Монгол Улсын Батлан хамгаалах яаманд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас буцалтгүй тусламж хэлбэрээр хандивлаж буй Covid-19-ийн эсрэг вакцин хүлээн авах ёслолын ажиллагаа өнөөдөр /2021.02.23/ Батлан хамгаалах яаманд боллоо.
Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Д.Ганхуяг, Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэг, БНХАУ-ын талаас тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй, Батлан хамгаалахын атташе, ахлах хурандаа Бао Юйхай болон албаны бусад хүмүүс оролцов.
Элчин сайд Цай Вэньрүй ёслолын ажиллагааг нээж “БНХАУ-ын БХЯ-аас Монгол Улсын цэргийн алба хаагчдад зориулж 100 мянган тун коронавирусийн эсрэг вакцин хандивлаж байна. Монголчууд “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэж ярьдаг. Тэр ч утгаараа БНХАУ-д Covid-19 дэгдэж, биднийг хүнд нөхцөлд ороод байхад Монгол Улс тэр дундаа Монгол цэргийн нэгдсэн холбооноос манай улсад гаднын анхны тусламжийг үзүүлсэн юм. Энэ бол хоёр улсын Батлан хамгаалах салбар ямар гүн гүнзгий нягт харилцаатай байдгийг харуулсан тод жишээ юм. Тиймээс бид та бүхний сайхан сэтгэлийн хариуд уг буцалтгүй тусламжийг үзүүлж байна. Хэдий манай улсад тус вакцины хэрэгцээ шаардлага өндөр байгаа ч энэ үйл явдал нь хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэл хийгээд ард түмний өнө удаан жилийн найрамдалт харилцааг бүрэн харуулж байна” хэмээн хэлсэн юм.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр “Хятадын ард түмэн, ХАЧА-ийн бүрэлдэхүүний сайхан сэтгэлийн тусыг эрхэм Элчин сайд та өөрийн биеэр хүрэлцэн ирж, бид бүхэнд гардуулан өгч байгаад маш их талархаж байна. Манай улс хэдий 10 гаруй сарын хугацаанд коронавирусийн халдварыг алдалгүй барьж чадсан ч өнгөрсөн арваннэгдүгээр сараас дотооддоо алдсан. Энэ бэрх цагт тус буцалтгүй тусламж нь хоёр улсын Батлан хамгаалах салбарын найрсаг харилцаа ямар өндөр түвшинд байдгийг бүс нутагт харуулсан тод жишээ боллоо. Бид тус вакцинаар эхний ээлжид цар тахлын голомтод ажиллаж байгаа цэргийн эмч, мэргэжилтнүүдээ хамруулахаар төлөвлөсөн. Цаашдаа нийт Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг шат дараатайгаар вакцинжуулах ажлыг хийх болно” гэлээ.
Үүний дараа Элчин сайд Цай Вэньрүй коронавирус эсэргүүцэх вакцины дээжийг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт гардуулан өгсөн юм. БНХАУ-ын Синофарм компани, Бээжингийн биотехнологийн хүрээлэнгийн хөгжүүлсэн тус вакцин нь эмнэл зүйн гурван удаагийн туршилт, судалгаанд орж баталгаажаад байгаа бөгөөд ДЭМБ-аас ирэх сарын эхээр хүлээн зөвшөөрөх асуудлыг танилцуулахаар бэлтгэж байгаа ажээ.
Эх сурвалж: БАТЛАН ХАМГААЛАХ ЯАМ
Холбоотой мэдээ