Ядуу байхад гадаад харилцаа амархан байжээ

Хуучирсан мэдээ: 2010.08.10-нд нийтлэгдсэн

Ядуу байхад гадаад харилцаа амархан байжээ

Монголын Энхтайван, найрамдлын нийгэмлэгийн ерөнхийлөгч,  түүхийн ухааны доктор Д.Цахилгааныг “Ярилцах танхим”-даа урьж ярилцлаа.

-Манай улсын гадаад харилцааны түүхэнд Мон­гол Улсын тусгаар тогт­нолыг 1911 оноос эхлэн тоолдог. Ирэх жил тохиох түүхт 100 жилийн ойд зориулсан номыг бичилцэж буй таны амьдралын нэгээхэн хэсэг ч гадаад харилцааны сал­бартай салшгүй хол­боотой байх. Энэ салбарт та хэдэн жил зүтгэж байна?

-Өөрийгөө томруулж хэлбэл би гадаад харилцааны салбараас ажлын гараагаа эхэлсэн гэж хэлж болно. Олон нийтийн гадаад харилцааны ажилд 1963 оноос эхэлж оролцсон. Их сургууль төг­сөөд Говь-Алтай аймагт най­рамдлын нийгэмлэгийн на­рийн бичгийн дарга, Энхтайван, найрамдлын тов­чооны нарийн бичгийн дар­гаар ажиллаж байлаа. Түү­нээс хойш энэ бай­гуул­ла­гадаа зааварлагч, орлогч дарга, даргаар олон жил ажил­лаж, өөрөөр хэлбэл ар­дын дипломат байлаа шүү дээ. Дараа нь МАХН-ын Төв Хороонд ажиллаж байх­даа Гадаад байдал, аюул­гүй байдлын байнгын хо­роо­ны орлогч дарга, на­рийн бичгийн дарга, Мон­голын парламентын бүл­гэ­мийн хариуцлагатай на­­рийн бичгийн дарга гэх мэ­тээр төр, олон нийтийн га­даад харилцаанд оролцож бай­сан. Ингээд 1990 оноос хойш Гадаад явдлын яаманд ажилласан.
Тэгэхээр лав төрийн дипломат албанд 20-оод жил ажилласан.

-Тэгвэл анх ардын дипломат байснаас нь тооцвол 100 жилийн түүхийн бараг тал нь танд хамаатай болж таарах нь?

-Үүний талд нь ардын, үлдсэн хугацаанд төрийн дипломат байсан гээд бодохоор тэгж хэлж болно. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд гэдэг хамгийн дээд цолыг нь хүртсэний хувьд яах аргагүй дипломат юм даа. Эхлээд МУИС-ийг орос хэл, утга зохиолын багшаар төгссөн. Хожим нь Москвад Намын дээд сургууль төгссөнөөрөө улстөрч, нийгмийн ухааны академид цол хамгаалснаар түүхийн ухааны доктор болсон эрдэмтэн хүн. Тиймээс гадаад харилцааны түүхийг бичилцэх нь миний хувьд ариун үүрэг юм.

-Дипломатчдыг улс төрөөс ангид авч үзэх аргагүй. Тухайлбал, таныг улстөрч гэвэл хүлээн зөвшөөрөх үү?

-Иргэн хүн өргөн утгаараа улс төрөөс ангид байх боломжгүй. “Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарна” гэдэг үг ч үүнтэй холбоотой. Хууль гэдэг чинь нийгэмчлэлийн шинж. Энэ талаар монголчууд төрт ёсны тулгуур тогтолцоогоо тэртээх XIII зуунд бий болгосон. Өнөөгийн дипломат ёсны эхийг тавьсан түүхэн гавьяатай улс. Би ч гэсэн тухайн үеийн төр засгийн гадаад харилцааны асуудлыг эрхэлдэг хоёр, гурван сувгийг барьж ажилласны хувьд өөрийгөө улс төрөөс яаж ангид байсан гэж хэлэх билээ.

-Та Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар найман жил ажилласан. Энэ цаг үе ардчиллын он жилүүдэд, тэр тусмаа Монгол, Хятадын харилцааны идэвхжлийн үед тохиосон. Үүний жаргал, зовлон юунд байв?

-Таны хэлж байгаа харилцааны зовлонгийн ихэнх нь 1994 онд намайг очиход нэлээд цаашилчихсан байсан. Тиймээс би их азтай Элчин сайд. Учир нь 1994 онд тэр үеийн Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Пэн Сүхбаатарын талбайдаа өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан болж байсан тэр амаргүй үед Монгол Улсад айлчилсан. Энэ үеэр одоогийн манай хоёр орны харилцааны тулгуур баримт бичиг буюу Монгол Улс-БНХАУ-ын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан юм. Мөн тэр жил УИХ “Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг баталсан. Тэгэхээр миний зорилт маш тодорхой болж, энэхүү найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг хэрэгжүүлэх болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гадаад харилцааны өрнөлийн үед Элчин сайдаар очсон хэрэг л дээ. Тийм ч учраас манай хоёр орны харилцаа тал бүрийн хүрээнд гайхалтай өргөжин хөгжсөн. Ингээд Монгол Улс 1997 онд л гэхэд худалдааны үзүүлэлт тэргүүлэх байранд орж, зээл тусламж, хөрөнгө оруулалт гээд бүх талын хамтын ажиллагаа эрс сайжирсан.

-Цаг үеийн нөхцөл байдал тэгж таарав уу. Таныг очсоноор байдал тэгж нааштайгаар эргэсэн хэрэг үү?

-Би Монгол Улсаас  БНХАУ-д суухаар томилогдсон 12 дахь Элчин сайд. Манай улс  өмнөд хөрштэйгээ 1949 онд дипломат харилцаа тогтоогоод 1950 онд анхны Элчин томилогдсон байдаг. Үе үеийн Элчин сайдыг томилсон байдлыг харахад олон улсын байдал, их гүрнүүдийн хоорондын харилцаа ямар байгаагаас шалтгаалан тухайн цаг үед тохирох хүнийг олж тавьдаг байсан юм уу гэж санагддаг. Улс төрийн харилцааны тулгуур зарчим гэдэг чинь хэн нэгэндээ таалагдахаас эхлэх бус заавал цаасан дээр гэрээ хэлэлцээр байгуулж, гарын үсэг зуралцаж байж баталгааждаг эд. Гадаад харилцааны идэвхжлийн тэр цаг үед дээрх гэрээ хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхийн тулд нэлээд өргөн цар  хүрээтэй ажиллах хүн хэрэгтэй байсан болов уу. Соёл хүмүүжлийн харилцаа ихээхэн өргөжсөн тэр байдал зэргийг харгалзан тухайн цаг үедээ л таарсан нь гэж үзээд намайг томилсон байх гэж боддог.

-Тэгвэл өнөөдрийн байдлаар Монгол-Хятадын харилцааг та ямар түвшинд байна гэж хэлэх вэ. Таныг Элчин сайдаар ажиллаж байсан үеийнхээс ямар ялгаатай вэ?

-Хятад улстай бид өнөөдөр сайн хөршийн, харилцан итгэлцсэн, түншлэлийн харилцаатай байгаа. ОХУ-тай стратегийн түншлэлтэй, Энэтхэгтэй соёлын түншлэлтэй  гэх мэтчилэн. Эдгээр үгийг задлаад ойлгоход л харилцааны түвшин нь мэдэгддэг. Зөвлөлт холбоот улсыг бидний үед “ах нар” л гэдэг байсан. Энэ нь стратегийн утга агуулгатай. Эцсийн бүлэгт хэчнээн нүгэл хийсэн, оросууддаа хэрхэн үнэлэгдэх нь  хамаагүй,  Сталин гэдэг сахалтай  багш маш хатуу зогсч байж, Монгол Улсын тусгаар тогтнол баталгаажсан гэх мэтийн хаяж болшгүй түүхийн улбаан дээр стратегийн түншлэл явж байдаг. 1921 оны хувьсгал, 1939 оны Халх голын дайн, эх орны дайн гээд бүгд яаж ч болшгүй түүхэн баримт олон бий. Тиймээс ч манай улс гадаад харилцааны үзэл баримтлалдаа “Монгол Улсын гадаад харилцааны гол үзэл санаа нь хоёр хөрштэйгээ тэргүүлэх чиглэлээр харилцана” хэмээсэн байдаг. Үүнийг биднээс гадна дэлхий хүлээн зөвшөөрдөг.

-Харин гуравдагч хөршийн тухайд хэрхэн ойлговол зохих вэ?

-Олон улсын харилцааг хөтлөн яваа хүчирхэг гүрнүүд үүнийг зөвшөөрөөд “Бид гуравдагч хөрш чинь байя” гэж байна шүү дээ. Ерөөсөө хоёр хөршөөс гадна хил залгаа биш боловч Монгол Улстай тал бүрээр найрсаг харилцан хамтран ажиллая гэж байгаа гуравдагч хөршөө гэж үздэг. Бид жижиг орны хувьд эрх ашгаа хамгаалах, эвлэлдэн нэгдэхийн тулд олон улсын зарим байгууллагуудтай нэгддэг. НҮБ-д саналаа тавихад том гүрнүүд “Дэлхийн хэмжээний том асуудал юм байна” гэж үзэх ач холбогдолтой учраас дуу хоолой, үзэл санаагаа бусадтай нэгтгэн хүргэхээс өөр аргагүй. Зөвхөн нэг том гүрэнд наалдаад байвал нөгөөдүүл нь буруу хараад суучихна шүү дээ.

-Гэтэл өнөөгийн нөхцөлд, ялангуяа бизнесийн салбарт энэ байр суурьт ямар нэг өөрчлөлт орох төлөв байна уу. Тухайлбал, уул уурхайн салбарт зөвхөн хоёр хөрштэйгээ тэргүүлэх чиглэлээр хамтарна гээд суугаад байж болохгүй боллоо. Гуравдагч хөршийг илүү гэж үзэхээр хоёр хөршийн зүгээс таатай хандахгүй байх төлөвтэй гэх мэтчлэн асуудал үүсч эхэллээ?

-Энэ асуултад хариу хэлэхэд надад хэцүү байна. Би энэ салбараас тун хол хүн. Иргэн хүний бодлоо хэлэхэд ядуу байхад харилцаан дээр үнэхээр асуудалгүй амар байжээ. Дэлхийн бодлогын нэгэн халуун цэг нь бид болоод байна шүү дээ. Яагаад гэвэл дэлхийн хэмжээнд эрчим хүчний эх үүсвэрийн асуудал хамгийн чухал болсон. Хүн төрөлхтөн анх үүсэхэд гал ямар хэрэгтэй байлаа, тийм хэмжээний хэрэгцээ шаардлагатай байна. Гэтэл тэр нь маш хязгаарлагдмал олдоцтой аж. Өндөр хөгжилтэй орнууд өөрийнхөө нөөцөө тооцсон, эсвэл байснаа хэрэглээд дуусч буй энэ үед манай өнөөдрийн баялаг, бурхнаас заяасан үүцээ бид нээгээд байна. Дэлхий нийт ч мэддэг боллоо. Ийм үед бид баялагтай байхын зовлонг үзэж байна, их нарийн байдаг ажээ. Бүгдийг нь хоёр хөршдөө өгчихвөл гуравдагч хөршүүд яах вэ. Гадаад бодлогын үзэл баримтлалд “Олон тулгуурт” хэмээн тодорхойлсны учир энэ. Гадаад харилцааны үзэл баримтлалыг шинэчлэн баталсны гол ач холбогдол нь хоёр хөрштэй тэнцвэртэй, аль нэгнээс нь хараат бус байхыг тусгаж чадсан. Ингэснээр  Кремлиэс ч, Бээжингээс ч Монголд асуудлаа тулгаж чадахгүй болсон. Гэхдээ одоо ч гэсэн нефтийн бүтээгдэхүүн, эрчим хүчний импортоор ОХУ-аас эдийн засгийн хараат байдалд байгаа нь бидний амьдралд нөлөөлсөөр байна. Гадаад харилцаа бол ашиг сонирхлын уулзвар дээр хөгждөг. Бид гуравдагч хөршүүдийн ашиг сонирхлыг нь бий болгож байж тэдэнтэй харилцах харилцаа хөгжинө. Тэр сонирхлыг бий болгохын тулд хамтын ажиллагааны орон зай, объект үүсгэх хэрэгтэй.

-Өнөөдөр манайхаас аль нэг оронд суух Элчин сайдыг томилохдоо улс төрд зүтгэлтэй хэн нэгнийг шагнах хэрэгсэл болголоо, тал тохой татаж сонгосноос төрийн алтан аргамжааг нүдээ олоогүй хүнд атгууллаа гэсэн шүүмжлэлтэй та санал нийлэх үү?

-Нэгэнт хууль заасны дагуу явж байгаа болохоор яая гэх вэ. Гэхдээ би гадаад харилцааны аппаратад олон жил ажилласны хувьд үүнд үнэхээр шүүмжлэлтэй ханддаг. Яагаад гэвэл дипломат албанд удаан хугацаанд сурч ажиллаж бэлтгэгдсэн хүмүүсийн зам үүнээс болж хаагдаж байна. Намайг ингэж хэлэхээр олон хүн “Өөрөө мэргэжлийн дипломатч биш байж” гэх байх. Үнэн хэрэгтээ монголчууд энэ асуудалд туйлширч ханддаг. Эсвэл заавал мэргэжлийн байх ёстой, эсвэл заавал мэргэжлийн байх албагүй гэж. Миний хувьд тухайн цаг үеийн хөгжлийн хэрэгцээнд тохирсон, бэлтгэгдсэн хүн байх ёстой гэж боддог. Тусгаар улс л мөн бол гадаад харилцаатай байх учиртай. Тэндээ ажиллах шат шатны боловсрол эзэмшсэн хүн томилдог байх нь чухал. Сүүлийн хоёр ч удаагийн томилгоонд мэргэжлийн дипломатчийг түлхүү томилох хандлага ажиглагдсан нь сайшаалтай.

-Хэдийгээр та хөрш оронд Элчин сайдаар сууж байсан ч гэсэн Элчингийн ажилтнуудын нөхцөл байдлыг сайн мэднэ. Төрийн алтан аргамжаа болсон энэ хүмүүс үнэхээр тамхи зөөхөөс өөр аргагүй тийм хүнд байдалд ажилладаг гэж үү?

-Миний байсан зүгт бол тамхи зөөх талаар бодохын ч хэрэггүй. Европт яагаад тийм гажиг харагддаг болов гэхээр цаанаа учиртай. Хөгжингүй орнууд тамхины эсрэг тэмцэж, тамхины үнээ нэмжээ. Гэвч хэрэглэгчид нь таван доллараар тамхи аваад татах тэдэнд юу ч биш. Тэгтэл Москвагаас нэг доллараар аваад тэнд аваачиж зармаар санагдах нь жирийн хүний хувьд бол байх л асуудал. Харин үүнд дипломатууд оролцож байгаа нь үнэхээр харамсалтай. Дипломатууд сайхан амьдраагүй, ядуу. Энэ үнэн. Гэхдээ төрийн алтан аргамжааны түлхүүр гэгддэг энэ хүмүүс хэчнээн өлсч ядарсан ч ийм үйлдэл хийж болохгүй. Үүний цаана дипломатуудын нийгмийн асуудал байгаа. Хэзээ ч нөхцөл нь сайжрах билээ, эдийн засгийн боломж хаана байна. Өндөр цалин өглөө гээд уг асуудал хаагдах уу үгүй юу гэдэг эргэлзээтэй. АТГ-ын даргын цалин өндөр байвал авлига авахгүй гээд байсан. Өнөөдөр элдэв хэрэг төвөгт нэр холбогдоод л байна. Тиймээс цалингийн хэмжээгээр энэ асуудлыг шийдэхгүй байх. БНХАУ-д бол төрийн албан хаагчийн нэр хүндийг маш өндөрт тавьсан байдаг. Цалингаас гадна эмнэлэг, амралт, хүүхдийн сургалтын төлбөр зэрэг амьдралын бусад нөхцлийг сайн хангасан байдаг нь нэлээд зөв арга механизм юм уу гэж би боддог.

-Сүүлийн үеийн мэдээллээс харахад БНХАУ-д Монголын 14 иргэнийг хар тамхины хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм байна. Манай иргэн Байгальмаа гэдэг эмэгтэй ч мөн ийм хэрэгт холбогдон хүнд яланд унаад байгаа. Энэ тохиолдолд тэнд суугаа Элчин сайд юу хийж чадах вэ?

-Зүүн Өмнөд Ази, Дундад Азийн орнуудын  хувьд наркотик төрлийн бүх ургамал ургадаг байгалийн онцлогтой. Тиймээс Монгол Улс хар тамхины дамжин өнгөрүүлэх цэг болох аюул нүүрлээд байна. Хятадын түүхэнд хар тамхины эсрэг иргэний дайн хоёр удаа болж байсан. Ард түмнээ үүнээс хамгаалахын тулд сайн сурталчилж ойлгуулах хэрэгтэй. Манайхан их гудиггүй, гэнэн хүмүүс. Юуг нь мэдэхгүй зөөж шагналыг нь аваад амташсан байхыг үгүйсгэхгүй. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ гэж байдаг. Тэр гэрээнд хамрахгүй, хатуу үйлдлүүдийг ч тодорхой заасан байдаг. Тухайлбал намайг анх Элчин сайдаар очиход нэг айлын голомтыг самарч зургаан хүнийг гэрт нь алчихсан хоёр залуугийн хэрэг дуулиан тарьж байсан. Хэчнээн зүтгээд ч хуулийн шийдвэрт ямар ч нөлөө үзүүлж чадаагүй. Тэр ч байтугай цаазаар авсан хойно нь чандрыг авч ирүүлэхийн тулд их зүтгэсэн. Арайхийн авч иртэл ах дүү, төрөл садан нь авахгүй байлаа. Сүүлд нь манай консулын газрынхан чандрыг нь нутагт нь оршуулсан. Миний хувьд Байгальмаа гэдэг хөөрхий эмэгтэй тун хүнд байдалд орлоо. Хятадад хар тамхины асуудал үнэхээр хүнд заалттай. Тухайн үндэстний хууль тогтоомжийг яах ч аргагүй. Тус улсын урд хэсэгт “Алтан гурвалжин” гэж алдартай  газарт 5-6 төрлийн наркотик ургамлын тариалан байдаг. Санаатай, санаандгүй хэрэглэсэн бүхнийг шууд албадан эмчилдэг.

-Мөн манай иргэний эрхийг зөрчих, халдах явдлын хамгийн гашуун жишээ болсон Ш.Алтантуяагийн хэргийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Манай дипломат албаныхан энэ хэргийн талаар маш их зүтгэл гаргаж ажилласан. Би Малайзыг сайн мэдэхгүй. Ядахдаа тэнд манай Элчин сайдын яам ч байхгүй. Нэлээд мафиозны хэрэгт орооцолдсон юм уу гэж харагддаг. Иргэдэд биеэ зөв авч явахыг сайн сэрэмжлүүлэх хэрэгтэй. Санаандгүй явж байгаад л болгоомжгүйгээс болж осолдлоо гэж боддог. Би Байгальмааг ч гэсэн хар тамхи зөөж баяжиж байгаад баригдсан гэж яагаад ч бодож чаддаггүй. Ядуу зүдүүгийн эрхээр, нарийн учрыг мэдэхгүй, дээр нь хүнд тусархуу зангаасаа болж ийм алдаа эндэгдэл гаргадгийн л нэг жишээ юм.

-Үүнээс дутуугүй аюул дагуулсан хүний наймааны дамжин өнгөрүүлэх бааз болж мэдэхээр байгаа?

-Энэ  бол даяаршлын нэгэн сөрөг үр дагавар. Зүүн Өмнөд Азийн орнууд ч үүний хамгийн аюултай чиглэл мөн. Бүр түүхэн уламжлалтай гэж хэлж болно. Улмаар Америк, Европын орнууд руу халдварлаж байгаа. Зөвхөн бэлгийн дарамт гэхээсээ илүү зарц боолчлол, эд эрхтний наймаа зэрэг янз бүрийн байдлаар хүний наймааны далд бизнес хөгжсөөр байна. Хүүхэд үрчилж авч байгаа асуудлын цаана ч ямар зорилго байгааг мэдэхгүй. Дэлхийд алдартай хүмүүс олон хүүхэд үрчилж нэр хүндээ өсгөх моод дэлгэрч байгаа. Үүнээс гэмт хэргийн сэдэлтэйг яаж ялгах вэ гэдэг тун амаргүй. Үүнээс болгоомжлуулж сэрэмжлүүлэхээс өөр яах ёстойг үнэхээр хэлж мэдэхгүй юм.

-Энэ бусармаг хэрэг хэзээнээс үүдэлтэй гэж үздэг вэ?

-Хүйтэн дайн үргэлжилсэн 40 жилд бид өөрийнхөө хуяган дотор хаалттай байсан. Хүйтэн дайны төмөр хөшиг унаж, даяаршлын үйл явц эхэлсэн. Амьдрал ядуу байсан. Энэ бүх нөлөөллөөс үүдэн 1990-ээд оноос хойш л эхэлсэн гэж үзэж болох юм. Гол нь хүн бүр монголчууд цөөхүүлээ, жижиг улс гэдгийг санаж гадаадын улс оронд биеэ зөв авч явах, хянуур болгоомжтой байх л чухал.

-Өнөөдөр Хятадад хэчнээн монгол хүн амьдарч байгаа талаар та ямар мэдээлэлтэй байна?

-Хятадад байгаа монгол иргэний тоо дөрвөн сая гаруйд хүрээд байгаа. Мөн 300 орчим оюутан тэнд сурч байна. Гэрээгээр  буюу албан ёсоор ажиллаж байгаа хүн гэвэл маш бага тоо  гардаг.

-Тэгвэл яагаад хятадууд манайд ажиллах сонирхолтой байна вэ?

-Ажиллах хүч авах нь гадаад харилцаанд байдаг л зүйл. Гэхдээ манайхан ажлын байр хэчнээн хангалттай байсан ч хийдэггүй. Хятадуудын онцлог нь ажлын нөхцөл голдоггүй. Барилга барилаа гэхэд эхний давхрыг бариад л дотроо амьдардаг. Бусад орноос ажиллах хүч авахад бүгд тав тухтай амрах байр нэхэх жишээтэй.

-Дэлхийн монголчуудын чуулга уулзалт саяхан болж өнгөрлөө. Дэлхийн монголчууд гэдэг энэ ойлголтод ямар хүрээг хамруулах вэ, энэ ам бүлийн тоо хэд хүрээд байна вэ?

-Цаг үеэ олсон сэдэв байна. Буриад улсад саяхан болж өнгөрсөн дэлхийн монголчуудын дөрөвдүгээр чуулган болж өнгөрлөө.
Анхных нь Их  Монгол Улс байгуулагдсаны ойгоор тухайн үеийн Ерөнхийлөгч Н.Энхбаярын дэмжлэгтэйгээр Улаанбаатар, Хархоринд болж дэлхийн 30 гаруй орны төлөөлөгч ирж оролцож байсан. Дараа нь Халимаг, Австрид зохион байгуулаад энэ удаа Буриадад зохион байгууллаа. Өнөөдөр монгол угсаатан дэлхийгээр тархахдаа 12 оронд голлон төвлөрсөн гэж үздэг. Дэлхийн монголчууд гэдэг ойлголтын хүрээнд монгол туургатнаас гадна монгол судлаач, Монголд ажиллаж амьдарч байсан хүмүүс, мөн тоо нь маш цөөрсөн ч гэсэн бидний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө байлдаж явсан болон дипломат алба хашиж байсан хүмүүсийг Монголын анд нөхөд хэмээн үздэг. Даяаршлын энэ үед дэлхийд тархан суурьшсан монголчууд гэдэг маань үнэндээ XIII зуунаас хойш тархсан  улсыг хэлж байгаа хэрэг шүү дээ. Түүнээс хойш гэвэл жишээ нь өөрсдийгөө бидэнтэй ихээхэн хамааруулж ярьдаг Турк зэрэг тэс өөр хэл, соёл, иргэншилтэй боловч Хүннүгийн удам угсаагаараа нэг гэж үздэг улсыг дурдаж болно. Мөн VI-IX зуунд яг манай энэ газар нутагт оршин сууж байсан туркүүдийн чулуун дээр бичсэн баларшгүй хөшөө дурсгал Монголд 6000 гаруй байхад өөрсдөд нь байдаггүй. Үүнийгээ судлах, хэвийг нь авч нутагтаа босгохоор хичээж байна. Улс орон соёлжоод ирэхээрээ ийм л болох ёстой. Жинхэнэ монгол туургатан гээд байгаад нь хэл, соёлын  зөрүүг шалгуур болгон тавихаас өөр аргагүй. Халимагт болсон чуулганы үед Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулж шинэ үеийн буюу гадаадад ажиллаж амьдарч байгаа, холимог гэр бүл болсон хүмүүсийг урьж оролцуулсан.

-Тэгвэл яагаад Австрид энэ чуулганыг зохион байгуулах болов. Бодлого, зорилго байсан байх?

-Аливаа  юманд цаад утга гэж байдаг. Европын элэг зүрхэн дээр орших энэ оронд дэлхийн монголчуудын чуулганыг зохион байгуулахдаа Европын холбоо руу Монгол Улсын гадаад харилцааны тухайд том мессеж өгсөн гэж хэлж болно. Тодруулбал, улс орон, төр, засгаас  найрамдаж нөхөрлөе, хамтарч ажиллая гээд байгаагийн цаана ард түмний хүсэл сонирхол байна шүү гэсэн мессежийг Европын холбооны улс руу өгч байгаа хэрэг юм.

-Энэ мессеж хэр үр дүнд хүрэх бол?

-Үүний үр дүнг та бүхэн харж байгаа. Европын холбооны хамтын ажиллагаа, тэр тусмаа манайхтай хамгийн олон жил нөхөрлөж буй хуучин социалист гэгдэж байсан орнууд яаж хандаж байгаа талаар олон нийт мэдэж байгаа болохоор дүгнэлтээ хийх байх. Харин энэ удаа Улаан-Үдэд болсон чуулганаар даяаршиж буй энэ цаг үед хүн ам цөөнтэй Монгол Улсад  харилцаа, хамтын ажиллагааны ямар боломж байна, түүнийгээ ашиглах ямар хөшүүрэг байна вэ гэдгийг хэлэлцэхээр эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Цаг үе өөрчлөгдөөд байхад улс орнууд бие биеэ хуучнаар нь таньж мэдээд байх нь учир дутагдалтай юм. Буриад, Өвөрлөгчид, Дээд Монголчууд, Халимаг гээд он цагийн эрхээр хувь тавилангийн эргүүлэгт орж нэгэнт тархан суурьшсан улс орныг бид одоо яах билээ. Улс орны хил хязгаарыг өөрчлөх, тэднийг буцаан авч ирж, Их Монгол Улс байгуулалтай биш. Тиймээс монгол туургатан, угсаатнуудын хооронд соёл иргэншил дээр нь тулгуурласан хүмүүнлэгийн хамтын ажиллагаа зохион байгуулах хэрэгтэй. Гол зорилго нь Монгол үндэстнийг дэлхийд энэ чигээр нь хадгалъя гэвэл хэлийг нь хадгалах л асуудал хамгийн чухал.

У.Оргилмаа

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж