Залуу хөгжимчин Б.Билгүүний тоглолтыг сонирхоорой

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Залуу хөгжимчин Б.Билгүүний тоглолтыг сонирхоорой

Залуу хөгжимчин Б.Билгүүн “Чайковскийн үдэш” тайлан тоглолтоор үзэгчдийн сонорыг мялаах гэж байна. Тоглолт энэ сарын 13-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт болно. Энэхүү тайлан тоглолтод М.Понцегийн “Эстерлитта”, Э.Ясанений “Соната но балладе”, Ж.Халворсений “Пассакаглиа”, П.Чайковскийн “Виолин концерт” зэрэг бүтээлийг тоглоно.

Зургаан настайгаасаа хийл хөгжим тоглож буй Б.Билгүүн одоо Хөгжим, бүжгийн коллежийн 3-р курсын оюутан. Тэрээр өнгөрсөн хугацаанд олон улсын  уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцож, Монгол улсынхаа нэрийг урлагийн тайзан дээрээс дуудуулж буй залуу уран бүтээлч болжээ.

2006 онд 10 настайдаа Чех улсын Усти над Орличи хотод зохиогдсон өсвөрийн мэргэжлийн хийлчдийн уралдаанд оролцсоноор Олон улсын тэмцээний гараагаа амжилттай эхэлсэн тэрээр 2008 онд Бүгд найрамдах Чех улсын Усти над Орличи хотод болсон Ярославь Косианы нэрэмжит мэргэжлийн хийлчлийн 50-р уралдааны 2-р ангилалд шилдэг тоглогч, 2-р байрын шагнал хүртсэн бөгөөд түүний энэ амжилтыг Засгийн газраас өндрөөр үнэлж мөнгөн шагнал гардуулсан юм.

Мөн  2011 оны 1-р сард АНУ-ын Нью Иорк хотноо болсон өсвөрийн хөгжимчдийн Олон улсын уралдаанд нийт 1000 гаруй оролцогчдоос тэргүүн байр эзэлж, улмаар мэргэжлийн хөгжимчдийн хүндэтгэн дээдэлдэг концертийн танхимуудын нэг “Карнеги Холл”-д болсон Гала концертод оролцох эрхээр шагнуулан урилгаар тоглосон Монгол хүүхэд, анх удаа “Карнеги Холл”-ийн эрхэм хүндтэй тайзан дээрээс хөгжмийн аялгуугаа өргөсөн тохиолдол болсон билээ. Түүний тоглолтын ур чадварыг шүүгчдийн бүрэлдэхүүн өндрөөр үнэлсэн юм.

А.ТУЛГА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж