Засгийн газар Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирж, хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим иргэнийг вакцинжуулахаар төлөвлөсөн. Өнөөдөр /2021.2.22/ "AstraZeneca", "Pfizer" вакциныг авчирсан бол маргаашнаас халдварын голомтод ажиллаж байгаа эмч, цагдаа, онцгойгийн ажилчдыг вакцинжуулаад эхлэх юм.
Одоогоор ДЭМБ нь “Moderna”, “Pfizer”, “AstraZeneca” гэх гурван төрлийн вакциныг хүлээн зөвшөөрөөд байгаа. "Pfizer" вакциныг АНУ, ХБНГУ-ын эрдэмтэд хамтран бүтээсэн бол “Moderna” вакциныг вакцин бүтээх “Moderna” компани АНУ-ын NIH дээр боловсруулсан, харин "AstraZeneca” вакциныг Оксфордын их сургуулийг эрдэмтэд Их Британийн биотехнологийн "AstraZeneca” компанитай хамтран боловсруулсан юм. "AstraZeneca”-гийн вакциныг үйлдвэрлэх албан ёсны зөвшөөрлийг БНСУ-ын SKBio, Энэтхэгийн Serum Institute авч, үйлдвэрлэж байгаа.
БНЭУ-аас Монгол Улсад 150 мянган тун вакциныг үнэгүй өгч байгаа юм. Нэг хүнд хоёр тун хийгдэх тус вакциныг эмнэлэг, цагдаа, онцгой зэрэг халдварын голомтод ажиллаж байгаа 75 мянган хүнд хийх юм. Цаашид уг вакцинаар 690 гаруй мянган хүнийг дархлаажуулах аж.
Мөн үлдсэн 40 хувийн вакциныг Засгийн газар өөрийн хөрөнгөөр буюу 226 тэрбум төгрөгөөр худалдан авч байгаа аж. Тухайлбал, -70 градуст хадгалдаг Pfizer-ийн вакциныг БНСУ-аас 125 мянган хүн тун буюу 62 мянган хүнийг дархлаажуулах хэмжээний вакциныг өнөөдөр авчрах юм.
Хөгжингүй орнууд зөвшөөрөгдсөн вакцинуудыг туршилтын шатандаа явахад нь урьдчилсан захиалгын 85 хувийг худалдан авч, баталгаажуулсан тул Монгол Улс дараагийн ээлжийн вакциныг авахдаа нэлээд урт дараалалд зогсох шаардлага тулгарч байна.
Түүнчлэн хөрш хоёр орон буюу ОХУ, БНХАУ ч Монгол Улсад вакцин хандивлах хүсэлтэй байна. Тухайбал, ОХУ-аас Монголд Улсад 20 мянган хүн тун буюу 10 мянган хүнийг дархлаажуулах "Спутник-V" вакциныг нийлүүлэхээр болсон байна.
Гэхдээ ДЭМБ нь дээрх хоёр орны үйлдвэрлэсэн вакциныг зөвшөөрөөгүй байгаа. БНХАУ-д үйлдвэрлэсэн вакцины үр дүн одоогоор тодорхойгүй байгаа. Мөн "Спутник-V" вакцины хувьд эмнэлзүйн туршилтын гуравдугаар шат буюу олон мянган хүнд вакциныг хийж, цаашид ашиглах үгүйг шийддэг туршилтыг эхлэхээс өмнө буюу хоёрдугаар шатандаа вакцин бүтээснээ дэлхий нийтэд зарласан ч "Спутник-V" вакциныг ДЭМБ хүлээн зөвшөөрөөгүй байгаа билээ.
Монгол Улс ДЭМБ-ын хүлээн зөвшөөрсөн вакциныг хэрэглэх ёстой. Гэхдээ Засгийн газар цаг хожих үүднээс дээрх компаниуд болон ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг татан авч иргэддээ сонголттойгоор вакцин хийлгэх боломж олгохоор төлөвлөжээ.
Р.ДУЛАМ