Леброны Лэйкерс аваргаа хамгаалж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

Леброны Лэйкерс аваргаа хамгаалж чадах уу?

Леброны Лэйкерс аваргаа хамгаалж чадах уу?

NBA-ийн шинэ улирал шахуу хуваарьтай, амралт багатай өрнөж байгаа учир олон багууд хүнд сорилттой нүүр тулж байна. Тэдний нэг бол аваргаа хамгаалах зорилготой Лос Анжелес Лэйкерс. Багийнх нь хоёр гол баганы нэг болох Энтони Дэвис шилбэний булчингийн гэмтлийн улмаас дөрвөн долоо хоног талбайд гарах боломжгүй болсон. Тэгвэл түүний эзгүйд 36 настай Леброн бүх ачааллыг нуруундаа үүрч, ганцаараа багаа ялалтад хөтөлж байна гэхэд буруудахгүй. Энтони Дэвисийн адилаар тус багийн гарааны холбон тоглогч Деннис Шредер ч лигийн эрүүл мэндийн протоколын улмаас ирэх Бямба гариг хүртэл талбайд гарах боломжгүй болжээ.

Энтони Дэвис гэмтсэнээс хойш Лэйкерс дөрвөн тоглолт хийхдээ нэг хожиж, гурав хожигджээ. Сүүлийн байдлаар аваргууд Нетс, Хит, Уизардс зэрэг гурван багт дараалан хожигдоод байна. Леброн ч үдэш бүр 30 оноо, трипл-дабл толилуулж, багаа чирч байгаа нь мэргэжилтнүүдийн санааг зовж байгаа. Мэргэжлийн спортод 36 нас бол тоо төдий зүйл биш. Ихэнхи тамирчид энэ насан дээрээ зодог тайлдаг. Харин Леброн одоо ч өндөр түвшинд дахин аварга авахаар зүтгэж байна. Харамсалтай нь, энэ улирал өнгөрсөн улирлаас ялгаатай. Багууд супер бүрэлдэхүүн бүрдүүлж эхэлсэн. Гэтэл Лебронд туслах гол хүн Энтони Дэвисийн энэ улирлын үзүүлж буй тоглолт шүүмжилмээр байна.

Өнөөдөр/2021.02.23/ гарсан мэдээллээр, Лэйкерс Уизардст ялагдсаныхаа дараа холбон тоглогч Куинн Кукыг багаасаа хасчээ. Ийнхүү тус баг чөлөөт агентаас тоглогч элсүүлэх хоёр сул зайтай болов. Мэдээж, Демаркус Казинс Лэйкерстэй дахин нэгдэх магадлал өндөр. Мөн Пи.Жи.Такер, Кайл Корвер, Уилсон Чандлер нарын нэрс яригдаж байна. Гол нь бүсдээ Клипперс, Наггетс, Жазз нарыг дийлэх бүрэлдэхүүн хэрэгтэйгээс гадна хэрэв финалд гарвал Нетс, Баксыг зогсоох хэрэгтэй болно. Даанч одоогоор Лэйкерсээс Леброн л үдэш бүр өндөр түвшинд амралтгүй тоглож байна.

Леброн Жэймс энэ улиралд 32 тоглолтонд дараалан оролцож, нэг ч тоглолт өнжөөгүй.

Энэ улиралд алсын зайн шидэлтийг өндөр хувьтай амжилттай гүйцэтгэж буй Лэйкерсийн хамгаалан тоглогч Кентавиус Колдуэлл-Поуп багийнхаа лидерийн талаар "Сүүлийн хэдэн тоглолтонд Леброн арай л ачаалалттай тоглож байгаа юм санагдаж байна. Бид түүний ачааг хэрхэн хөнгөлөхөө мэдэж байх хэрэгтэй. Чадахаараа л, боломжоороо л түүний ачаанаас хуваалцмаар байна. Аль болох талбай дээр олон алдаа гаргахгүй байхыг бид зорино. Үүргийн тоглогч бүр л бөмбөг ирэхэд бэлэн байх хэрэгтэй" хэмээжээ.

Лэйкерс энэ улирлын эхэнд олон шинэ тоглогч элсүүлсэн учир багийн ахлах дасгалжуулагч Фрэнк Вогел тамирчдаа хэрхэн хуваарилж, хэдэн минут тоглуулахаа одоог хүртэл шийдээгүй хэвээр.

Ямартай ч улирал дөнгөж эхний хагастаа орж байна. Багуудад одоогийн асуудлуудаа зохицуулах хангалттай хугацаа бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж