Чилийн Ерөнхийлөгч Себастьян Сантьяго нэгдүгээр сарын сүүлээр нисэх онгоцны буудлын асфальтан зам дээр зогсоод “Өнөөдөр бол баяр баясгалан, догдлол, итгэл найдварын өдөр” хэмээн хэлж байв. Учир нь түүний ард Бээжингээс дөнгөж газардсан “Боинг 787” онгоц дүүрэн “Sinovac”-ийн вакцин байсан юм. Тус улсад хандивлаж буй вакцины тал нь буюу хоёр сая орчим тун вакциныг Хятадаас хүргэж ирсэн нь энэ байв.
Мөн үүнээс хэдэн өдрийн өмнө Мексикийн Ерөнхийлөгч Андрес Обрадор Covid-19-ийн тусгаарлалтаас гарч ирээд ойрын саруудад улсад нь 24 сая тун “Sputnik V” вакцин хандивлахаар болсон Оросын Ерөнхийлөгч Владимир Путинд чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлсэн юм. Том гүрнүүд ихээр худалдан авч байгаа учир “Pfizer”-ийн вакцины нийлүүлэлт тасалдаж, тус улсад вакцинжуулалтын найдвар тасраад байсан энэ үед Путинд баатрын дүрийг бүтээх, дэлхийд өөрсдийгөө сурталчилах, хүнд хэцүү цагт АНУ биш ОХУ тусладаг гэх мессежийг илгээх төгс боломж болсон. Дээрх хоёр жишээ бол вакцины дипломат ажиллагааны сонгодог жишээ бөгөөд шинэ гайхалтай өрсөлдөөн юм.
Хятадын “Sinovac” бол одоогоор дэлхий дахинаа бүртгэгдээд буй вакцинуудаас хамгийн бага үр дүн /50.4 хувь/ үзүүлсэн вакцин юм. Хятадууд уг вакциныг 60-аас дээш насныхандаа хийхгүй байгаа нь гадаадын улс орнууд руу сая саяар нь хандивлаж буйн нэг шалтгаан байж мэдэх юм. Хятадын өөр нэг вакцин үйлдвэрлэгч “Sinopharm”-ийн вакцин 79 хувийн үр дүнтэй хэмээн зарласан. Гэхдээ хөгжиж буй орнууд вакцинжуулалтаа энэ жилдээ багтаж эхлүүлэхээр зэхэж байгаа ч тэдэнд аль нэг вакциныг сонгож, шилэх “тансаглал” олдохгүй л болов уу. Энэ нь мэдээж Хятадад бас л давуу тал болж байгаа юм.
Вирус анх хаанаас дэлгэрснийг хэн ч мартаагүй байгаа ч Хятад улс нэг жилийн дараа цар тахлын гарал үүсэл гэхээсээ илүү цар тахлын шийдлийг эрэлхийлж байна. Барууны зарим орнууд үүнийг тохуурхан харж байж болох ч вакцин авахын тулд хэдэн сар биш, хэдэн жил хүлээх шаардлагатай байж болох ядуу орнуудын хувьд энэ бол маш том үнэмшүүлэх тактик юм.
Хятад улс энэхүү дэлхийн хэмжээнд өөрсдийн вакциныг түгээх өдрийг хэдэн сарын турш төлөвлөн хүлээж байсан. Өнгөрсөн зуны эхээр Ши Жиньпин дарга Мароккогийн хаан VI Мохаммед болон дэлхийн бусад удирдагч нартай утсаар холбогдож, тухайн үеийн вакцин бүтээх үйл явцаа тайлагнаж, бэлэн болмогц дэлхийн сайн сайхны төлөө хуваалцана гэдгээ мэдэгдэж байв. Энэ нь нэг талаараа дэлхий нийт цар тахалд Хятадыг буруутган, тэднийг гадуурхаж эхлэхэд өөрсдийн байр сууриа хадгалж үлдэхийг оролдсон оролдлого байсан. Хятадын бүр эхний оролдлого бол хөгжиж буй орнууд руу хамгаалах хувцас хэрэгсэл нийлүүлсэн явдал байв. Сербийн Ерөнхийлөгч Бээжингийн илгээсэн тусламжид ихэд сэтгэл нь догдолж, Хятадын төрийн далбааг үнсэж байсан юм. Харин одоо хятадууд вакцинаар дэлхий нийтийн итгэлийг олж авахаар үзэж байна. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И энэ оны эхээр Африк, зүүн өмнөд Азийн орнуудаар нийт есөн айлчлал хийж, вакцин болон хөрөнгө оруулалт санал болгосон. Тэд Европын улсуудыг ч орхисонгүй. Унгар улс “Sinopharm”-ийг зөвшөөрсөн Европын холбооны анхны улс болсон. Тус улсын Ерөнхийлөгч Виктор Орбан ‘Хятадууд энэ вирустай хамгийн удаан тэмцсэн улс. Тиймээс тэд хамгийн сайн мэдээлэлтэй байж магадгүй юм” гэж тэр хошигноод Хятадын дахин нэг вакциныг бүртгэхээ амласан юм. Хятадын хувьд вакцин бол дэлхийд нөлөөлөө нэмэгдүүлэх зөөлөн хүчний бодлогынх нь нэг хэсэг байж болох юм.
Оросууд мэдээж энэ гайхалтай дипломат ажиллагаанаас хоцрохгүй. Эх оронч, баатарлаг нэрээр нэрлэгдсэн “Sputnik V” вакциныг Барууны улсууд хүлээн зөвшөөрч, 91 хувийн үр дүн үзүүлснийг батласан билээ. Энэ нь дэлхий нийтийн удаан хугацааны эргэлзээг тайлсан явдал болсон юм. Хэтрүүлэг байж мэдэх ч Оросын вакцинаас дэлхийн 50 улс 1,2 тэрбум тунг авахаар болсон хэмээн Москва мэдэгдэв.
Мозамбик, Нигери, Өмнөд Африк зэрэг улсуудад Оросууд хүчтэй суртал ухуулга хийж эхлэв. Зарим үед өрсөлдөгч вакцинуудаа “харлуулах” тактикийг ч ашигласан. Европын холбоо ч Оросоос вакцин “царайчилж” эхлэв. ЕХ-ны дээд дипломатч Хосеп Боррелийн саяхан Москвад хийсэн айлчлал Европын холбоо вакцинжуулалтын тухайд мухардалд орсныг илтгэж байв. Их Британид вакцинжуулалт 24 хувьтай байхад Европын холбоонд дөнгөж таван хувьтай үргэлжилж байна. Боррелл сөрөг хүчнийхний дуу хоолойг боомилж буй Путины үйлдлийг хараагүй мэт өнгөрснийхөө хариуд тус улсаас вакцин авахаар болж байх шиг байна. “Sputnik V” нь Европын эмийн агентлагаас зөвшөөрөл аваагүй байгаа боловч Унгар улс хоёр сая тунг захиалсан байна. Германы Канцлер Меркель мөн “Sputnik V”-г сонирхож байгаагаа илэрхийлсэн бөгөөд Герман улсад үйлдвэрлэлийн нэгж байгуулахад Путинд туслахаа мэдэгдсэн юм.
Хүйтэн дайны оргил үед хөгжиж буй орнууд 100 гаруй улс орон Зөвлөлт болон АНУ-ын хооронд төвийг сахихаа амлаж, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг байгуулж байв. Харин одоо дэлхий ертөнц хоёр дахь хүйтэн дайн руу орж байгаа тул том гүрнүүд тэдгээр улсуудын итгэлийг олж авахын тулд ухаан зарж байна. Ялангуяа Хятад, Орос улсууд АНУ-ын нөлөөг багасгахын тулд чадах бүхнээ хийж байна. Харин энэ хооронд Их Британи улс Энэтхэгийг олон улсын вакцины нийлүүлэлтийг хариуцсан итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө сонгон “ашиглаж” байна.
Эх сурвалж: Spectator
Холбоотой мэдээ