Гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөртэй болохыг хүсэв | News.MN

Гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөртэй болохыг хүсэв

Хуучирсан мэдээ: 2016.04.08-нд нийтлэгдсэн

Гэр бүлийн боловсрол олгох хөтөлбөртэй болохыг хүсэв

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бүх шатны боловсролын хөтөлбөрт гэр бүлийн боловсрол олгох асуудлыг тусгаж өгөхийг хүсэв. Тэрбээр “Өнөөдөр өндөр хөгжилтэй, нийгмийн хамгаалал сайтай гэгдэж байгаа бүх орнуудын сургалтын хөтөлбөрт нь гэр бүлийн боловсрол олгох асуудал туссан байгаа. Бид өндөр боловсролтой чадварлаг боловсон хүчин хэрэгтэй гэж ярьдаг ч иргэнээ төлөвшүүлэх асуудлаа орхигдуулж ирсэн. Залуучууд гэр бүлд бэлтгэгдээгүйгээс гэр бүлийн үнэт зүйл алдагдаж, гэр бүл салж байна гэдгийг судалгааны байгууллагуудын дүн харуулж байгаа. Өнөөдөр найман гэр бүл тутмын нэг нь хамтран амьдрагч болж, 10 гэр бүл тутмын гурвыг нь эмэгтэйчүүд өрх толгойлж, гэр бүлийн халуун дулаан орчинд өсөж, торних боломжгүй хүүхдийн тоо нэмэгдсээр байна” гэлээ.

Мөн тэрбээр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын тухай хөндлөө. Сурагчдын улирлын амралт бага дунд, ахлах ангиараа өөр, өөр өдөр эхэлж, дуусаж байгаа нь төв суурин газраас алслагдсан малчдад хүндрэл учруулах болжээ. Малчдын зүгээс эхлээд том хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг, хэд хоногийн дараа нь отгон хүүхдээ сургуульд нь оруулахаар сум руугаа явдаг нь хаврын их ажилтай үеэр нь хүндрэл учруулж, зардал чирэгдэлтэй ажил болж хувирч буй учраас сурагчдын амралтыг нэг өдөр эхлүүлж, нэг өдөр дуусгаж болдоггүй юм уу гэдгийг салбарын сайдад нь сануулсан юм.

Г.ДАРЬ

 

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж