, хуримтлал үүсгэхээс эхлээд жижиг, дунд бизнесээ таатай нөхцөлөөр хэрхэн санхүүжүүлэх, цар тахлын хүнд үед зээлийн гэрээндээ хэрхэн өөрчлөлт оруулж болох, хугацаатай хадгаламжаа цуцалж болох эсэх, үүгээр зогсохгүй аль банкны, эсвэл аль компанийн хувьцаанд хөрөнгө оруулахаа судлаарай. Танд туслах зөвлөхүүд, мэргэжилтнүүд аль ч банканд бий. Санхүүгийн мэдлэгээ тэлэх алхам бүр тань таны шинэ эгэл дэх ирээдүйн баталгаа болно.
Дижитал удирдлага
Онлайнаар санхүүгээ удирдах тухай ойлголт зөвхөн утасны аппликэйшнээр хязгаарлагдахгүй. Утас, компьютероо ашиглан хувийн санхүүг удирдах үнэгүй програмуудыг ашиглах, ухаалаг шийдвэрт хөтлөх санхүүгийн зөвлөмж авахаас эхлээд цар тахлын үед нийгмийн даатгал, татварын систем хэрхэн ажиллаж, ямар хөнгөлөлт урамшуулал олгож буйг бүртгэх гэхчилэн банкны дижитал шилжилтийн адил таны хувийн санхүү ч мөн цахим удирдлагатай болох учиртай. Энэ чадварыг өөртөө суулгах нь санхүүгийн асуудлуудыг тань хөнгөвчилж, цэгцтэй ойлгомжтой болгоно.
Цахим загасчлалаас сэргийлэх
Бид үүнийг өөрсдөд маань хэзээ ч тохиохгүй гэж бодох нь түгээмэл. Гэвч өөдгүй этгээдүүдийн арга нарийсаж, цар тахлын цаг үеийн мэдээг өгөөш болгон ашиглах, гэрээсээ цахимаар ажиллах санал тавих, жинхэнэ мэт харагдах хуурамч мэдээлэл тараан хүмүүсийн банкны мэдээллийг олж авах нь ихэссээр байна. Тиймээс банкны нэвтрэх нэр, нууц үг, картын мэдээлэл, пин кодоо дотны хүндээ ч хэлж болохгүйг та үргэлж санаарай.
Эх сурвалж: Investopedia.com; World Economic Forum
Холбоотой мэдээ