Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын сургуулийн гурван багш нийлж, сурагч охидоо хүчирхийлсэн жигшүүрт хэрэг өнгөрөгч нэгдүгээр сарын 27-нд гарсан. Дээрх хэргийн тухай хохирогч охины ээж хэрэг гардаг шөнө цагдаад анх мэдэгдсэн бөгөөд тэрбээр “Охиныг үл таних залуучууд зочид буудалд хүчирхийлсэн” гэжээ.
Энэ хэргийг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад “Энэ хэргийг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Прокурорын байгууллагын зөвшөөрөлгүйгээр мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч охидыг “Зүүнхараа” мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцдаг байсан тухай хэлсэн юм. Харин тус мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн зүгээс “Манай сургуулийн багш, оюутнууд энэ хэрэгтэй огт хамааралгүй. Нэг хүүхэд нь манай мэргэжлийн сургалт, үйлдвэрийн төвд суралцахаар бүртгүүлээд, суралцаагүй гарсан юм билээ. Бусад нь ерөнхий боловсролын сургуулийн сурагчид байсан гэсэн” гэв.
Албаныхан шалгалтын ажиллагаа явуулахад 15 настай охиныг согтуурсан байх үед нь тус аймгийн харьяат 31 настай, эрэгтэй хүчирхийлсэн болох нь тогтоогджээ. Өөрөөр хэлбэл, үл таних залуучууд биш, сургуулийн багш нар нь хүчирхийлсэн болохыг тогтоон, гурван багшийг прокурорын зөвшөөрлөөр цагдан хорьсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны яаманд хохирогч охидын ар гэрийнхэн өргөдөл, гомдол ирүүлээгүй гэдгийг мэргэжилтэн хэлсэн юм.
Тухайн үед Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хуулийн байгууллага энэ хэргийг шалгаж байгаа, уучлалт хүсч байна гэсэн тайлбарыг өгсөн юм. Тэрбээр “Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын хоёр сургуулийн гурван багш архидан согтуурч, 12 дугаар ангийн хоёр эмэгтэй сурагчтай хууль бус харьцаанд орсон байж магадгүй гэж, цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл авсан. Хуулийн байгууллага шалгаад мэдээллээ өгөх байх” гэдгийг хэлж байсан юм.
Холбоотой мэдээ