Түрээсийн тухай хуулийн төслийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Түрээсийн тухай хуулийн төслийг танилцуулав

Түрээсийн харилцааг зохицуулах судалгааны үр дүн, Түрээсийн тухай хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр /2016.04.08/ хоёр дахь удаагаа Төрийн ордонд боллоо. Өмнө нь түрээслэгч болон үл хөдлөх хөрөнгийн эздийг оролцуулсан томоохон хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Д.Сарангэрэл нар удирдан явуулсан бөгөөд МИРИМ консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхбат, “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Эрдэнэбаяр, Удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Я.Бямбасүрэн нар танилцуулга хийж, санал солилцлоо.

Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, “ Түрээсийн тухай хууль 2013 оноос эхлэн яригдаж эхэлсэн. Энэ хуулийг хэлэлцэн батлуулахын тулд судалгаа хийх шаардлагатай болсон. Тухайн үед байгуулагдсан Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран хоёр үе шаттай том судалгаа хийсэн. Өмнө нь энэ чиглэлээр хийгдсэн нэг ч судалгаа байдаггүй юм байна. Түрээсийн асуудлыг яриад эхлэхээр энэ нь эдийн засгийн суурийг бүтцээр нь хөнддөг, газрын асуудал давхар хөндөгддөг томоохон асуудал болж хувирсан. Иймээс судалгааг салбартаа туршлагатай МИРИМ консалтинг компани болон судлаач, мэргэжилтнүүд улс орон даяар хоёр үе шаттай хийж гүйцэтгэлээ. Энэ хугацаанд гурван өөр газраар гурван хуулийн төсөл боловсруулсан. Түүнийгээ нэгтгэн, ашиглаж болохуйц сайн талуудыг авч нэг хуулийн төсөл болгосноо өнөөдөр танилцуулж байна. Энэ хуулийн төсөл дээр УИХ дахь эмэгтэй гишүүд хамтран ажиллаж цаашид чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болно “гэлээ.

МИРИМ консалтинг ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Мөнхбат Түрээсийн харилцаа болон үйл ажиллагааны нийгэм, эдийн засаг, эрх зүйн орчны судалгааны талаар танилцуулав. Тэрээр танилцуулгадаа, “Судалгааг 2014 оны зургадугаар сараас 2015 оны 2 дугаар сарын хооронд хоёр удаа хийсэн. Эхний суурь судалгаанд оролцогч талууд болох төр, түрээслэгч, түрээслүүлэгч гэсэн оролцогч талуудыг оролцуулсан. Мөн хууль эрх зүйн орчны судалгаа болон монголд байгаа түрээстэй холбоотой хууль эрх зүйн орчны харьцуулсан судалгааг хийж, 10 гаруй улс орны түрээстэй холбоотой хууль, эрх зүйн орчны туршлагыг судалсан. Энэ хугацаанд нэмэлтээр нийтдээ 5 судалгааг хийсэн байна. Судалгаагаар үнийн нөлөөлөл, чадамж, барьцааны сан байгуулах тухай, түрээсийн даатгалын тухай, түрээстэй холбоотой дата мэдээнд нарийвчилсан шинжилгээ судалгаа хийгдсэн. Энэхүү судалгаанд нийслэл болон Ховд, Сэлэнгэ, Өмнөговь аймгууд хамрагдлаа. Судалгаанд нийтдээ 1000 орчим түрээслэгч, түрээслүүлэгч, оролцогч талуудыг оролцсон байна. Ажлын байрны, орон сууцны, газрын түрээсийг хамруулан судалгаа явууллаа. Түрээслүүлэгчид ажлын байр болон амьдрах зориулалттай байран дээр гэрээ хийж байна. Харин газрын түрээсэн дээр огт гэрээ хийгдэхгүй нөхцөл байдалтай байна. Мөн үнэ тогтоохдоо ажлын байр болон амьдрах сууцанд жишиг үнээр үнэ тогтоож байгаа бол бол газрын түрээсэн дээр аман тохиролцоогоор үнээ тогтоодог хандлага ажиглагдаж байна. Үнэ тогтоолтонд гол нөлөө үзүүлж байгаа хүчин зүйл нь байршил, тохижилт, гэрээний нөхцөлүүд харгалзан үзэж байна. Ажлын байрны түрээс илүү өндөр үнэтэй байгаа бол амьдрах зориулалтынх дундаж, газрын түрээс бага үнэтэй байгааг түрээслүүлэгчид хэлж байсан. Иймд түрээслэгчид үнэ тогтоох аргачлалыг боловсруулах шаардлагатай байна гэсэн саналыг хэлж байгаа. Мөн түрээстэй холбоотой их бага маргаан гардаг. Үүнээс ялангуяа ажлын байрны түрээсэнд гардаг маргаан 70 хувьтай байна. Энэ нь гэрээ хэт ерөнхий хийгддэгтэй холбоотой байна” гэдгийг дурдав.

Мөн удирдлагын академийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал Я.Бямбасүрэн үйл ажиллагааны түрээсийн хуулийн төслийн талаар хийсэн танилцуулгадаа, “Энэ хуулиар үйл ажиллагааны түрээсийг зохицуулна. Манай улсад санхүүгийн түрээсийг зохицуулсан тусдаа хууль бий. Үйл ажиллагааны түрээс гэдэг нь тухайн түрээслэгч тухайн хөрөнгийг эзэмшиж өөрийн үйл ажиллагаагаа явуулаад, түрээсийн эцэст тухайн хөрөнгө эзний гарт хэвээр үлдэж байгаа түрээсийн харилцааг үйл ажиллагааны түрээс гэж хэлж байгаа. Харин санхүүгийн түрээс гэдэг нь тодорхой хугацааны дараа тухайн өмчийг тухайн түрээслэгч өөртөө шилжүүлэн авах боломжтой зохицуулалт юм. Энэ хуулийн төсөл гурван бүлэг хорин нэгэн зүйлтэй. Хуулийн төсөлд гол зохицуулсан харилцаа нь бизнесийн нэр хүнд буюу гүүдвиллын харилцааг зохицуулж өгсөн. Энэ нь хоёр талтай. Судалгааны явцад түрээслэгчийн гүүдвиллыг үнэлэхгүй байна гэж гарсан боловч түрээслүүлэгчийн гүүдвилл бас гэрээн дээр үнэлэгдэхгүй байгааг зохицуулсан. Мөн мэдээллийн тэгш бус байдал, түрээсийн депозид буюу түрээсийн барьцааны асуудлыг зохицуулсан. Өнөөдөр түрээсийн барьцаа нь түрээслүүлэгчид шууд эзэмшигдэж байгаа. Гэтэл олон улсын зохицуулалтыг авч үзвэл түрээсийн депозид буюу түрээсийн барьцааны хүү, ашиг нь түрээслэгчид оногдох ёстой байдаг. Учир нь түрээслэгчийн тодорхой мөнгөн хөрөнгө тодорхой хугацаагаар байршдаг. Нөгөө талаар түрээсийн харилцаан дээр хамгийн их бухимдал үүсгэж байгаа зүйл нь түрээслэгч, түрээслүүлэгч хоёр ойлголцож чадахгүй байгаагаас асуудал үүсч эсрэг байр суурьтай талууд болон хувирч байна. Хамтарсан дүгнэлт гаргах тохиолдолд түрээслэгч, түрээслүүлэгч хоёр ижил зорилготой гэж ойлголцоод нийгэмд үүсэх бухимдлыг багасгах боломж бүрдэх юм. Түүнчлэн түрээслэгчийн чадамжийн үнэлгээний асуудал байна. Түрээсийн харилцааг судлах явцад энэ талаар ноцтой асуудлууд гарсан. Энэ нь түрээслэгч нь өөрийн чадамжаас давсан зүйлийг түрээсэлж байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл өөрийнхөө орлогын 75 хүртэлх хувийг түрээсийн төлбөрт зарцуулж байна гэдэг нь амьдрах зардал бараг үлдэхгүй байгаатай адил болж байгаа юм. Иймд эдгээр асуудлын зохицуулалтыг хуулийн төсөлд суулгаж өгсөн” гэлээ.

Мөн хэлэлцүүлэгт үл хөдлөх хөрөнгийн үнэ бүрдэлт, түрээсийн үнийн бүтцийн асуудлаар “Итгэлт-Эстимэйт” ХХК-ийн ерөнхий захирал Ө.Эрдэнэбаяр танилцуулга хийж санал солилцлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж