Засгийн газраас өнөөдөр /2021.02.23/-өөс 100 гаруй мянган аж ахуйн нэгжийн 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. Үүний дагуу хүн олноор үйлчлүүлэх кино театр, караоке, амралт газар болон жуулчны баазууд үйл ажиллагаа эхлүүлнэ.
Кино театруудын хувьд цахимаар тасалбар авах, үзэгч хооронд нэг сандал алгасаж суулгах, үзвэрийн танхимд ус ундаанаас бусад хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглож буй. Харин амралтын газар, жуулчны баазууд урьдчилан захиалга авч, орны тооноос илүү хүн хүлээн авахгүй байх, аль болох өрөөнд нь хооллох шаардлагатай. Эдгээр үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн эсэхийг тодрууллаа.
"КАРАОКЕД МИКРОФОНЫ НЭГ УДААГИЙН БҮРХЭВЧ УУТЫГ ТОГТМОЛ ХЭРЭГЛЭДЭГ"
Зайсанд үйл ажиллагаа явуулдаг “Wooden” караокены үйлчилгээ хариуцсан ажилтан Б.ГАНБАЯР:
-Өнөөдрөөс аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа эхэлж байгаа учраас оройхон ажиллахаар цэвэрлэгээгээ хийж, мэргэжлийн байгууллагаар ариутгал халдваргүйжүүлэлт хийлгэнэ. Манай караоке нийт 10 өрөөтэй. Үйлчлүүлэгчдэдээ амны хаалт зүүх, биеийн халууныг нь хэмжиж, гараа халдваргүйжүүлэх шаардлагыг тавина. Ажилчдын хувьд ариутгал халдваргүйжүүлэлтийг сайтар сахиж ажиллана. Мэргэжлийн байгууллагуудаас заавар зөвлөмж ирүүлээгүй. Бид хэвлэл мэдээллийн сайт, олон нийтийн сүлжээгээр мэдээллээ авсан. Мөн микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг тогтмол хэрэглэдэг. Манай караоке таван жил үйл ажиллагаа явуулж байгаа. Бидний хувьд нэг жил орчим ажилгүй бүрэн зогссон. Санхүүгийн хувьд эрсдэлтэй нөхцөлд байна. Одоо халдвар хамгааллын дэглэмээ баримтлаад ажиллах бүрэн боломжтой гэж бодож байна.
"ЗӨВХӨН БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ ГЭР БҮЛ БОЛОН ЦӨӨН ТООНЫ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ХҮЛЭЭН АВНА"
“Уу булан” жуулчны баазын захирал Б.ХАЛИУН:
-Холбогдох байгууллагуудаас заавар зөвлөмж өгсөн зүйл байхгүй. Засгийн газраас өгсөн мэдээллийн дагуу амралтын газар, жуулчны бааз, зочид буудлын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагыг дагаж мөрдөнө. Бид өнгөрөгч арваннэгдүгээр сараас хойш огт ажиллаагүй учраас өөрсдөө халдвар хамгааллын дэглэмээ сахиж, их цэвэрлэгээ, ариутгалыг хийнэ гэсэн бодолтой байна. Амралтын газрын фэйж хуудас, реклам сурталчилгаан дээрээ “Зөвхөн бага насны хүүхэдтэй гэр бүл болон цөөн тооны үйлчлүүлэгч хүлээн авна. Байгууллага хамт олны захиалга авахгүй” гэдгээ байршуулсан. Үйлчлүүлэгчдийн хоолыг захиалгаар өрөөнд нь оруулж өгнө. Манай амралтын газар нэг том байшинд олон өрөө биш. Гадаа тус тусдаа хаус учраас амрагчид хоорондоо уулзах ямар ч боломж байхгүй. Амрагчид явсны дараа цонх хаалгаа онгойлгож, агаар сэлгэн, ариутгал цэвэрлэгээг тогтмол хийнэ. Үйлчлүүлэгчдээ хүлээн авахдаа биеийн халууныг хэмжиж, бүртгэл хийнэ. Хөл хориотой холбоотойгоор бүтэн жил орлогогүй болж, ажилчдын тоо буурсан. Өнгөрсөн хавар халдвар хамгааллын дэглэмээ баримталж ажиллахад орлого 30-50 хувь буурсан байсан. Хүмүүсийн орлого багассан учраас амралтын газрын үнээ тодорхой хэмжээгээр бууруулсан. Жишээлбэл, нэг хаус хоногийн 400 мянган төгрөг байдаг бол 200 мянган төгрөг болж хямдарсан” гэв.
"ҮЗЭГЧДИЙГ ХОЁР СУУДЛЫН ЗАЙТАЙ СУУЛГАНА"
“Prime Cineplex” кино театрын захирал П.ГЯЛБАА:
-Өчигдөр үдээс хойш үйл ажиллагаагаа нээх аж ахуй нэгжүүдэд зориулсан журамтай танилцлаа. Эхний ээлжинд бэлтгэл ажлаа хангаж, их цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтээ хийнэ. Ирэх Баасан гаригаас үйл ажиллагаагаа нээх төлөвлөгөөтэй байна. Өмнө нь кино театруудад онлайн тасалбар захиалгын үйлчилгээ байсан учраас асуудалгүй. Мөн бэлэн мөнгөнөөс татгалзаж, аль болох картаар төлбөрөө төлнө. Өмнө нь Эрүүл мэндийн яам, мэргэжлийн хяналтын газраас гаргасан заавар зөвлөмжүүд бий. Тэрийг даган мөрдөж, суудлын хязгаарлалтаа хийж байна. Хоёроос дээш 4-5 хүн явж байгаа бол хоёр хоёроор нь суулгана. Ингэснээр нийт суудлын 50 хувийн дүүргэлттэй байх юм. Үзэгчийн танхимд нэг суудал алгасалгүй хоёр суудал алгасаж суулгахаар төлөвлөж байгаа. Ажилчдынхаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж, хариуцлагатай ажиллана. Үзвэрийн танхимд ус, ундаагаар оруулж, гадна хэсэгт хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулах төлөвлөгөөтэй байна. Нарийн мэдээллийг холбогдох байгууллагуудаас дахин тодруулна.
Холбоотой мэдээ