Токио-2020 зуны олимп дөхөх тусам Япон улс амжилттай наадмаа зохион байгуулах эсэх асуудал улам бүр олны анхаарлыг татаж байна. Яг жилийн өмнөх байдалтай харьцуулбал, өдгөө дэлхий даяар вакцинжуулалт эхэлж, итгэл найдварын оч үсэрч эхлэв.
Гэвч наадмын зохион байгуулагчид болон IOC буюу Олон улсын олимпийн хороо/ОУОХ/ вакцинд ач холбогдол өгч, олимпийг эрсдэлгүй зохион байгуулах түлхүүр нь вакцин гэж харахгүй байгаа аж.
ОУОХ-ны Хэвлэл мэдээллийн албаны дарга Лусиа Монтанарелла өнгөрсөн сард сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Үнэндээ Токиогийн олимпийн наадмыг вакцинаас үл хамааран төлөвлөгөөний дагуу зохион байгуулна. Вакцин бол бидний төлөвлөгөөний нэг хэсэг биш. Вакциныг бид чухалчлан авч үзэхгүй байгаа” хэмээн ярьжээ. Харин Токиогийн олимпийг зохион байгуулагчдын зүгээс баг тамирчид, дасгалжуулагчдыг PCR шинжилгээнд хангалттай олон давтамжтайгаар хамруулах хүсэлтэй байна.
ОУОХ болон ДЭМБ хамтран олимпийн наадамд оролцох тамирчдыг вакцинд хамруулна гэх мэдээ гарсан. Гэвч энэ мэдээ гарснаас хэдхэн хоногийн дараа ДЭМБ-ын зүгээс тамирчдыг вакцинд найдах хэрэггүй гэж мэдэгдсэн. Харин ОУОХ-ын ерөнхийлөгч Томас Бах "Баг тамирчид вакцин хийлгэх заавал албагүй. Гэхдээ олимп болон паралимпийн тамирчдыг вакцин хийлгэхийг уриалж байна” гэж ярьж байв.
ВАКЦИНД WADA-Д БҮРТГЭЛТЭЙ ХОРИОТОЙ БОДИСЫГ АГУУЛЖ БАЙГАА ЭСЭХИЙГ СУДАЛЖ БАЙНА
Вакцинтай холбоотойгоор WADA-ийн жагсаалтанд бүртгэлтэй хориотой бодисуудын талаарх яриа дэгдсэн. WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн шинжлэх ухаан, олон улсын түншлэл хариуцсан гүйцэтгэх захирал Оливье Рабин "Reuters" агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр тамирчдыг санаа зовох зүйлгүйгээр коронавирусийн вакцинд хамрагдаж болно. Гэхдээ 100 хувийн баталгаа өгч чадахгүй гэсэн. Тэрбээр “Вакцинд 100 хувийн баталгаа өгч чадахгүй ч допингийн шинжилгээний хариу эерэг гарах магадлал бараг тэг хувьтай. Онолын хувьд, нэг саяд эсвэл нэг тэрбумд нэг боломж бий. Хүмүүс надаас 100 хувь итгэлтай байна уу гэж асуувал би 99.9 хувь итгэлтэй байна. Допингийн шинжилгээнд бүдрэх магадлал супер бага” гэв.
Тэгвэл өчигдөр/2021.02.22/ ОХУ-ын Тасс агентлагийн мэдээлснээр WADA-ийн зүгээс тус улсын “Спутник V” вакцинд хийсэн эхний ээлжийн шинжилгээгээр тамирчдад ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлэх, хориотой бодис илрээгүй аж. Гэхдээ тус байгууллагын зүгээс вакциныг үйлдвэрлэгч компанитай холбогдож, “Спутник V” вакцины талаарх нарийн бүтэц, шинж чанарыг нь тодорхойлсон лавлагаа авахыг хүсчээ. WADA олон улсын эм үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажилладаг бөгөөд Оросын вакцинаас гадна "Pfizer", "AstraZenecа" зэрэг вакцинуудыг үйлдвэрлэж буй компаниудтай холбогдож, нарийн мэдээлэл, лавлагаа авахыг хүссэн гэнэ. Их Британийн допингийн эсрэг агентлагиас гаргасан мэдэгдэлд “Вакцины талаарх мэдэгдэл хийх эрт байгаа боловч энэ төрлийн вакцинууд хүний РНХ, ДНХ-ыг өөрчлөх, допингийн эсрэг журмыг зөрчих магадлал багатай гэдгийг WADA тогтоожээ. Гэхдээ вакцинд ашиглаж буй бодисууд нь урвалд орж болзошгүй учир WADA-аас дахин мэдэгдэл хийхийг хүлээж байна” гэжээ.
Вакциныг сөрөг нөлөө үзүүлдэг, WADA-д бүртгэлтэй хориотой бодисыг агуулдаг эсэхийг судалж байх хойгуур зарим улс орнууд олимпийн наадамд оролцох тамирчдаа вакцинд хамруулаад эхэлсэн.
Тухайлбал, Литвийн олимп, паралимпийн 82 тамирчин эхний ээлжинд вакцинд хамрагдсан байна. Тус улсын боловсрол, шинжлэх ухаан, спортын яамнаас тамирчдаа вакцинд хамрагдахыг зөвлөсөн бөгөөд үүний хүрээнд Латвийн сагсан бөмбөг, уртын харайлт, дугуйн спорт, марафон гүйлтийн болон паралимпийн гүйлтийн тамирчид "AstraZeneca" вакцинд хамрагджээ. Латвийн үндэсний олимпийн хорооны мэдээлж буйгаар ирэх Токиогийн олимпоос өмнө 290 гаруй тамирчин, дасгалжуулагч нараа вакцинд хамруулах аж. Тэдний адилаар Унгар, Серби, Израил зэрэг улсууд тамирчдаа вакцинд хамруулах ажилдаа хэдийнэ оржээ.
Унгарын тамирчид хоёр тунтай "Moderna" вакциныг хэрэглэж байгаа бол Сербийн тамирчид Оросын "Спутник-V", Хятадын “Синофарм” вакциныг, Израилийн тамирчид "Pfizer", "Moderna" вакциныг тус тус хэрэглэж байна.
Саяхан Өмнөд Солонгосын Ерөнхий сайд Чон Се Гюн улсынхаа тамирчдыг олимпийн наадамд оролцох гэж байгаа л бол вакцинд хамрагдах ёстой гэв.
ОХУ ИРЭХ САРААС ТАМИРЧДАА ВАКЦИНЖУУЛЖ ЭХЭЛНЭ
Харин Герман, Канад, Их Британи, Итали, ОХУ зэрэг улсууд тамирчдаа сайн дурын үндсэн дээр өөрсдийнхөө хүсэлтээр вакцинд хамрагдахыг уриалж байгаа. Гэвч тамирчид хоёр төрлийн байр суурьтай байна. АНУ-ын саадтай гүйлтийн тамирчин Коллин Куигли “Миний бодлоор АНУ-ын баг тамирчид нэг бодолтой байгаа байх. Бид вакцинд хамрагдаж, олимпийн наадамд эрсдэлгүй, аюулгүй оролцмоор байна. Гэхдээ юуны өмнө халдварын голомтод ажиллаж буй иргэд, алба хаагчид вакцинд хамрагдах нь зүйтэй. Тамирчид ээлжээ хүлээхэд бэлэн” гэж ярьсан бол өндрийн харайлтын дэлхийн аварга, Оросын шигшээ багийн тамирчин Мариа Ласицкене вакцин хийлгэхгүй гэдгээ илэрхийлсэн байна. Тэрбээр “Тамирчин хүний хувьд энэхүү вакцин миний бие махбодид хэрхэн нөлөөлөх бол гэж санаа зовж байна. Вакцинжуулалтыг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ гэсэн болохоор би татгалзаж байгаа” хэмээжээ.
ОХУ ирэх гуравдугаар сараас эхлэн тамирчдаа вакцинд хамруулахаар төлөвлөжээ.
"МОНГОЛЫН ТАМИРЧИД АЛЬ ВАКЦИН ХИЙХЭЭ СУДАЛЖ БАЙНА"
Монгол улсын хувьд одоогийн байдлаар энэ асуудал дээр хүлээцтэй хандаж байна. Энэ талаар Монголын үндэсний олимпийн хорооны албаны хүнээс лавлахад “ОУОХ-ны зүгээс вакциныг олимпийн наадмыг аюулгүй, найдвартай зохион байгуулах арга гэж харахгүй байгаа. Манай улсын тамирчид вакцинд хамрагдах байх. Гэхдээ энэ асуудал дээр биеийн тамир, спортын улсын хороотой зөвлөлдөнө” гэв. Харин биеийн тамир, спортын улсын хорооны үндэсний шигшээ баг хариуцсан албан хүнээс тодруулахад “Олон дахин PCR шинжилгээнд хамрагдаж байснаас вакцин хийлгэх нь дээр байх. Гэхдээ аль вакциныг хийлгэх вэ гэдэг дээр судалгаа шинжилгээ хийнэ. WADA, ОУОХ зэрэг байгууллагуудын санал, зөвлөмжийг сонсоно. WADA-аас албан ёсны хариу мэдэгдэл гаргасны дараа вакцинаар хангах ажилдаа орохгүй бол тамирчид допингийн шинжилгээнд бүдрэх, биед нь өөрчлөлт гарах магадлалтай. Мөн бид өөрсдөө вакцин авах уу, эсвэл ОУОХ-ноос вакцин илгээх үү гэх мэт асуудал бий. Удахгүй бүх зүйл тодорхой болно. Тэр болтол олимпийн хороотойгоо энэ талаар уулзалт хийнэ” гэв.
Ямартай ч улс орон бүр өөр өөрийн гэсэн байр суурьтай байна. Дашрамд сонирхуулахад, Олон улсын олимпийн хороо болон Токиогийн олимпийг зохион байгуулагчид наадмаа эрсдэлгүй зохион байгуулахад зориулсан эхний ээлжийн гарын авлага, журмаа танилцуулсан. Энэхүү гарын авлага, журмыг дэлхийн спортын арга хэмжээнүүдээс туршлага судалж, боловсруулсан гэнэ.
Тус гарын авлагад, тамирчдыг Японд ирэхээсээ өмнө PCR шинжилгээнд хамрагдаж, сөрөг гарсан байх ёстой гэж заажээ.
Харин Японд ирсэн хойно дөрөв хоногт нэг удаа шинжилгээнд хамрагдаж, нийтийн тээврээр зөвшөөрөлгүй зорчихгүй аж. Япон улс олимпийн наадмыг амжилттай зохион байгуулах бүхий л аргыг хэрэглэж байна.
Холбоотой мэдээ