Дотооддоо Covid-19-ийн цар тахлын халдвар батлагдсан өнгөрсөн 2020 оны арваннэгдүгээр сараас хойш ажил, амьдралын хэвийн горимаа алдсан нийслэлчүүд энэ долоо хоногоос ажил албандаа буцаж орохоор боллоо. Хэдийгээр цар тахлын халдвар буурахгүй байгаа ч Цагаан сарын баярын өдрүүдийг ашиглан нийслэл Улаанбаатарын өрх бүрээс нэг гишүүнийг шинжилгээнд хамруулах ажил 12 хоног үргэлжлэн дуусах шатандаа орлоо. Энэхүү шинжилгээний үр дүнд голомтлон тархах магадлалтай халдваруудыг эрт илрүүлж чадсан нь нийслэлчүүдийн 12 хоног гэртээ хөл хоригдсон гомдлыг цайруулах зүйл. Өчигдрийн /2021.02.21/ масс дундаас илэрсэн халдварын тохиолдол 57 байгаа нь хэрвээ “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г хийгээгүй бол энэ 57 халдвар багаар бодоход 10, цаашлаад 100 дахин нэмэгдэх аюултай байсан.
Бараг нэг жил мунгинасны эцэст халдварын түвшинг шинжлэх ухааны үндэстэйгээр тодорхойлох аргачлалыг Засгийн газар, Улсын онцгой комисс гаргасан нь үнэхээр сайшаалтай. Хөл хорионы дэглэмийг ямар байдлаар тогтоох аргачлалыг ойлгомжтойгоор гаргасан нь цар тахлын цаашдын нөхцөл байдал хүндрэх үед иргэд болоод аж ахуйн нэгжүүдэд дараа, дараагийн үйл ажиллагаандаа бэлтгэлтэй, төлөвлөгөөтэй хандах бололцоог олгож байгаа юм.
Халдварын тархалтын хүрээнээс хамаарч Ногоон, Шар, Улбар шар, Улаан түвшний ангиллыг бий болгож, ангилал тус бүрт иргэдийн болоод бизнесийн орчны зохицуулалтыг хэрхэн хийхийг тодорхойлжээ. Тухайлбал, сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй бол Ногоон түвшин гэж үзэх бөгөөд нийгмийн амьдралыг хязгаарлахгүйгээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээ хэрэгжүүлнэ.
Харин Шар түвшин гэдгийг сүүлийн 14 хоногт халдвар зөөвөрлөгдсөн, алаг цоог тархалттай байх үеийг тодорхойлсон бөгөөд энэ тохиолдолд Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно.
Сүүлийн 14 хоногт голомтолсон халдвар бүртгэгдсэн, тохиолдол болон голомт нь цаг хугацаа, байршил, тархвар судлалын хувьд хоорондоо холбоотой, тодорхой хүн амын хүрээнд хязгаарлагдсан бол Улбар шар түвшин гэж үзэн Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд тодорхой хүрээнд хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтооно.
Улаан түвшин нь хамгийн хүнд ангилал бөгөөд үүнийг
-Шинээр батлагдсан тохиолдлын 25-аас дээш хувьд халдварын эх уурхай тодорхойгүй буюу тархвар зүйн холбоогүй
-10 мянган хүн тутамд өвчлөлийн түвшин 5.1-ээс их. PCR шинжилгээний эерэг илэрсэн хувь 2.1-ээс их
-10 мянган хүн амд эмнэлэгт хэвтэлтийн түвшин 5-аас их
-10 мянган хүн амд нас баралтын түвшин 0.1-ээс их. Улаан түвшинд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт бүрэн эсвэл хэсэгчилсэн байдлаар шилжүүлж, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлан, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг тусгайлсан журмаар зохицуулах юм.
Ингэснээр халдвар гарлаа гэж бүгдийг хорьж, хааж сүржигнэж муйхарлахгүй гэдэг баталгааг хүмүүст өгч байна.
Маргаашнаас буюу хоёрдугаар сарын 23-наас Улаанбаатар хот Шар түвшин рүү шилжих юм.
Улаанбаатар хотын бизнесийн амьдрал бараг бүхлээрээ хэвийн үйл ажиллагаанд орно, үүнийг дагаад иргэдийн урсгал хөдөлгөөн эрс нэмэгдэнэ. Халдвар тархах гол эрсдэл нь иргэдийн урсгал нэмэгдэх, бөөгнөрөл үүсэх тохиолдол. Амьдралаа хэвийн хэмжээнд залгуулъя гэж байгаа бол бүгд өөрөө ч халдвар авахгүй, бусдад ч халдвар тараахгүй байх талаар чармайх хэрэгтэй. Хөл хориог сулруулж байгаа нь халдварын тархалт хумигдсан гэсэн үг огт биш гэдгийг хүн бүр ойлгож, зам мөрөө мэдэх шаардлагатай болж байна.
Д.НАРАНТУЯА
Холбоотой мэдээ