Хотын дарга аа, дахин төлөвлөлтөө тодорхой болгож зарлая!  

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

Хотын дарга аа, дахин төлөвлөлтөө тодорхой болгож зарлая!  

Хотын дарга аа, дахин төлөвлөлтөө тодорхой болгож зарлая!  

Монгол Улс Covid-19 цар тахалтай тэмцсэнээс хойших нэг жил орчмын хугацаанд “амь” чухал гэх стратеги барин ажилласан бол одоо эдийн засгаа хямралаас гаргахад анхаарч, зөвхөн барилгын салбарыг дэмжихэд зориулж хоёроос гурван их наяд төгрөг зарцуулахаа Засгийн газрын тэргүүн мэдэгдээд буй.

Хоёроос гурван их наяд төгрөг нь нийслэлд Залуус I, II, III орон сууцны хорооллыг барих,  гэр хорооллын газрыг дахин төлөвлөлтөд оруулж, дэд бүтэц татах, жилийн зургаан хувийн хүүтэй ипотекийн зээл олгоход зарцуулахаар төлөвлөсөн.

Гэвч нийслэлийн гэр хорооллын дүүргүүдээс аль хороо энэ онд дахин төлөвлөлтөд орох вэ гэдэг мэдээлэл бүрхэг байна.

Хэдэн сарын өмнө Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2021 онд хийх ажлын төлөвлөгөөг баталсан ч түүнд нь Улаанбаатар хотын хэмжээнд хэдэн газарт дахин төлөвлөлт үргэлжлэн хийгдэх, хэдэн газарт шинээр дахин төлөвлөлт хийх зэрэг нь тодорхойгүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл, аль дүүрэг, хороонд шинээр орон сууц барих юм, аль газар иргэд нь байшингаа барих юм гэдэг мэдээлэл нь гэр хорооллын иргэдэд битгий хэл барилгын компаниудад ч ирээгүй байна.

Гэр хорооллыг барилгажуулна гэдэг бол зөвхөн хөрөнгө шийдсэнээр хэрэгждэг амар ажил биш.

Газрын өмчлөгч болсон эзэд, барилгын компани хоёр харилцан үнээ тохирч, хэн, хэндээ алдагдалгүй гэрээ байгуулж, төлөвлөсөн хугацаанд байр нь ашиглалтад орсноор  шийдэгддэг амаргүй ажил. Үүнд хот зуучийн үүрэг гүйцэтгэж, хэн, хэнийх нь эрх ашгийг хохироохгүй байхад анхаарах ёстой.

Учир нь, барилгын компани нь иргэдтэй тохиролцоод тухайн хороонд орон сууц барих боллоо гэхэд олон талын зөвшөөрөл дээр нь төрийн байгууллагын удирдлагууд гацаа үүсгэдэг. Хуулиараа зөвшөөрөл нь 45 хоногт багтаан гарах ёстой ч, тэрхүү хугацаанд амжиж гарна лөөлөө.

Авлига хээл хахуулгүйгээр ажил бүтээх амаргүй. Эцсийн дүндээ төрийнхөнд атгуулах авлигын мөнгө нь иргэдийн газраараа сольсон байрны үнэд шингэх болж, энэхүү бүтээн байгуулалт унадаг. Нэг бол төрийнхөнд энэхүү бүтээн байгуулалтаас олох ашиг бага тусах тул шинэ газарт орон сууц барих зөвшөөрөл олгох нь илүү унацтай.

Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд гэр хорооллыг барилгажуулах ажил урагшлаагүй гэж хэлж болно.

Нүхт, Яармаг руу орон сууцны хороолол хэдэн арваараа сүндэрлэсэн нь мөнгөтэй, эрх мэдэлтэй хүмүүст ашигтай байсан болоод л тэр.

Уг нь хот нийслэлийн есөн дүүргээ байг гэхэд төвийн зургаан дүүрэгтээ анхаарал хандуулж, ажиллаж чадвал Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлийн эхлүүлсэн Зуун айлыг хэрхэн барилгажуулснаас харж болно.

Хэдэн жилийн өмнө хамаг муу юмны үүр уурхай байсан нийслэлийн Сүхбаатар дүүргийн долдугаар хороо өнөөдөр гэр хорооллыг барилгажуулахын ач холбогдлыг харуулсан хамгийн том орон сууцны хороолол болж, өөрчлөгдөөд буй.

Төр нь ашиг харахгүйгээр ажлыг эхлүүлж чадвал иргэн бүр дэмжиж, гэр хороолол хотжиж болохын бодит жишээ энэ.

Хавар ч боллоо, бүтээн байгуулалтын ажил эхлэх цаг айсуй. Одооноос л хот шуурхай хөдөлж, нийслэлийн гэр хорооллын аль хэсгийг дахин төлөвлөлтөд оруулав, аль хэсэг нь Залуус хорооллоо барих юм гэдэг мэдээллээ ил тод болгоод, иргэдтэйгээ, компанитайгаа хамтраад ажиллах цаг ирлээ.

Монголд бүтээн байгуулалтын ажлыг эрт эхлүүлэхгүй бол урин дулаан цаг нь бага. Өнөөдөр хаврын сар эхэлсэн ч удахгүй зуны сар эхэлж, усан бороо нь цутгахад ажил уясаар намрын сартай золгож, нэг л мэдэхэд өвөл залган, барилгын ажил хийхэд амаргүй болдог.

Тиймээс цар тахалтай зэрэгцүүлэн, ач холбогдол өгөх ажил бол гэр хорооллын барилгажуулалт юм. Нийслэл эл ажлыг үр дүнд хүргэж байж, Улаанбаатар хот агаар, хөрсний бохирдлоо шийдэж чадна.

Хэр богино хугацаанд үр дүнд хүрнэ, тэр хэмжээгээр эрүүл мэндээ ч хамгаалж, эдийн засгийн алдагдлаас ч сэргийлж чадна. Учир нь өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хэчнээн их наяд төгрөгийн хөрөнгө урсав. Үр дүн нь өнөөдөр ямар байна вэ. Хүхэр нь үнэртсэн, өмхий хот хэвээрээ л байна.

Харин энэ бүхнийг өөрчлөн, иргэдээ агаар, хөрсний бохирдолгүй хотод амьдрах орчныг бүрдүүлэх реформыг хийж чадах том эрх мэдэл, хүч зөвхөн өнөөгийн нийслэлийн удирдлагад л байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж