Нийслэлд тогтоосон 12 хоногийн хатуу хөл хорионы дэглэм өнөөдөр /2020.02.23/-өөс суларч өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байна. Цар тахлын улмаас 2019 онд 5.2 хувийн өсөлттэй байсан эдийн засаг 2020 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр зургаа орчим хувиар унаж огцом агшсан. Үүнийг дагаж 46 мянга гаруй аж ахуйн нэгжид ажиллагсдын тоо гэхэд л 2020 оны гуравдугаар улиралд 70 мянгаар буурчээ. Засгийн газрын зүгээс дотоодын бизнесээ таг зогсоочихгүйн тулд хөл хорионы дэглэмийг сулруулах бодлого барьж буй.
Тиймдээ ч Засгийн газраас 100 гаруй мянган аж ахуйн нэгжүүдийн /ААН/ 95 хувийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн уралдаан тэмцээн, 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалга, өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа, диско баар, цахим тоглоом болон хүүхдийн тоглоомын газраас бусад ААН-үүд үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ гэсэн үг.
Иргэд үйлчилгээний газар, албан байгууллага, аж ахуй нэгж, төрийн байгууллага, нийтийн тээвэр такси үйлчилгээ авахдаа заавал амны хаалт зүүх, нэг удаагийн бээлий өмсөх, хүн хоорондын зай барих, гар ариутгагч биедаа авч явах, зорчсон газар бүртгээ QR код уншуулах эсвэл бүртгүүлэх, аж ахуй нэгж байгууллагууд иргэдийг бүртгэлжүүлэх, халдвар хамгааллын дэглэм сахиулахыг шаардах зохицуулалттай.
Нийт 13 төрлийн 59 үйл ажиллагаа нь тусгай нөхцөл шаардах бөгөөд 2020 оны арваннэгдүгээр сараас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй байгууллагууд мөн багтаж байгаа юм. Тухайлбал,
Кино театр,соёл урлагийн үзвэр үйлчилгээний үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлагад дурдсанаар:
- Тасалбарыг цахимаар авах нөхцлийг бүрдүүлэх,
- Хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар үзвэрийн цагийн хуваарийг зохицуулах,
- Үзвэрийн танхимд үзэгч хооронд 1 суудал алгасуулж 1 хүн суулгах,
- Үзвэрийн танхимд ус ундаанаас бусад хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглох,
- Үзвэрийн өмнө ба дараа танхимд агаар сэлгэлт, цэвэрлэгээ хийхийг тусгажээ.
Караокед тавигдах тусгай нөхцөл шаардлага:
- Тусгай өрөө VIP, караокены өрөөний тамхи татах цэг, нийтийн бие засах газрыг 2 цаг тутам цэвэрлэн, агаар сэлгэлт тогтмол хийх, микрофоны нэг удаагийн бүрхэвч уутыг үйлчлүүлэгч, тус бүр дээр солих, үйлчилгээний дараа микрофон, дууны цэсийн дэвтрийг цэвэрлэж халдваргүйжүүлэх,
Амралтын газар, жуулчны бааз, зочид буудлын үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага:
- Хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр урьдчилан захиалга авч, орны тооноос илүү зочин хүлээн авахгүй байх,
- Зочдын хоолны цагийн хуваарьт зохицуулалт хийх, аль болох өрөөнд нь хооллох.
Биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, бялдаржуулах төвийн үйл ажиллагаанд тавигдах тусгай нөхцөл шаардлага:
- Хүн хоорондын зайг 2 метрээс багагүй байхаар тооцох,
- Дасгалын тоног төхөөрөмж бүрийн дэргэд гар халдваргүйжүүлэгч алчуурыг байршуулах, сургалтын байр, тоног төхөөрөмж, хэрэглэл,
- Зориулалтын хувцсыг тухай бүр цэвэрлэн агаар сэлгэлтийг 2 цаг тутамд тогтмол хийх
- Засгийн газар болон Улсын Онцгой комиссын шийдвэрээр олон улсын болон бусад уралдаан тэмцээн зохион байгуулах тохиолдолд оролцогчдын PCR шинжилгээний хариуг үндэслэн заалны багтаамжийг 50 хүртэлх хувийн дүүргэлттэйгээр зохион байгуулах юм байна.
БУСАД ААН-ҮҮДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТАВИГДАХ ТУСГАЙ НӨХЦӨЛ ШААРДЛАГА
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗАРИМ АЛБА ХААГЧИД ГЭРЭЭСЭЭ ЦАХИМААР АЖИЛЛАНА
Мөн төрийн байгууллагын ажилтан, алба хаагчдын 10 хүртэлх хувийг өнөөдрөөс эхлэн 28-ны өдрийг дуустал гэрээсээ цахимаар ажиллуулах, 0-12 насны хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхэд гэрээсээ цахимаар ажиллах чиглэлийг УОК-оос өгсөн байна.
ОРОН НУТАГ РУУ ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЯЗГААРЛАЛТ ХЭВЭЭР
Хэдийгээр хөл хориог сулруулсан ч иргэдийн орон нутаг руу зорчих, нийслэл рүү орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хязгаарлах аж. Учир нь нийслэлийн нийт өрхийг хамарсан "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний бүрэн зураглал энэ сарын 23-24-нд гарах ба нууц үеийн хугацааг долоо хоногоор тооцоход хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хорих шаардлагатай болоод байгааг Засгийн газраас мэдээлсэн.
Дашрамд дурдахад, өнөөдрөөс эхлэн дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөнө. Тодруулбал,
- Даваа гаригт 1, 6
- Мягмар гаригтр 2, 7
- Лхагва гаригт 3, 8
- Пүрэв гаригт 4, 9
- Баасан гаригт 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй.
НИЙТИЙН ТЭЭВЭР ХЭВИЙН, ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧИЛНЭ
Хатуу хөл хорионы үед зөвхөн зөвшөөрөгдсөн 14 байгууллагын ажилчид нийтийн тээврээр тодорхой цагийн хуваарийн дагуу зорчиж байсан. Харин хөл хорионы дэглэмийг сулруулсан учраас нийтийн тээвэр ердийн горимын дагуу иргэдэд үйлчлэх юм. Нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ зорчигчид нэг суудал алгасаж суух, хүн хоорондын зай барьж үйлчлүүлэх юм.
Мөн дугаарын хязгаарлалт хуучнаараа үйлчлэх юм. Тодруулбал,
- Даваа гарагт 1, 6
- Мягмар 2, 7
- Лхагва 3, 8
- Пүрэв 4, 9
- Баасан 5, 0 дугаар хөдөлгөөнд оролцохгүй.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ