Цай Вэньруй: Хятад 53 оронд вакцин хандивлаж байгаагийн нэг нь Монгол

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

COVID-19

Цай Вэньруй: Хятад 53 оронд вакцин хандивлаж байгаагийн нэг нь Монгол

Цай Вэньруй: Хятад 53 оронд вакцин хандивлаж байгаагийн нэг нь Монгол

БНХАУ-ын Засгийн газар болон Ардын чөлөөлөх армиас тусламжаар илгээсэн 300 мянган тун коронавирусийн эсрэг вакцин тээвэрлэсэн Монгол Улсын агаарын тээврийн тусгай үүргийн онгоц 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн орой Улаанбаатар хотын “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Онгоцны буудал дээр вакцин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй, Монгол Улсын Шадар сайд хийгээд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан нар оролцлоо.

Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “БНХАУ-ын Засгийн газар, ард иргэд 300 мянган тун вакциныг хандивлаж буйд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье. 2020 онд дэлхий нийт амаргүй жилийг үдэж, цар тахлын аюул, эрсдэл одоо ч арилаагүй хэвээр байна. “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэж монголчууд ярьдагчлан Ковид-19-ийн халдвар тархсан үеэс эхлэн Монгол, Хятад хоёр улс бие биендээ эд материалын болон сэтгэл санааны харамгүй дэмжлэг харилцан үзүүлж, хөрш орнууд хүндрэл бэрхшээлийг хамтран туулж буйгийн бодит жишээ болж буй билээ. БНХАУ-ын Засгийн газар, ард иргэдээс олон удаагийн тусламжаар хандивласан амны хаалт, хамгаалалтын хувцас, шинжилгээний аппарат зэрэг эмнэлгийн хэрэгсэл, төхөөрөмжүүд манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд чухал дэмжлэг болж ирснийг тэмдэглэхийг хүсч байна. Энэ удаа хятадын талаас олгож буй вакцин нь манай улсын цар тахалтай тэмцэх үйл ажиллагааг шинэ шатанд гаргаж, богино хугацаанд үр дүнгээ өгнө гэдэгт миний бие итгэлтэй байна” гэв.

Элчин сайд Цай Вэньруй хэлэхдээ “Хятад, Монгол хоёр улс бол уул усаар холбогдсон найрсаг хөршүүд. COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, хоёр улс харилцан туслалцаж, цар тахалтай хамтран тэмцэж, Хятад, Монголын эрүүл мэндийн нэгдлийг хамтран бий болголоо. Өдгөө, дэлхий нийтэд вакцины эрэлт, нийлүүлэлт маш давчуу байна. Хятадын тал Ши Жиньпин даргын хятад вакциныг дэлхийн нийтийн бүтээгдэхүүн болгоно гэсэн чухал амлалтыг биелүүлэхийн тулд дотоодынхоо вакцины нийлүүлэлт хангалттай биш байгаа нөхцөлд, бэрхшээлийг даван туулж, эргэлзэх зүйлгүйгээр Монгол Улсад 300 мянган тун вакцины буцалтгүй тусламж үзүүлж байна. Энэхүү үйл явдал Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшин хийгээд хоёр улсын ард түмний гүн гүнзгий найрамдлыг бүрэн дүүрэн харууллаа. Монгол Улс цар тахалтай илүү сайн тэмцэхэд энэхүү вакцин тус нэмэр болно гэдэгт итгэж байна. Хятадын тал хоёр талын халдвар хамгааллын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, цар тахлыг хамтдаа ялан дийлж, Хятад, Монгол хоёр улсын бүхий л салбарын цаашдын хамтын ажиллагааг илүү их үр бүтээлтэй байлгахын төлөө Монголын талтай цаашид ч мөн хамтдаа хичээн зүтгэхэд бэлэн байна” гэлээ.

Вакцин хүлээлгэн өгөх ёслолын дараагаар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруй сэтгүүлчдийн асуултад хариу өглөө. 

-БНХАУ-аас Монгол Улсад хандивласан коронавирусын эсрэг вакциныг хоёрдугаар сарын 22-ны өдрийн орой Улаанбаатар хотод тээвэрлэн авч ирж  Монголын талд албан ёсоор хүлээлгэн өглөө. Нөхцөл байдлын талаар та танилцуулна уу?   

-COVID-19 цар тахал дэгдсэнээс хойш, хоёр улс цар тахалтай тэмцэхээр хамтран ажиллаж, холбогдох яамд, байгууллага вакцины асуудал болон бусад салбарт нягт харилцаа холбоотой ажиллалаа. Хятад улсын вакцин гаргаж авах судалгаа амжилттай болж хэрэглээнд нэвтрүүлсний дараа тусламжийн вакцин эхний ээлжинд өгөх орнуудын жагсаалтад Монгол Улсыг оруулсан юм. БНХАУ-аас Монгол Улсад 300 мянган тун буюу 150 мянган хүний вакцин хандивласан бөгөөд энэ нь Хятадын эмийн үйлдвэрийн “Синофарм” групп үйлдвэрлэсэн идэвхгүйжүүлсэн вакцин юм. Талуудын хамтын хичээл зүтгэлээр вакцин тээвэрлэсэн тусгай үүргийн онгоц 22-ны өдрийн орой ойролцоогоор 23.00 цагийн үед Улаанбаатар хотод саадгүй газардаж, вакциныг амжилттай тээвэрлэн хүргэсэн. Талууд онгоцны буудал дээр вакцин хүлээлгэн өгөх ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж, миний бие Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы хамт уг үйл ажиллагаанд оролцсон.

-Монгол Улс бол Хятад улсын тусламжийн вакцин хүлээн авч буй орнуудын нэг гэдгийг та сая дурдлаа. Энэ нь Хятадын тал Монгол Улсын цар тахлын эсрэг тэмцлийг ихээхэн дэмжин тусалж буйг бүрэн илтгэж байна. Цар тахлын эсрэг хоёр улсын өрнүүлсэн хамтын ажиллагаанаас та товч танилцуулна уу?  

-Хятад, Монгол хоёр улс нь хаяа залгасан найрсаг хөршүүд. Хоёр улсын ард түмэн уламжлалт бат бэх найрамдалтай. Цар тахлын үед хоёр улс харилцан тусалж, нэг нэгнээ дэмжин, үүгээрээ хөрш орнууд хамтран цар тахалтай тэмцсэн түүхэн хуудсыг хамтдаа бичлээ. Энэхүү үйл явдал Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр түвшинг бүрэн дүүрэн харуулж байна. Цар тахал дэгдсэний дараа Монголын ард түмэн Хятадын цар тахлын эсрэг тэмцлийг идэвхтэй дэмжин тусалж, Хятадын ард түмэнд 30 мянган хонь хандивласан явдал Хятадын ард түмний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Хятад улс лийрийн хариуд тоор барьж, халдвар тархалтаас урьдчилан сэргийлэхэд авч хэрэгжүүлсэн ажлын туршлага, мэдээллээ шуурхай хуваалцсан төдийгүй олон удаагийн буцалтгүй тусламжаар Монголын талд дэмжлэг үзүүлсэн.    Хоёр улсын холбогдох яамд, байгууллагууд цар тахлын эсрэг нягт хамтран ажиллаж, эрүүл мэндийн нэгдлийг бий болголоо. Хятад, Монгол хоёр улсын хуурай газрын хил урт хэдий ч бид хил дамнасан халдварын тохиолдолгүй байх зорилтоо амжилттай биелүүлэн хоёр улсын ард түмний эрүүл мэндийг үр дүнтэй хамгаалсаар байна.  Талууд “Нэг бүс нэг зам” санаачилга болон Монголын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, ажил үйлдвэрлэлийг сэргээх, цар тахлын сөрөг нөлөөллийг даван туулахаар хичээн ажилласан. Бид “Ногоон гарц”-ыг шуурхай нээснээр хоёр орны худалдааг дэмжин, томоохон хамтарсан төслүүдээ тогтвортой үргэлжлүүлж байна. Өнгөрсөн жилийн байдлаар Хятад улс Монгол Улсын хамгийн том худалдааны түнш хэвээр байгаа ба хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөн ирээдүйтэй гэдгийг харуулсан. Хоёр улсын харилцаа цар тахлын сорилтыг давснаар илүү амжилттай хөгжих болно гэдэгт итгэж байна.

-Өдгөө, дэлхий нийтэд вакцины эрэлт, нийлүүлэлтийн асуудал маш хүнд байна. Хятад улс Монголын талд вакцин хандивласаныг та юу гэж харж байна?

-Хятад улс Ши Жиньпини даргын дэлхий нийтэд хандан мэдэгдсэн “Хятад улсын Covid-19-ийн эсрэг вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болгож, хөгжиж буй орнуудад вакцины хүртээмжтэй, үнийн боломжит байдлыг биелүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулна” амлалтаа тууштай хэрэгжүүлж байна. Хятадын судалж гарган авсан коронавирусын вакцин хэрэглээнд нэвтэрмэгц хамгийн түрүүнд хөгжиж буй орнуудад хандивлаж байгаа. Монгол Улс бол Хятадын тусламжийн вакциныг хүлээн авсан эхний орнуудын нэг. Энэхүү вакцин бол Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн нэг, мөн Хятад улс хүн төрөлхтний эрүүл мэндийн нэгдлийг бий болгоход оруулж буй бодит хичээл зүтгэлийн илэрхийлэл юм. Хятад, Монгол хоёр улс нь цар тахлын эсрэг хамтран тэмцэж, чин сэтгэлээрээ харилцан тусалдаг найрсаг түншүүд. Хятад улсын хандивласан 300 мянган тун вакцин нь Монголын ард түмнийг гэх Хятадын ард түмний нөхөрсөг сэтгэлийг тээж байгаа. Мөн Хятад улс Монголын талын цар тахлын эсрэг тэмцэлд үзүүлж буй бодит дэмжлэг юм.  Таны хэлсэнчлэн, одоо дэлхий нийтэд коронавирусын вакцины үйлдвэрлэл дутмаг, эрэлт, нийлүүлэлт бэрхшээлтэй байна. Хятад улс дотооддоо вакцины нийлүүлэлт хангалттай биш байгаа нөхцөлд, бэрхшээлийг даван туулж, эргэлзэлгүй Монгол Улсад 300 мянган тун вакцины буцалтгүй тусламж үзүүлж байгаа нь хоёр улс цар тахлын дарамтыг давж чадахуйц нөхөрлөлтэй, жинхэнэ найзууд гэдгийг дахин баталж байна. Эдгээр тусламжийн вакцин хоёр улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж цар тахлыг хамтдаа ялахад шинэ эрч хүч өгч байна. Мөн ард түмнийхээ эрүүл мэндийг хамгаалах гэсэн Монголын талын хичээл зүтгэлд нааштай үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байна.

-Хятад улс Монгол Улсаас гадна өөр ямар орнуудад тусламжийн вакцин өгсөн бэ?         

-Вируст хил хязгаар гэж байхгүй. Хүн төрөлхтөн нийтлэг нэг хувь заяатай. Нэгдмэл байж, хамтран ажиллах нь цар тахлыг ялах хамгийн хүчтэй зэвсэг. Хятад улс хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийн үзэл баримтлалыг ямагт баримталж, олон улсын цар тахлын эсрэг хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж байна. Өнөөдрийн байдлаар Хятад улс 53 хөгжиж буй оронд вакцины тусламж үзүүлээд байна. Мөн 22 оронд вакцинаа экспортолсон. Хятадын тал ДЭМБ-ын “COVAX” хөтөлбөрт идэвхтэй оролцож, “COVAX” хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан. Эдгээр вакцин голчлон хөгжиж буй орнууд хэрэглэхэд зориулагдсан. Хятадын тал холбогдох улс орнуудтай үргэлжлүүлэн олон хэлбэрээр хамтран ажиллаж, эрэлт хэрэгцээний дагуу чадах хэмжээгээр тусламж, дэмжлэг үзүүлэн, цар тахлыг аль болох даруй ялахын төлөө илүү их хувь нэмэр оруулах болно.

-Вакцин цар тахалтай тэмцэх чухал зэвсэг болохын хувьд түүний аюулгүй, үр дүнтэй байдал хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Хятадын вакцины аюулгүй байдал, үр дүнгийн талаар та танилцуулна уу? 

-Хятад улсын Засгийн газар коронавирусын вакцины аюулгүй байдал, үр дүнг ямагт нэгдүгээрт тавьж байгаа. Тиймээс Хятадын вакцин судалгаа, үйлдвэрийн компаниуд шинжлэх ухааны хэв журам, хууль тогтоомж, хяналт шаардлагыг ямагт чандлан мөрдөж, вакцины судалгаа, үйлдвэрлэлээ хуулийн дагуу эрхэлж, олон улсын идэвхтэй хамтын ажиллагааг явуулж ирсэн. Та бүхэнд зарим статистикаас дурдвал, Арабын нэгдсэн Эмират улсын Эрүүл мэнд, урьдчилан сэргийлэх яамнаас “Синофарм” группийн биотехнологийн вакцинд хийсэн шинжилгээний дүгнэлтээр, уг вакцин 86%-ийн үр дүнтэй, саармагжуулсан ийлдэсний эсрэг биетийн сероконверийн түвшин 99%, дунд болон хүнд хэлбэрийн өвчлөлөөс 100% сэргийлэх үр дүнтэй гэж дүгнэсэн. Одоогийн байдлаар маш олон улс Хятадын коронавирусын вакциныг ашиглаж байна. Нэгэн дурдууштай зүйл бол Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип  Эрдоган, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо, Перугийн Ерөнхийлөгч  Франсиско Сагасти зэрэг олон орны төрийн тэргүүн Хятадын үйлдвэрлэсэн коронавирусын вакцин хийлгэсэн, Энэ нь Хятадын вакцины аюулгүй байдал, үр дүнг бүрэн баталгаажуулж байна.

ДЭМБ-ын Хятад вакциныг яаралтай нөхцөлд хэрэглээнд ашиглах зөвшөөрөл олгох шалгалт ид явагдаж байна. Хятадын вакциныг илүү олон улс оронд өргөнөөр хэрэглэгдэж, хүн төрөлхтний цар тахлын эсрэг тэмцэлд илүү том үүрэг гүйцэтгэнэ гэдэгт би итгэлтэй байна.

Эх сурвалж: Улаанбаатар дахь БНХАУ-ын ЭСЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж