НЭМЭЛТ: 11.30
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковидын эсрэг вакцин хийлгэлээ. Тэрбээр вакцин хийлгэснийхээ дараа үг хэлж, иргэдээ вакцинд хамрагдахыг уриаллаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ:
-Шинэ Засгийн газар ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн 25 хоногт Монгол Улсын Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэн өнөөгийн нийгэм, эдийн засгийн нөхцөлд тохирсон шуурхай шийдэмгий системтэй шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээн ажиллаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдрөөс цуцлагдан Улаан бүсээс Шар бүс рүү шилжиж, нийт ААН-ийн 95 хувь нь хэвийн үйл ажиллагаагаа эхэллээ. Тулж ирсэн сорилтын өмнө үндэстнээрээ нэгдэн зогсч чаддагийг бид харууллаа. Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг дагаж мөрдсөн нийт иргэддээ талархаж байна. Мөн төрийн албан хаагчдадаа чин сэтгэлээсээ баярлалаа. Өнгөрсөн өдрүүдийн хөл хорио бидэнд гурван үр дүнг өгсөн гэж Засгийн газрын тэргүүний хувьд үзэж байна. Эхний үр дүн бол бид халдварын тархалтыг хумьж чадлаа. "Нэг өрх-Нэг шинжилгээ" цогц арга хэмжээний хүрээнд нэг өрхийг төлөөллүүлж 411 мянган иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн ч 523 мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан. Энэ ажлын үр дүнд халдварын 33 голомтыг илрүүлсэн. Хөл хорио тогтоосны хоёр дахь үр дүн бол вакцинжуулалтыг эхлүүлэх суурь нөхцөлийг хангаж чадлаа. Вакцинжуулалт өнөөдрөөс эхэлж байна. Монгол Улс цар тахлын эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж чадсан Ази тивийн улс орны нэг болж чадлаа. Вакцинжуулалтын асуудал ийнхүү шуурхай шийдэгдэхэд өмнөх Засгийн газрын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдад илгээсэн захидал чухал үүрэгтэй байсныг онцлон хэлье. Вакцинжуулалтын ажил сайн дурын үндсэн дээр хийгдэнэ гэдгийг дахин хэлмээр байна. Гэхдээ аюулт цар тахлаас эрүүл мэнд, эдийн засгаа хамгаалж чадах цорын ганц арга бол вакцинжуулалт юм. Тиймээс ч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын батламжилсан Монголд анхлан ирж буй Astrazeneca вакциныг хийлгэхийг иргэддээ уриалж анхны тунг сая хийлгэлээ. Хөл хорио тогтоосны гурав дахь үр дүн бол эрүүл мэндээ хамгаалах эдийн засгаа сэргээх төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөл бүрдсэн. Вакцинжуулалттай зэрэгцэн бид тус арга хэмжээг хэрэгжүүлж эхэлнэ. Эдийн засаг 6 хувь агшсан нөхцөл байдлыг өөрчилж, алдагдсан 70 мянга орчим ажлын байрыг сэргээж, зах зээлд эргэх ёстой байсан ч гацсан 8 их наяд төгрөгийн “цусны эргэлт”-ийг хурдасгана гэдэгт итгэлтэй байна. Өнөөдрөөс хэвийн амьдралын горимд шилжиж байна. ААН-ийн хариуцлага, хамтын хүчин чармайлт бүхнийг шийдэхээр болж байна. Тиймээс зөвхөн өөрийнхөө биш Монгол Улсын эрүүл мэнд, эдийн засгийн төлөө иргэн та халдвар хамгааллын дэглэмээ мөрдөөрэй. Вакцинд хамрагдаарай. Ажилчдаа вакцинжуулах тал дээр хувийн хэвшлийнхэн Засгийн газартай хамтарч ажиллаарай. Ингэж чадвал хаагдсан сургууль цэцэрлэг, хил хязгаар, том хөрөнгө оруулалт зэргээ эргүүлэн нээж чадна. Монгол Улсын Засгийн газар цаг алдалгүй хүнд, амаргүй, давс мэт гашуун шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргах болно. Өнгөрсөн 12 хоногийн хөл хориог 98 хувь мөрдсөн шиг ирээдүйн томоохон шийдлүүд дээр Засгийн газартаа итгэж хамт байхыг нийт иргэдээсээ уриалж байна.
Эрүүл мэндийн сайд С.ЭНХБОЛД:
-ДЭМБ-ын зөвшөөрөгдсөн вакцинууд 18-аас дээш насны хүмүүст хийнэ гэсэн зөвлөмжтэй байгаа. Монгол Улсын хүн амын 18-аас дээш насны 2 сая 100 орчим хүн бий. Өөрөөр хэлбэл, нийт хүн амын 60 хувийг үнэ төлбөргүй вакцинжуулна гэсэн үг. Дараа дараагийн ирэх вакцинуудын гэрээ хэлэлцэл, хийгдэж байгаа. Гуравдугаар сарын эхээр Ковакс хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 25 мянган тун вакцин орж ирэх ёстой. Ирэх долоо хоногоос ОХУ-ын "Спутник" вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийгдсэн гэлээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэх гэж байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэх гэж байна
Posted by News.mn on Monday, February 22, 2021
ЕРӨНХИЙ САЙД II ЭМНЭЛЭГТ ВАКЦИН ТАРИУЛНА
Монгол Улсад Энэтхэг улсад үйлдвэрлэсэн "АстраЗенека" вакцины 150 мянган тун вакцин өчигдөр манай улсад ирсэн бол өнөөдөр 11.40 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны тунг хийлгэж, иргэдээ уриалах юм. Харин түүний дараа Эрүүл мэндийн сайд В.Энхболд мөн вакцин тариулж иргэдээ уриалах юм.
Эхний ээлжийн вакцинжуулалтад эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд, цар тахлын үед ажиллаж буй цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг албан хаагчид хийлгэхээр болоод байна.
Мөн өчигдөр шөнө БНХАУ-аас 300 мянган тун "Синофарм" вакциныг Монгол Улсад хандивласан бол ирэх долоо хоногт ОХУ-аас мөн вакцин ирэх юм.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ