Вакцин хийлгэсэн сертификатаа e-mongolia-с авна

Хуучирсан мэдээ: 2021.02.23-нд нийтлэгдсэн

Вакцин хийлгэсэн сертификатаа e-mongolia-с авна

Вакцин хийлгэсэн сертификатаа e-mongolia-с авна

Төрийн үйлчилгээ цахимд шилжээд багагүй хугацаа өнгөрч буй. Нэг үеэ бодвол эрүүл мэнд, боловсрол, иргэний бүртгэлийн лавлагаа авахаар дугаарлаж, бухимдах цаг ард хоцорсон ч зарим хүндрэл бэрхшээл, хүнд суртал одоо ч цэгцрээгүй. Гэсэн ч хөл хорионы үед төрийн зарим үйлчилгээг цахимаар шийдэж, иргэд цагаа хэмнэх боломж бүрдсэн. Хүнсний дэлгүүр, эмийн сангаас бусад байгууллагаар үйлчлүүлэх боломжгүй үед харьяа дүүрэг, хороон дээр очих шаардлагагүй цахимаар төлбөрөө төлөхөд л бичиг баримт бүрдүүлэх, лавлагаа авч болох юм.

Тухайлбал, гадаад пасспорт шинээр захиалахын тулд заавал  Улсын бүртгэлийн ерөнхий газарт очих шаардлагагүй гэрээсээ захиалдаг болсон. Мөн иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд  дахин авахын тулд “e-mongolia” цахим системээр дамжуулан төлбөрөө төлөхөд л хангалттай. Тиймээс харьяа дүүрэг дээр очих шаардлагагүй гэсэн үг. 

Хөл хорионы үед цахим үйлчилгээний нэгдсэн системийн ачаалал 35-45 хувиар өссөн байна. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ээс  хэрэглээнд нэвтэрсэн “e-mongolia” цахим систем нь оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний, гэрлэсний тодорхойлолт зэрэг  нэн шаардлагатай 181 үйлчилгээг үзүүлж буй. Тус систем хэрэглээнд нэвтэрснээс хойш  таван сарын хугацаанд 700 мянган хүн төрийн үйлчилгээг цахимаар авчээ.

Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын мэдээлснээр өдөрт дунджаар 8000 хүн төрийн үйлчилгээ авдаг аж. Иргэдийн хувьд дийлэнх нь нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, оршин  суугаа хаягийн лавлагааг цахимаар авдаг байна.

Цаашид төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэхэд төрөөс анхаарч буй. Засгийн газар энэ онд багтаан  төрийн 592 үйлчилгээг цахим системд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр үйлчилгээний цаана 50 байгууллага багтаж байгаа юм.

ВАКЦИН ХИЙЛГЭСЭН ИРГЭН СЕРТИФИКАТАА E-MONGOLIA ЦАХИМ СИСТЕМЭЭС  ХАРНА

Энэ талаар Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын  хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Э.Уранцэцэгээс тодруулав.

-E-Mongolia цахим системээс төрийн 181 үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон. Өнгөрсөн хугацаанд үйлчилгээний тоо нэмэгдсэн үү. Иргэд урт дараалал үүсгэхгүйгээр цахимаар авах боломжтой ямар үйлчилгээнүүд байна вэ?

-Одоогоор төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг цахимжаад байна. Энэ онд бид төрийн 50 байгууллагын 592 үйлчилгээг нэмж цахимжуулахаар  ажиллаж байна. Урт дараалал үүсгэхгүйгээр авах боломжтой үйлчилгээ гэвэл маш олон байна. Тухайлбал, монголчууд бид гадаад паспортоо захиалах гэж урт дараалал үүсгэдэг байсан үе саяхан. Тэгвэл одоо e-mongolia-аас л гэр, ажил дээрээсээ паспортоо захиалах боломжтой болсон.

-Covid-19 халдвартай холбоотой албан ёсны бүх мэдээлэл E-Mongolia дээр байршина гэдгийг УОК мэдэгдсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-E-Mongolia бол цахим үйлчилгээний нэгдсэн систем. Төрөөс иргэнд үзүүлж буй үйлчилгээг цахимжуулж, энэ платформ дээр нэгтгэсэн гэсэн үг. Энэ ч үүднээс covid-19 халдвартай  холбоотой мэдээллийг E-Mongolia системээр дамжуулан хүргэж байна. Цахим үйлчилгээний системээс covid-19 халдварын  статистик тоо, шинжилгээ авах цэг, халдвар, хамгааллын дэглэм, Улсын онцгой комиссоос  гаргаж буй албан ёсны мэдээ, мэдээллийг авч болох юм. Үүнээс гадна, вакцинжуулалттай холбоотой үйлчилгээ цахим системд орж байна.Вакцин хийлгэсэн иргэн вакциныхаа сертификатыг E-Mongolia аппликэйшн, цахим хуудсаар харах боломжтой.

E-Mongolia цахим системээс төрийн үйлчилгээг иргэд авдаг болсноор цаг хэмнэж байгаа. Нөгөө талаас   хувь нууцийг хэрхэн хамгаалж байна вэ?

Энэ чиглэлд бид  багц хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хууль, нийтийн мэдээллийн тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэхээр онлайн хэлбэр байршуулаад байна. Харин кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл боловсруулагдах шатандаа явж байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж