Исламын шашны хамгийн хатуу урсгалыг баримтлагч Саудын Араб улсын эмэгтэйчүүд цэргийн алба хаах боломжтой болжээ. Тодруулбал, тус улсын Батлан хамгаалах яам өчигдөр /2021.02.21/ цэргийн алба хаах хүсэлт хүлээн авах портал сайтыг ажиллуулж эхлэхдээ эмэгтэйчүүдэд тавих шаардлагыг анх удаа зарласан байна. Ингэснээр эмэгтэйчүүд явган цэрэг, агаарын болон тэнгисийн зэвсэгт хүчинд байлдагчаас эхлээд түрүүч хүртэл цолтой алба хаах боломжтой болж байгаа аж.
Цэргийн алба хаах эмэгтэйчүүдэд тавих шаардлагад 21-40 настай, 155 см-ээс дээш өндөртэй, төрийн албан хаагч биш, хамгийн багадаа дунд боловсролтой байх зэрэг шаардлагыг тавьжээ. Гэхдээ гадаадын иргэнтэй гэр бүл болсон эмэгтэйчүүдийг хүлээж авахгүй гэнэ.
Саудын Араб улс нь сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн эрх чөлөөг хаан боогдуулсан хатуу хууль дүрмээ бага багаар сулруулж байгаа юм. Тухайлбал, эмэгтэйчүүд автомашин жолоодох, цэнгэлдэхэд хөлбөмбөгийн тэмцээн үзэх зэрэг эрхтэй болоод байгаа билээ. Түүнчлэн ресторанд эрэгтэй, эмэгтэйгээрээ ялгарч суудаг байсан хуулийг саяхан цуцалсан юм.
Эх сурвалж: ARAB NEWS
Холбоотой мэдээ