Засгийн газар тактикаа өөрчилсөн нь!

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

Засгийн газар тактикаа өөрчилсөн нь!

Засгийн газар тактикаа өөрчилсөн нь!

 Английн Оксфордын  астразенека вакцины 150 мянган тунг БНЭУ-аас Монгол Улс өнөө өглөөний 06.25 цагт хүлээн авлаа. Орой БНХАУ-аас 300 мянган хүн тун фрайзер вакциныг МИАТ-ийн онгоцоор тээвэрлэж авчирна.

Ийнхүү дэлхийн олон мянган хүний амийг авч одсон covid-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтын аян Монголд  маргаашийн морин цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхны тунг хийлгэснээр эхлэх юм. Ирэх долдугаар сарын 1 гэхэд хүн амынхаа 60 хувь буюу хоёр сая хүнийг вакцинжуулахаар Монгол Улсын Засгийн газраас төлөвлөжээ.

 Covid-19-ийн дархлаажуулалтын аянтай зэрэгцээд маргаашнаас 12 хоногийн хөл хорио тавигдаж, таваас бусад салбарын үйл ажиллагааг нээнэ.  Товчхондоо, монголчууд ажил, амьдралын хэвийн горимдоо бараг шилжинэ гэсэн үг. Танхимын хичээл сургуулийг гуравдугаар сарын 10-наас эхлүүлнэ гэвэл шүү дээ.

Монголын Засгийн газар сар шинийн баяраар 12 хоногийн хатуу хөл хорио тогтоож, нэг өрхөөс нэг шинжилгээ авах ажлыг зохион байгуулсан.  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн өгсөн мэдээллээр “Нэг өрх-нэг шинжилгээ”-ний хүрээнд  нийтдээ 102 тохиолдлыг илрүүлсэн байна.

Хэрэвзээ сар шинийн баяраар хөл хорио тогтоогоогүй бол дээрх зуун хүнээс хэдэн зуун хүнд covid-19-ийн халдвар тархах эрсдэлтэй байжээ.

 УОК-ын шийдвэрээр Улаанбаатарын өрх бүрээс шинжилгээ авсан нь нэгд, халдварын голомтуудаа түргэн шуурхай олж тогтооход нэмэртэй.  Хоёрдугаарт, бүх нийтийн дархлаажуулалтын өмнөх тандалт, судалгаа болж байна.

УОК-ын дарга, Шадар сайд өнгөрсөн Бямба гаригт  мэдээлэл хийхдээ “Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аль болох ажил, амьдралын хэвийн горимд шилжихтэй холбоотой аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны бэлтгэл ажлыг хангах, тэдгээртэй холбоотой дүрэм журмыг боловсруулж бэлэн болгосон. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа 10 их наяд төгрөгийн бодлого шийдвэрүүд үргэлжлэн хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа хэвийн явуулна. Бүх шатны сургалт, цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 10-наас эхлэн үе шаттайгаар нээнэ. Гаднаас ирж байгаа иргэдэд тусгаарлах байрны гурван төрлийн сонголт өгнө. Мөн 10-14 хоног тусгаарлана. Халдварын вирус мутацид орсон орнуудаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана. Онгоцны тасалбарыг тодорхой хэмжээнд хямдруулахаар болсон” гэх зэрэг мэдээлэл өгсөн.

Товчхондоо, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар covid-19-тэй хийх  арга тактикаа өөрчилж, хойноос нь хөөж “барих”-аас илүүтэй угтаж арга хэмжээ авахад анхаарч байгаа аж.

Түүнчлэн хөл толгойгүй болсон төрийн байгууллагуудын үл ойлголцол, олон нийтэд өгч буй мэдээллийн зөрүүг арилгаснаар ядаж  дунд, доод шатанд гарч буй хүндрэл, чирэгдэл, хүнд суртал багасаж байгаа.

УОК, НОК-ийн өгсөн мэдээлэл нь өөр хоорондоо зөрдөг, ЭМЯ, ХӨСҮТ нь уялдаа холбоогүй, үл ойлголцолтой  явж ирснээс болоод дээрээс өгдөг зөрүүтэй шийдвэрүүдийн алийг нь дагахаа мэдэхгүй төөрөгдсөн төрийн дунд, доод шатныхны  хүнд сурталаас болж, 22-ын товчоонд дээр эмнэлгийн тусламж авч чадалгүй нэгэн эмэгтэй амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК, НОК-ыг нэгдсэн зохион байгуулалтаар хангахаар Шадар сайдад бүгдийг хариуцуулсан.  Төрийн албаныхан гурав, дөрвөн талд суучхаад гурав, дөрвөн амаар буруу зөрүү мэдээлэл өгдөг байдлыг зогсоохын тулд Мэдээллийн эрсдэлийн хороог Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газрын дарга Ц.Ганзоригт хариуцуулснаар УОК, Засгийн газрын бодлого шийдвэр иргэдэд цэгцтэй, ойлгомжтой хүрдэг болжээ.

Саяхны жишээг дурдахад, ЭМЯ-наас PCR шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй байна гэж мэдээлсэн. Гэтэл НОК-ын дарга нь “Нэг өрх-нэг шинжилгээний хүрээнд авсан шинжилгээний хариу хөл хорионы турш хүчинтэй” гэж үгүйсгэсэн.  Энэ мэт төрийн яам, тамгын газрын зөрүүтэй тайлбаруудаас болж нийгэмд маргаан, талцал, хэрүүл үүсч, хүний амь хүртэл хохирсон бий.

Энэ удаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар богино хугацаанд хөл хорио тогтоож, масс шинжилгээ аван, халдвар хэр их тархсан, хаана хаана ямар голомтууд идэвхтэй, эрсдэлтэй байгааг тогтоочихлоо. Голомттой хороонуудад  давхар самналт хийж хэсэгчилсэн хөл хориогоор халдварыг хумих тактик УОК-оос барьж байгаа аж.

Ерөнхий сайд covid-19-ийн эсрэг вакцинжуулалтын анхны тунг өөрөө хийлгэх болсон нь нэг талаар иргэдээ уриалах зорилготой аж. Сүүлийн үед вакциныг зориудаар эсэргүүцэж, нано чип, сүргийн дархлаа ярьж ард иргэдийг айлгаж төөрөгдүүлэх улс төрийн зорилготой үг, үйлдлүүд олшрох болсон. "Дархлаажуулалт сайн дурын үндсэн дээр явагдана.  Гэхдээ вакцин хийлгэсэн хүмүүст сертификат олгох"-оо ЭМЯ-ны сайд С.Энхболд мэдээлсэн. Учир нь, дэлхийн  агаарын тээврийн авиа компаниуд цаашдаа сертификаттай иргэдэд үйлчлэх шаардлага тавьж эхэлсэн.

Ийнхүү өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 11-нээс гэр, гэртээ бүгэх болсон Улаанбаатарын хөл хөдөлгөөнтэй амьдрал маргаашнаас эхлэх нь. Хөл хориотой хоногуудад улаанбаатарчууд айдасгүй амьдарч, ажлаа хийж ,“аз жаргалтайгаар түгжрэх бас гоё” болохыг мэдэрсэн болов уу.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ЗөвЗөв
24
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж