Цаг уур, орчны шинжилгээний газраас энэ долоо хоногт ихэнх нутгаар хүйтний эрч суларч, дулаарна гэж мэдээлжээ. Гэхдээ зарим нутгаар цас орж, цасаар шуурахыг анхааруулжээ. Тухайлбал, хоёрдугаар сарын 24-нд Хэнтэйн уулархаг нутаг болон Онон, Улз голын сав газраар ялимгүй цас, хоёрдугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, хоёрдугаар сарын 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, хоёрдугаар сарын 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Салхи хоёрдугаар сарын 24-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, хоёрдугаар сарын 25-нд Алтайн салбар уулсаар, хоёрдугаар сарын 26-нд нутгийн баруун хагаст, хоёрдугаар сарын 27-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 5-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Хоёрдугаар сарын 26-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.
Холбоотой мэдээ