Нисгэгчийг хөнөөсөн гэх сэжигтэн мэдүүлгээ өөрчлөв

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Нисгэгчийг хөнөөсөн гэх сэжигтэн мэдүүлгээ өөрчлөв

Альпарслан Челик

Фото: Twitter / @serahataras23

 

Туркийн дайчин Альпарслан Челик гэгч өмнө нь орос нисэгчийг хөнөөсөн гэж мэдэгдэж байснаа мэдүүлгээ өөрчлөн түүнийг амьдаар нь олзлох тушаал өгсөн гэж мэдэгджээ. Энэ тухай тэрбээр бичгээр мэдүүлсэнийг өмгөөлөгч Мурат Устюндаг хэвлэлд өгчээ.

 

“Түүнийг буудалгүйгээр олзлох тушаалыг би өгсөн. Онгоц бөмбөгөө хаяад эргэх үедээ суманд оногдсон. Онгоц шатаж, дараа нь тэнгэрт шүхэр харагдсан. Бид тэр үед алагдаж шархадсан хүмүүсийг нурангиас гаргаж байсан юм. Орос нисгэгч Пешковын устгасан хүмүүс бол “автомат гартаа барьсан мангасууд, муу нөхөд, гэхдээ нөгөө талаар тэд энэ дайнд хамаатан саднаа алдсан зовлонг амссан хүмүүс” хэмээн тэр мэдүүлжээ.

 

Устюндаг хэлэхдээ орос нисгэгчийг хэн хөнөөснийг тогтоох аргагүй гэлээ. Хэн нь буудаж, хэний сум түүнийг оносныг хэлэх аргагүй гэж өмгөөлөгч хэлжээ.

 

Дөрөвдүгээр сарын 7-д LifeNews телевиз Челикийн прокурорт бичсэн захидлыг нийтэлжээ. Уг баримтад тэр орос нисгэгч Пешковыг хөнөөсөн хэргийн хариуцлагыг өөртөө авчээ. “Миний командлалд байсан хүмүүс түүнийг хөнөөсөн. Тиймээс хариуцлага надад ирнэ. Туркменийн уулын нутагт болж буй хэрэг явдлыг би хариуцна” гэж тэр өгүүлсэн байлаа. Мөн тэрбээр Пешковыг хөнөөсөн хэрэгт оролцоогүй харин түүнийг амьдаар нь олзлохыг тушаасан гэж мэдүүлсэн байна.

 

Оросын нисгэгчийг хөнөөсөн гэж өмнө нь мэдэгдэж байсан Альпарслан Челикт Туркийн шүүх ял тулгаагүй байгаа, учир нь хангалттай баримт нотолгоо байхгүй байгаа юм. Челикийг хууль бусаар зэвсэг хадгалсан хэргээр дөрөвдүгээр сарын 3-нд Измир хотын нэгэн ресторанаас Туркийн цагдаагийнхан баривчилжээ.

 

Үндсэрхэг үзэлтнүүдийн намын өндөр тушаалтны хүү Челик нь уг намын залуучуудын зэвсэгт жигүүрийн идэвхтэн бөгөөд түүнийг 14 хамсаатных нь хамт баривчлах үеэр тэд Калашниковын автомат, гар буу зэргээр зэвсэглэсэн байсан юм.

 

2015 оны арваннэгдүгээр сарын 24-нд  Туркийн сөнөөгч онгоц Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн юм. Онгоцны багийнхан шүхрээр буух үед нисгэгч Пешковыг газраас буудан хөнөөсөн билээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж