Монгол Улс эхний ээлжинд дараах дөрвөн төрлийн вакцинаар ард иргэдээ дархлаажуулахаар болсон билээ. Үүнээс хоёр нь одоогоор ДЭМБ-ийн албан ёсны зөвшөөрөлтэй байгаа юм. Covid-19-ийн эсрэг вакцинжуулалт өнөөдөр /2021.02.23/ эхэлнэ.
Хүн амын 60 хувийг, хоёр тунгаар вакцинжуулахад 2021 оны арваннэгдүгээр сар гэхэд хоёр сая гаруй иргэнээ бүрэн хамруулна гэж Эрүүл мэндийн яам тооцоолсон. Бүх нийтийн вакцинжуулалтад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамгийн эхэнд хамрагдаж, "AstraZeneca"-ийн вакциныг хийлгэж ард иргэдээ дархлаажуулалтад уриалах бол дараа нь Эрүүл мэндийн сайд С.Энхболд мөн адил уг вакциныг тариулахаа мэдэгдсэн. Ингээд Монгол Улсын иргэдэд хийх дөрвөн төрлийн вакцины мэдээллийг хүргэе.
“ASTRAZENECA/OXFORD UNIVERSITY”-ИЙН ХАМТРАН БҮТЭЭСЭН ВАКЦИН
ДЭМБ зөвшөөрсөн хоёр вакцины нэг нь Astrazeneca. Нэг бүр нь дөрөв орчим ам.долларын үнэтэй уг вакцин нь 62-90 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд энгийн хөргөгчний температурт хадгалж, тээвэрлэж болно. 28 хоногийн зайтай хоёр тунг хийлгэнэ. Энэхүү вакциныг Өмнөд Солонгосын “SK Bioscience” компани “AZD1222” нэрээр, Энэтхэгийн “Serum” институци “Covishield” нэрээр үйлдвэрлэж байгаа. Өмнөд Солонгосын “SK Bioscience” компанид үйлдвэрлэгдэж буй “AZD1222”вакциныг Австрали, Өмнөд Солонгос, Испани, Нидерланд, Норвеги, Их Британи тэргүүтэй 48 улс бүртгэн авсан бөгөөд Их Британи, Энэтхэг, Япон зэрэг 13 улсад 18 удаагийн туршилт, судалгаа явуулжээ. Харин Энэтхэгт үйлдвэрлэгдэж буй "Covishield" вакцины хувьд Өмнөд Африк, Нигер, Афганистан, Бангладеш, Энэтхэг зэрэг 11 улсад бүртгэгдсэн байна. Оксфордын их сургуулийн эрдэмтэд уг вакцины клиникийн туршилтын гуравдугаар үе шатны завсрын үр дүнг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд танилцуулсан.
Туршилтад хамрагдсан оролцогчдод вакцины нэг болон бүтэн тунг нэг сарын зайтай тарьж туршжээ. Эхний нэг тун тариулсан хүмүүст 90 хувийн дархлаа тогтсон бол хоёр бүтэн тунг нэг сарын зайтай тарьж туршихад 62 хувийн үр дүнд хүрсэн нь дэлхий нийтийг эргэлзээнд оруулсан.
Харин 2021 оны хоёрдугаар сарын 3-нд танилцуулсан клиникийн туршилтын гуравдугаар үе шатны судалгаанд хийсэн дүн шинжилгээний үр дүнгээр вакцины эхний тунг тариулсны дараа вирусийн эсрэг 76 хувийн үр дүн үзүүлсэн бол хоёр дахь тунг хийсний дараа дээрх үр дүнгээ хадгалж байгааг тогтоосон. Мөн хоёр тунгийн тарилгыг 12 долоо хоног болон түүнээс дээш зайтай хийсэн тохиолдолд вирусийн эсрэг 82 хувь хүртэл үр дүн үзүүлжээ. Astrazeneca вакцины гол амжилт нь “Covid-19”-ийн халдвараар хүндээр өвчлөхөөс 100 хувь хамгаалсан гэх өндөр үр дүнд хүрсэн юм.
Германы мэргэжилтнүүд уг вакциныг 65-аас дээш наснынханд хийхгүй байхыг анхааруулсан. Энэхүү вакцины туршилтад хангалттай тооны өндөр настнуудыг хамруулаагүй учир энэ насны хүмүүст аюулгүй гэх баталгаагүй гэж үзжээ. Харин Их Британи улс дээрх вакциныг ямар нэг насны хязгаарлалтгүй ашиглаж байгаа бөгөөд үр дүн сайтай, аюулгүй байгааг эрүүл мэндийн байгууллагууд нь мэдээлсэн.
“PFIZER/BIONTECH”-ИЙН ХАМТРАН БҮТЭЭСЭН ВАКЦИН
"BNT162b2" бол ДЭМБ-ийн зөвшөөрөл авсан анхны вакцин. Нэг бүр нь 19,5 ам.долларын үнэтэй. Хамгийн өндөр буюу 95 хувийн дархлаа тогтоосон. Хадгалах, тээвэрлэх нөхцөлийн хувьд цельсийн -25-аас -15 хэм. 21 хоногийн зайтай хоёр тунг хийлгэнэ. Дэлхий нийтийн хамгийн том найдлага болоод буй уг вакциныг нийт 60 улс орон бүртгэжээ. Есөн улсад есөн удаагийн туршилт судалгаа хийж, үр дүнгээ баталгаажуулсан байна. Дэлхийд вакцинжуулалтаар тэргүүлж буй Израиль улсад энэ вакциныг хийлгэсэн 12 мянган хүн covid-19-ийн халдвар авсан талаар тус улсын эрүүл мэндийн байгууллага өнгөрсөн сард мэдээлсэн. Вакцин хийлгэсэн нийт 189 мянган хүнийг шинжилгээнд хамруулахад зургаан хувьд нь буюу 12 мянга гаруй нь covid-19 илэрсэн байна.Үүнээс 69 хүн нь хоёр дахь удаагийн тунгаа хийлгэсэн хүмүүс байсан бол үлдсэн нь эхний тунгаа хийлгэсэн хүмүүс байжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр 1410 хүн эхний тарилгаас хойш хоёр долоо хоногийн дараа халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд ийм хугацаанд хэсэгчилсэн дархлаа тогтчихсон байх ёстой аж.
Мөн Норвегид “Pfizer/BioNTech”-ийн вакцин хийлгэсэн 23 хүн нас барсан талаар тус улсын Эмийн агентлаг нэгдүгээр сард мэдээлж байв. Европын холбоо өнгөрсөн арванхоёрдугаар сарын 21-нд дээрх вакциныг олон нийтэд хэрэглэхийг зөвшөөрсөн бөгөөд Норвеги улс нь арванхоёрдугаар сарын 27-ноос хүн амаа вакцинжуулж эхэлсэн юм. Вакцинжуулалтад нэн тэргүүнд асрах газарт амьдардаг өндөр настнуудаа хамруулж эхэлсэн бөгөөд нас барсан хүмүүс бүгд 80-аас дээш насны дархлаа султай хүмүүс байсан аж. Иймд тус улсын эрүүл мэндийн байгууллагууд зөвлөмжөө өөрчилж, хүнд, суурь өвчтэй өндөр настнуудад уг вакциныг хийхгүй байхаар болсон. Түүнчлэн дээрх нас баралтууд вакцинтай холбоотой эсэхийг шалгаж байгаа.
ХЯТАДЫН “SINOPHARM”-ИЙН ВАКЦИН
Хятад улс дотооддоо албан ёсоор бүртгэсэн "BBIBP-CorV" уг вакцин нь covid-19 өвчний эсрэг 79 хувийн үр дүн үзүүлсэн бөгөөд нэг бүр нь 32 орчим ам.долларын үнэтэй. Энгийн хөргөгчинд хадгалж, тээвэрлэх боломжтой ба 21 хоногийн зайтай хоёр тунг хийлгэнэ. Дэлхийн 14 улс /Арабын Нэгдсэн Эмират, Хятад, Унгар, Пакистан гэх мэт/ энэхүү вакциныг хэрэглэхээр бүртгээд байгаа ба долоон улсад зургаан удаагийн туршилт, судалгаа хийжээ.
Хятад улс энэ вакциныг хөгжиж буй 53 оронд буцалтгүй тусламжаар нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд одоогоор 20 гаруй улсад экспортолж байна. Хятадын вакцины хувьд ихэвчлэн хөгжил буурай улс орнуудад вакцинаа хандивлах замаар дэлхий нийтэд тарааж байгаа нь цар тахлын улмаас сэвтсэн нэр хүндээ өргөх оролдлого гэж судлаачид харж байна.
ОРОСЫН "SPUTNIK V" ВАКЦИН
ОХУ дотооддоо бүртгэн ашиглаж байгаа энэ вакцин нь 91,4 хувийн үр дүнтэй бөгөөд нэг бүр нь 10 орчим ам.долларын үнэтэй. Энгийн хөргөгчний температурт хадгалах бөгөөд 21 хоногийн зайтай хоёр тунг хийлгэнэ. Эхэндээ үр дүнгийн хувьд эргэлзээ дагуулж байсан уг вакциныг саяхан барууны зарим улс оронд хүлээн зөвшөөрчээ. 91,4 хувийн дархлаа тогтоодог болох нь нотлогдсон уг вакциныг дэлхийн 26 улс бүртгэн авчээ. Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний төвийн эрдэмтэд уг вакцин нь олон арван жилийн турш судлагдсан, шинжлэх ухааны платформ дээр суурилан бүтээгдсэн учир аюулгүй. Энэхүү платформыг генийн эмчилгээнд зориулан 25 жилийн турш хөгжүүлж, судалсан бөгөөд 2014 оноос сүүлийн жилүүдэд хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй вирусуудтай тэмцэх эм үйлдвэрлэхэд ашиглаж байсан. Үүнтэй ижил платформыг Эбола, MERS болон бусад өвчний эсрэг вакцин боловсруулахад ашигласан. Эбола вирусийн эсрэг вакциныг маш богино хугацаанд 15 сарын хугацаанд бий болгоход бидний ашиглаж буй энэ платформ маш чухал үүрэг гүйцэтгэсэн хэмээн Оросын мэргэжилтнүүд хэлж байв.
ОХУ өнгөрсөн оны наймдугаар сард эмнэл зүйн туршилт нь ч дуусаагүй байхад дотооддоо бүртгэн, арванхоёрдугаар сараас хэрэглэж эхэлсэн. Гэхдээ уг вакциныг ДЭМБ-аас өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөөгүй байгаа юм. Нийт зургаан улсад 15 туршилт, судалгаа хийсэн байна. “Sputnik V” вакцин нь хадгалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардлагагүйн дээр, хөлдөөж, хатаасан хэлбэрээр хадгалах боломжтой байдлаар шийдэж байгааг албаны хүмүүс мэдээлсэн.
ХАДГАЛАЛТ БА САНХҮҮЖИЛТ
Монгол Улсад вакцин хадгалах гурван түвшний тоног төхөөрөмж бэлтгэсэн байна. Тодруулбал, +2 хэмээс +8 хэмд хадгалах, -20 хэмд хадгалах, -70 хэмийн хэт гүн хөлдөөгч байгаа ба хамгийн онцгой нөхцөлтэй “Pfizer”-ийн вакциныг хадгалах 26 ширхэг хөлдөөгч байгаагийн тавыг нь ХӨСҮТ-ийн Вакцин, биобэлдмэлийн агуулахад байрлуулсан. Тэдгээрт нийт 800 мянга гаруй хүн тун вакциныг хадгалах багтаамжтай. Бусад 21 хөлдөөгчийг аймаг, дүүрэг рүү хуваарилахаар нөөцөд авсан. Эдгээр нь тус бүр 100 литрийн багтаамжтай.
Санхүүжилтийн хувьд Дэлхийн Банкнаас гаргаж буй Mонгол Улсад Covid-19 цар тахалтай тэмцэх яаралтай тусламж, эрүүл мэндийн тогтолцооны бэлэн байдлын төслийн хүрээнд 50.7 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгосон бол Сангийн яамнаас 226 тэрбум төгрөгийг вакцинжуулалтын хөтөлбөрт хуваарилжээ. Энэтхэгийн Засгийн газраас хандивлаж буй 150 мянган тун “AstraZeneca”-гийн вакцин, Засгийн газар өөрийн хөрөнгөөр худалдан авч буй “Pfizer”-ийн 125 мянган тун вакцин өчигдөр ирсэн.
Мөн Хятад улсаас “Sinopharm”-ийн 300 мянган тун вакцин хандивлаж байгаа ба ОХУ-аас мөн 20 мянган тун “Sputnik V” вакциныг хандивлахаар болсон тухай мэдээлэл гараад байгаа юм. Харин ДЭМБ-ын вакциныг тэгш хуваарилах “COVAX” хөтөлбөрийн хүрээнд хуваарилагдах “AstraZeneca”-ийн вакцинаар Монгол Улс 690 гаруй мянган хүн амаа вакцинжуулахаар төлөвлөжээ.
ЯМАР ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭ СОНГОХ БОЛОМЖТОЙ
Вакцин хийлгэх үйл явц сайн дурынх байдаг. Хуульд заасны дагуу иргэн дархлаажуулалтад хамрагдахгүй бол бичгээр баталгаажуулж авах юм байна. Түүнчлэн Монгол Улсад оруулж ирсэн вакцинуудаас өөрийн сонголтоор хийлгэх боломжтой. Харин эрүүл мэндийн салбар гэх мэт зайлшгүй хийлгэх шаардлагатай зорилтот бүлгийн хувьд хуульд зааснаар заавал вакцинжуулалтад хамрагдах ёстой. Дараах тохиолдолд вакцин хийлгэж болохгүй бөгөөд тухайн хүнд вакцин хийх эсэхийг эмчийн үзлэгээр шийднэ. Үүнд:
- 18 нас хүртэлх хүүхдүүд
- Харшилтай хүмүүс
- Өндөр халуурч буй хүмүүс
- Халдварт өвчнөөр өвдсөн хүмүүс
Харин Covid-19-ийн халдвар аваад эдгэсэн хүмүүсийн хувьд гурван сарын дараа вакцин хийлгэхийг эрдэмтэд зөвлөж байна. Түүнчлэн зарим улс орнуудад эдгэсэн хүмүүсийг нэг тунгаар дархлаажуулахыг зөвлөмж болгож байна.
ВАКЦИНЫГ ХЭН ЯМАР ДАРААЛЛААР ХИЙЛГЭХ ВЭ?
Вакцинжуулалтад хамрагдах шат дараалал, хүн амын эзлэх хувийг дараах байдлаар гаргажээ.
- Эрүүл мэндийн салбарын нийт ажилчид /56.047/ 1.7 хувь
- Хариу арга хэмжээний багт ажиллаж буй бусад салбарынхан (онцгой байдал, цагдаа г.м) /52.750/ 1.6 хувь
- 50-иас дээш насны хүн ам /583.545/ 17.7 хувь
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд /230.781/ 7 хувь
- Суурь өвчтэй хүмүүс (зүрх судас. чихрийн чижин, хорт хавдар г.м) /276.937/ 8.4 хувь
- Дайчлах боломжтой ажиллагсад (вакцинжуулалт хариу арга хэмжээний багт ажиллана) /65.937/ 2 хувь
- Стратегийн ач холбогдолтой салбарын ажилчид (хил, гааль, нүүрс тээврийн жолооч г.м) /329.687/ 10 хувь
- Бүх шатны боловсролын байгууллагын ажилчид /69.234/ 2.1 хувь
- Вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай бусад хүн ам /313.202/ 9.5 хувь
ВАКЦИН ХИЙЛГЭХИЙН ӨМНӨ БА ДАРАА АНХААРАХ ЗҮЙЛС, ГАЖ НӨЛӨӨ
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн хэлснээр дархлаажуулалтын нэг дэх тун 70 гаруй хувь, хоёр дахь тунг хийлгэсэн тохиолдолд 95-96 хувь тус вирусээс хамгаална. Хоёр тун хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараагаар дархлаа үүснэ. Ингээд вакцин хийлгэхээс өмнө ба дараа анхаарах зүйлс болон вакцины хариу урвал хэрхэн илрэх талаар ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийг хүргэе.
ВАКЦИН ХИЙЛГЭСНЭЭР ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?
Мэдээж, энэ нь өөрийгөө болон гэр бүлээ, орчин тойрныхоо бусад хүмүүсийг цар тахлын эрсдэлээс хамгаалах арга юм. Мөн зарим зарим улс орнууд вакцин хийлгэсэн иргэдээ бүртгэлжүүлж сертификат олгож, ийм батламжтай хүмүүсийг улсынхаа хилээр саадгүй нэвтрүүлэх тухайгаа мэдэгдээд байгаа юм.
Монгол Улсын хувьд ч энэ жишгийг дагаж вакцинжуулалтын хоёр тунг бүрэн хийлгэсэн иргэнийг хурууны хээ болон иргэний үнэмлэхний QR кодыг идэвхжүүлэн, гадаадад зорчих пасспорт олгох ажлыг эхлүүлээд байгаа аж. Монгол Улсын хилээр орж ирж байгаа иргэдэд ч ийм шаардлага тавих байгаа аж.