УИХ ямар арчаагүй юм бэ

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

УИХ ямар арчаагүй юм бэ

Өчигдөр УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо хуралдаж, Авлигатай тэмцэх газрын дарга Ч.Сангарагчаатай холбоотой мар­гааныг хэлэлцэх байсан. Гэтэл тодорхой бус шалтгаанаар хурал хойшилж, Ч.Сангарагчаа даргыг хэрхэх нь дахиад л асуултын тэмдэг төдийхнөөр үлдэв. Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав асуудлыг хаврын чуулганы үеэр сөхөж тавьсан ч Хууль зүйн байнгын хороо шийдэх ёстой эрх, үүргийнхээ хүрээнд шийдэхээс татгалзсан. УИХ дахь  бөх гэдгээрээ намба заасан уу, аль эсвэл хуульчдаас илүү хууль мэддэг гэдгээ батлах гэсэн үү Б.Бат-Эрдэнэ аварга Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд өөрөөсөө будилааныг зайлуулж, Тусгай хяналтын дэд хороо руу шилжүүлсэн гэхэд болно. Уг нь тэрбээр үндэсний бөхөөрөө дархан аварга ч хууль зүйн салбарт түүнийг аваргын дайтай хүндлэх хэрэг байхгүй л болов уу.

Гэтэл МАХН-ын гишүүнийхээ эрх ашгийн хүрээнд асууд­лыг ойлгомжгүй болгон бөө­рөн­хийлснөөр өдгөө УИХ-ыг ар­чаагүй хэмээн дүгнэхэд хүр­гэж байна. Улсын ерөнхий прокурор гурвын гурван удаа УИХ-д Ч.Сангарагчаа даргыг түтгэл­зүүлэх хүсэлтээ хүргүүлээд байхад Д.Дорлигжав прокурорыг олонхийн саналаар томилсон хууль тогтоох засаглал яагаад түүний үндэслэлийг харгалзаж үзэхгүй байгаа нь хачирхалтай. Эрх ашгийн тэнцвэр хаана ч огтлолцож чадахгүй болохоор УИХ-ын 76 гишүүн ийн увайгүйтэв үү, эсвэл З.Энхболд тэргүүтэй гишүүдийн хэлээд байгаа шиг МАХН-ын эрх ашиг хөндөгдөх асуудал дээр Ардчилсан нам хүчин мөхөсдөөд байна уу.

Томилсон хүнээ Улсын ерөнхий прокурорын үндэслэлийн дагуу авч хэлэлцэж чаддаггүй УИХ өмнө нь баталсан хуулиа ямар эрх ашгийн хүрээнд баталж ирсэн нь ч өдгөө ойлгомжгүй болж байна. Нэг даргын асуудлыг шийдэж хүчирдэггүй УИХ-ыг олон хүн арчаагүйг нь гайхаж байхад энэ дүгнэлтээс зайлсхийх эрх сэтгүүлчдэд ч байхгүй биз ээ. Ямартай ч Монгол Улсыг авлигагүй болгох үүрэгтэй Авлигатай тэмцэх газрын даргад албан тушаалаасаа улайран зүтгэх сонирхолд ямар эрх ашиг нөлөөлж буй нь сонирхолтой байна. Цаг хожиж далдалсан эрх ашгийн нуувч нэгээр тогтохгүй олон байсныг энэ цаг үед ч санаж, сэрэх хэрэгтэй баймаар юм даа. Мэдээж УИХ-ын хувьд.

Г.Отгонжаргал

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж