Эрчим хүчний зураг төсөл, угсралтын байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, мөрдөгдөж буй норм, дүрэм, стандартыг сайжруулах зорилготой “Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага” сэдэвт зөвлөгөөн 2016 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар Дулааны шугам сүлжээ ТӨХК-ны байранд боллоо.
Эрчим хүчний яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн, Эрчим хүчний зураг төсөл зохиогчдын холбоо ТББ, Эрчим хүчний барилга угсралт, засварчдын холбоо ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа энэ зөвлөгөөнийг нээж ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Дэд бүтцийн хяналтын газрын дарга Д.Жаргал нар үг хэллээ.
ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлсэн үгэндээ “Эрчим хүчний барилга байгууламжийн зураг төсөл, угсралтын ажилд гарч буй хүндрэл бэрхшээл, түүнээс гарах арга замыг тодорхойлох, үнэлэлт, дүгнэлт өгөх, цаашид тавигдах шаардлагыг өндөржүүлэх, зураг төслийн боловсруулалт, угсралтын ажлын чанарыг сайжруулах, хууль, эрх зүйн баримт бичгийн шинэчлэх, боловсон хүчний мэргэшил, чадавхи дээшлүүлэх, программ хангамж, техник тоног төхөөрөмжийн өнөөгийн нөхцөл шаардлагыг нийцүүлэх талаар хэлэлцэн зөвлөлдөж, цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай тодорхой шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэв.
“Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага” зөвлөгөөнд салбарын болон зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий 53 аж ахуйн нэгж, байгууллагын 101 инженер техникийн ажилтан, эксперт, удирдах ажилтнууд оролцож, “Эрчим хүчний зураг төсөлд зонхилон гарч буй зөрчил дутагдал, гарах арга зам”, ”Эрчим хүчний зураг төсөл хийж байгаа өнөөгийн байдал, тавигдаж буй шаардлага”, “Орчин үед зураг төсөл хийхэд программ хангамж, шинэ техник, технологи ашиглах нь” гэх мэт сэдвүүдээр 13 илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Мөн зөвлөгөөнд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Б.Сандуйжав нар болон албаны бусад хүмүүс оролцож үг хэлж, санал бодлоо илэрхийлэв.
“Эрчим хүчний барилга байгууламж, түүнд тавигдах шаардлага” зөвлөгөөнд оролцогсдоос Зөвлөмж гарган салбарын төрийн захиргааны төв байгууллага, үйлдвэр, компаниуд, эрчим хүчний барилга байгууламж зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудад хүргүүлэхээр тогтлоо.
Г.БААТАР