Усгүй маргаашаас урьтаж

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Усгүй маргаашаас урьтаж

Монголын Урлагийн Зөвлөлөөс санаачилсан “Ухаалаг ус” аяны хүрээнд Дэлхийн усны өдөр буюу гуравдугаар сарын 22-нд уран бүтээлч Ё.Төгөлдөрийн эх загвараар барималч Ц.Батмөнхийн багийн урласан мөсөн баримлыг төв талбайд нээсэн. Хэдийнэ урин цагийн эх тул мөсөн баримал хэдхэн хоног л хүмүүст хүрч амжив. Байгалийн чимээнээс үүдэлтэй хөөмийг усны долгионтой адилтган урласан уг баримал төдөлгүй хайлсан нь магад бидний ойлгох учиртай хамгийн чухал зүйл ч байж мэднэ.

 

 

Кино театр дахь “Усгүйдэл”

Зуны турш бокс оффисуудыг тэргүүлж, зургаан Оскар хүртсэн “Галзуу Макс: Хилэнт зам”. Хүн төрөлхтний иргэншил сүйрч, ертөнц бүхэлдээ мөхөлд ойртсон тухай сэдэв кино ертөнцөд улиг болсон. Бүхнийг захирах хүсэлтэй нэг хүч, түүний эсрэг ганцаар сөрөх зоригт эр, түүнд сэтгэлтэй нэг бүсгүй, дараа нь аз жаргалтай төгсгөл. Сүржин зураг авалт, дэлбэрэлт, хүнд хөгжим, баатарлаг үйлс. Гэсэн ч ижил төрлийн бусад бүтээлээс энэ кино өөр. Тэр нь үйл явдлын өрнөл, шугамаас гадна сэтгэл хөдөлгөм, жинтэй хүүрнэлд нь орших болов уу. Харь амьтад, аварга биетүүд, роботоос дэлхийг аврах бус, харин хүмүүс өөрсдийн сөнөөсөн дэлхийгээс эргээд гэр орон, сэтгэл зүрх, үржил шимт хөрс зэрэг ногоон өнгийг хайсан эрэл хайгуулын тухай энэ кино өгүүлнэ. Гэвч дэлхий дээрх ус шавхарсан учраас итгэл найдварын нөөц нь ч бараг үлдээгүй. Үүнийг уран сайхны зөгнөлт байдлаар илэрхийлж буй нэг хэлбэр.

Харин баримтат кино бол зөгнөлт бус, жинхэнэ бодит байдлыг батлан харуулж байна. Тухайлбал, “Ухаалаг ус” аяны үеэр “Гэгээнтэн” кино театрт олон нийтэд үзүүлсэн “Chasing Ice”-д National Geographic-ын судлаач, эрдэмтэн Жеймс Балогоор ахлуулсан баг Грийнланд, Аляска, Исланд, Монтанад байрлуулсан камернуудын тусламжтайгаар томоохон мөсөн уулнууд хэрхэн хурдацтай хайлах явцыг өдөр бүр  бичиж буйг харуулах аж. Киноны хамгийн хүчтэй хэсэг нь Грийнланд дахь 110 мянган шоо метр хэмжээгээрээ томоохонд тооцогддог Jakobshavn мөсөн голын тугаллах буюу дулааны улмаас хайлж, хэсэг хэсгээрээ салж буй үйл явцыг 75 минутын турш тасралтгүй бичиж чадсан нь болов уу. Дэлхийн өнцөг булан бүрт үе, үе нүүрлэж буй хар шуурга, үерийн гол шалтгаануудын нэгийг тэд ийнхүү бодитоор буулгаж чадсан гэсэн үг. Дэлхийн нийт цэвэр усны нөөцийн 68.9 хувийг агуулдаг мөнх цас, мөсөн голууд ийн хайлж байгаа нь цаашид уух ус улам хомсдохыг хамгийн энгийн, ойлгомжтойгоор харуулдагт баримтат киноны хүч оршиж байх шиг. “Иргэншил, байгаль хоёрыг ангид ойлгох арга байхгүй. Гэтэл бид байгалийн амьтад, түүний нэг хэсэг гэдгээ мартаж орхисон. Харин гэрэл зураг, кинонд үүнийг эргэн сануулах, бодож эргэцүүлэх, хамгийн гол нь хүмүүсийг үйлдлээ өөрчлөхөд нөлөөлөх хүч бий” хэмээн Жеймс Балог ярьж байна.

Тэгвэл Тэнгис кинотеатрт үзүүлсэн “The Revolutionary Optimists” бол Энэтхэгийн Калькутта хотын маш ядуу учраас газрын зурагт ч тэмдэглэгдээгүй нэгэн дүүргийн өсвөр насныхны тухай түүх. Тэдний гэр газрын зурагт байхгүй учраас ундны цэвэр усны хоолой, худаг байхгүй. Тиймээс ойролцоох дүүргээс уух ус хулгайлах хэрэг гарна. Хуульч асан Амлан Гангули уг дүүрэгт багачуудад зориулсан төв байгуулсан нь англи хэл сурах, бүжгийн хичээлээс ч давж гарна. Клубын хүүхдүүд дүүргийнхнээ вакцинд хэрхэн хамруулж, хотын удирдлагатай уулзан, цэвэр усны хоолой татуулах хүртлээ хэр хол замаар алхаж, юу эсийг туулах нь үзсэн хэнд ч итгэл үнэмшил, үйл хэрэг, бас мэдээж усны тухай нухацтай бодлуудыг төрүүлэх болов уу. Нийгмийн асуудлыг ийнхүү кино урлаг, тэр дундаа баримтат киногоор өгүүлэх, шийдлүүдийг санал болгосноор хүн бүрийн хүртэж чадах урам зориг, санаа сэдэл, бодол эргэцүүллийн эх болж буй.

Өдгөө дэлхий дээр 780 сая хүн ундны цэвэр усны хомсдолтой амьдарч буй тухай ДЭМБ-ын судалгаа харуулна. 1.6 тэрбум хүн цэвэр усны нөөцгүй газар амьдарч буй нь 10 жилийн дараа 2.8 тэрбум хүртлээ өсөх төлөвтэй. Нэг жилд дунджаар таваас доош настай 801 мянган хүүхэд цэвэр усны хомсдолоос шалтгаалсан өвчин эмгэгийн улмаас хорвоог орхидог. Харин бид тэднийг танихгүй, мэдэхгүйн дээр хаа холын хэмээн төсөөлөн “Хөөрхий дөө” гэж шүүрс алдахаас хэтрэхгүй. Гэтэл усны тухай асуудал гэрийн маань хаалгыг тогшиж буйг сонсоогүй царайлсаар хэр удах вэ?

Кино театраас гарахад

55 жилийн өмнө найруулагч Р.Доржпаламын германчуудтай хамтран бүтээсэн “Алтан Өргөө” уран сайхны кино дэлгэцийн хамгийн сайхан үлгэрүүдийн нэг гэдэг нь өнөө ч хэвээр. Нэгэн шидтэн Пагва өвгөнөөр үнэт авдраа мануулахаар томилно. Түүний гурван хүүгийн ууган хоёр нь авдар дахь эрдэнэст шунан, нээснээс болж ган гачиг нүүрлэж, хүмүүс усны эрэлд хатсанаар киноны үйл явдал өрнөдөг. Өнөөх үнэт эрдэнэс нь ердөө нэг ус байж л дээ. Ойролцоох худгаас литрийг нь нэг төгрөгөөр авчихаж болох ус. Зарим айлд зүгээр л хананаас нь гоожиж л байдаг ус. Хэн, хаана цангаад байгаа юм бэ?

Монгол орны усны нийт нөөц сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр  608,000 сая шоо метр байгаа тухай “Ус” үндэсний хөтөлбөрт дурджээ. Энэ нь дэлхийн цэвэр усны нийт нөөцийн нэг хүрэхгүй хувийг эзэлнэ гэсэн үг. Гадаргын усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу, Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт буюу монгол орны нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувийг эзлэх талбайд бүрэлдэн бий болдог. Бүрэлдсэн нөөц нь Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савуудад хуваарилагдах ба тэдгээрт багтах 17 томоохон гол, мөрөн, тэдгээрийн цутгалуудыг тэжээж, ихэнх голууд нийлэн хөрш орнууд руу урсан гардаг онцлогтой. Өөрөөр хэлбэл, гол мөрний жилийн дундаж урсацын 60 хувь нь гадагш хил даван урсаж үлдэх хувь нь хөрсөнд нэвчиж, газрын доорхи усыг тэжээх буюу говийн нууруудад цутгана. Усны нөөцийн 83.7 хувийг нуур, 10.5 хувийг мөсөн гол, 5.8 хувийг голын ус тус тус эзэлнэ.  Говийн бүс дэх газар доорх усны ордууд усны нөхөн  сэлбэгдэх чадвар муутай, хэрэв усны нөөцийг урт удаан хугацаанд тасралтгүй шавхаж ашиглах бол усны түвшин нь  буурах, шавхагдах эрсдэлтэй, усны ууршилт өндөртэй. Ийм  эрсдэл нь цаашид бүс нутгийн хэмжээнд хуурайшилт бий болох, цөлжих аюулыг хэдийнэ дагуулж эхэлсэн тухай “The Guardian” сонин нийтэлсэн нь бий. Тэр дундаа уул уурхайн хайгуул, олборлолтын үйл ажиллагааны улмаас гол мөрд аажмаар ширгэсээр ирэх 20 жилд Монгол дахь усны хэрэгцээ одоогийнхоос гурав дахин өсөх тухай “2030 Water Resources Group” мэдээллээ. Мөн энэ тухай Азийн Хөгжлийн Банк 2014 онд гаргасан “Demand in the Desert: Mongolia's Water-Energy-Mining Nexus” тайландаа дурджээ. Түүнчлэн цаашид усны хомсдол нь өсөлттэй яваа эдийн засаг, тогтвортой хөгжилд бодит аюул заналхийлэх тухай зарласан юм. Нөгөө талаас нийт нутагт цөлжилт явагдахын хэрээр хотыг чиглэсэн шилжих хөдөлгөөн ч тасрахгүй хэвээр байгаа нь илэрхий. Энэ нь олон асуудал дагуулдгаас Улаанбаатарт нүүрлэж буй усны хэрэгцээ, шаардлага жин дарж байна.

Ирээдүйн төлөөх нүүдэл

Нийслэлийн хүн амын 62 хувь нь амьдардаг гэр хорооллын тэлэлт, хүн ам өссөөр байвал ойрын ирээдүйд усны нөөц шавхагдахаас гадна цэвэр ус, бохирын асуудлаас үүдсэн өвчлөл газар авах тухай Дэлхийн Эдийн Засгийн Форумын “Ус” санаачлагын тэргүүн Алекс Мүнг “The Guardian”-д ярьжээ. Тэрбээр цааш нь “Хувийн компаниуд ч, төр засгийнхан ч усны аюулыг тэгтлээ сайн анхаарч ажиллаж чадахгүй байна. Дэд бүтэц, усны чиглэлээр ажилладаг компаниуд төртэй ойлголцож, хамтарч ажилласны үндсэн дээр Монголд тулгараад буй асуудлыг шийдэх боломжтой” хэмээсэн юм. Хэдийгээр орон нутгаас иргэд илүү их боломж, ажил, ирээдүйн сайн сайхан, хүүхдүүдийнхээ боловсролын төлөө хотыг зоридог ч хувь хүмүүсийн хувьд энэ эрмэлзэл нь өрсөлдөөн ихтэй, төвөгтэй.

Тухайлбал, Нийслэлийн Статистикийн Газраас  гаргасан баримтаар орон сууцанд амьдардаг гурван хүн тутамд нэг усны цорго ногдож буй бол энэ тоо гэр хорооллын иргэдийн хувьд 1400 байна. Орон сууцныхан нэг литр усанд 48 мөнгө төлдөг бол гэр хороололд оршин суудаг бол нэг төгрөгийн үнэтэй. Хамгийн гол нь гэр хороололд бохир усаа ил задгай асгадаг нь хөрсний бохирдол, өвчлөл үүсэх эх шалтгаан болдог. Гэвч нөгөө талд орон сууцны иргэд ч хямд төсрөөр хэрэглэж буй усандаа дулдуйдан хэмнэлтийг урьтал болгодоггүй. Харин ус бага, багаар хоргодсоор байгааг энэ төрлийн аль ч судалгаа харуулсаар. Шүдээ угаахдаа усныхаа цоргыг хаалгүй угаахад 5-10 литр ус урсгадаг байна. Энэ нь 1 жилд 1825-3650 литр, 10 жилд 18250-36500 литр усыг үр ашиггүй урсгалаа гэсэн үг. “Би шүршүүрт биеэ савандах үедээ ч байнга усаа хаадаг юм. Магадгүй ганц би эсвэл хэдхэн хүн ингэлээ гээд нөлөөлөл нь төдийлэн мэдрэгдэхгүй ч олуулаа ингэж зуршвал усны хомсдолыг багасгахад тусалж чадна” хэмээн жүжигчин Б.Амарсайхан уриалж байна. Усны онгоцыг дүүргэхэд 150-180 литр зарцуулдаг. Тэгвэл 15 минут шүршүүрт ороход 200-250 литр ус дунджаар ашигладаг аж. Хэрэв биеэ савандаж байх үедээ усаа хааж зуршвал нэг удаад хоёр дахин бага буюу 100-125 литр ус хэмнэх боломжтой аж. Цэвэр усны хомсдол, цөлжилт, дэлхийн дулаарал, статистикийн тоонууд сүрдмээр, хол зүйл биш яг одоо танаас эхэлж болохыг энэ бүхэн харуулах биз ээ.

Харин та усаа хайрлаж, хэмнэдэг үү?
 

 


ДЭЛГЭРЭНГҮЙ МОНГОЛЫН УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЦАХИМ ХАЯГААС УНШИНА УУ!

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж