Уран нугараач хэдэн нас хүртлээ уян байдгийг өөрийн биеэр үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2021.02.22-нд нийтлэгдсэн

Уран нугараач хэдэн нас хүртлээ уян байдгийг өөрийн биеэр үзүүлнэ

Уран нугараач хэдэн нас хүртлээ уян байдгийг өөрийн биеэр үзүүлнэ

Дэлхийн хэмжээнд авьяасаа үнэлүүлж, Монголоо сурталчилж яваа уран бүтээлчдийн нэг бол уран нугараач, багш, Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Эрдэнэчимэг. Тэрбээр АНУ-ын Лас Вегас хотноо ажиллаж, амьдардаг бөгөөд дэлхийн алдартай “Нарны цирк”-ийн “О” шоуны багшаар арав гаруй жил ажилласан уран бүтээлч. Өдгөө 63 настай хэдий ч уран нугаралтын гайхамшгийг үзүүлж, хойч үедээ зааж сургаж явна. Сонирхуулахад, тэрбээр цагдаагийн хурандаа Л.Жамъян, “Хүргэн хүү” киноны Жамц баяны эхнэрийн дүрээр хоногшин үлдсэн Монгол Улсын гавьяат жүжигчин Л.Цэндсүрэн нарын охин билээ. Ингээд түүний ярилцлагыг хүргэе.


Cар шинийн баярын мэнд хүргэе. Сайхан шинэлэв үү?       

-Мэдээллийн News.mn сайтын уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэллээ.

-Цар тахалтай холбоотойгоор сар шинийн баяраар ахан дүүстэйгээ цахимаар золгож, тэмдэглэлээ. АНУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд үндэсний баяраа хэрхэн тэмдэглэв?

-Ер нь гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд сар шинийн баяраа дор бүрнээ тэмдэглэн өнгөрүүлдэг. Монголчууд ихтэй хотод өргөн жэмжээнд тэмдэглэдэг бол Лас Вегаст харьцангуй цөөн монголчууд амьдардаг. Бид гэртээ цагаан сарын баяраа тэмдэглэн, найз нөхдийнхөө гэрт айлчлан очдог. Харин энэ жилийн хувьд бүгд гэр гэртээ тэмдэглэлээ.

Лас-Вегас хотод “Нарны цирк”-ийн алдарт “О” шоуны багшаар арав гаруй жил ажилласан. Бас өөрийн уран нугаралтын төвийг ажиллуулдаг гэсэн үү?

-АНУ-ын Лас Вегас хотод “Нарны цирк”-ийн эзэн 1998 онд "Bellagio Hotel”-ыг байгуулж, тэнд “Нарны цирк”-ийн дэлхийд алдартай “О“ шоуг бүтээлцэх авьаслаг хамт олны бүрэлдэхүүнд багтсан. Би уран нугаралтын дасгалжуулагч багшаар 2018 он хүртэл тасралтгүй ажиллаж ирлээ.

Би тэнд дасгалжуулагч багшаар ажиллаж байх үедээ “ Extraordinary arch” нэртэй уран нугаралт, болон сунгалтын дасгалын төвийг нээсэн. Дасгалын төвөө  4-5 жил ажиллуулж байгаад хаасан. Жил ирэх тутам суралцах хүсэлтэй хүүхдүүд болон насанд хүрэгчдийн тоо нэмэгдэж эхэлсэн болохоор санаа нийлсэн туршлагатай туслах багш олдохгүй ганцаараа ажиллуулахад хүндрэлтэй болж ирсэн. Тиймээс зөвхөн уран нугаралтаар хичээлэх хүсэлтэй хүүхдүүдэд  сургалт, дасгалууд  зааж байна.

 

2021 оны 2 сард Лас Вегас хот.

-Саяхан таны уран нугарч буй зургийг олон нийтийн сүлжээгээр харлаа. Уран нугаралтыг залуу насны урлаг гэж ярих нь бий. Гэтэл та 63 насандаа уян налархай биеийн гайхамшгийг үзүүлж байна. Үүний нууц нь юунд байна вэ?

-Энэ оны хоёрдугаар сарын 9-ний өдөр авахуулсан зургийг маань авсан зурагчин фэйсбүүк, инстаграм хаяг дээрээ байрлуулсан нь цахим сүлжээнд тархжээ. Уран нугаралт, бүжиг, спортын нэгэн адил ид залуу оргил насан дээрээ амжилтын дээд цэгт хүрдэг болохоор залуу насных гэж ярьдаг. Гэвч тэд хүрсэн хэмжээгээ хадгалж хэдэн жил ч явах боломжтой. Он жил өнгөрөх тусам амжилтад хүрсэн чадварын хэмжээ доошилсон ч өдөр тутмын дасгал сургуулилт, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд энгийн үйл хөдөлгөөнүүдийг хийж чаддаг хэвээрээ, эрүүл сайхан бие бялдар, ухаан саруул нас ахицгаадаг.

Миний хувьд залуу байхдаа үнэхээр 60 гартлаа нугаралтаа үргэлжлүүлнэ гэж бодож явсангүй. Монголд 1990-ээд оны эхэнд хүн бүрийн амьдралд өөрчлөлт авчирсаны нэгэн адил миний амьдралын хувь заяа ч үндсээрээ эргэсэн юм. Тэр үед 30 нас өнгөрөөд, Улсын циркт 20 гаруй жил ажиллачихсан байсан. Тэр үед залуу нугараачид ар араасаа түрэн гарч ирж, бидний үеийнхэнд тоглох боломж улам хумигдаж байсан болохоор гадаадад гэрээгээр 1-2 жил ажиллаад тэтгэвэртээ гарна гэж бодож байлаа. Гэтэл миний төлөвлөгөө 30 гаруй жил үргэлжлэх юм гэж даан ч төсөөлсөнгүй. Би 40 нас хүртлээ 10 гаруй жил дэлхийн олон орнуудаар аялан тоглолт хийж, “Нарны цирк”-т дасгалжуулагч багш хийж байхдаа залуу уран нугараачдтайгаа хамтран төрөл бүрийн арга хэмжээний тоглолтуудад оролцож ирлээ. Энэ хугацаанд зургаан сараас нэг жил хүртэл бүрмөсөн зогссон тохиолдол хэдэн удаа гарсан боловч ямар нэг шалтгаан гарч, тоглолтод орох хэрэг гарч ирсээр байсан. Тийм болохоор тогтмол дасгал сургууль хийж биеийн бэлтгэлтэй байдаг болсон. Сургалт явуулж байхдаа сурагчдадаа өөрийн биеэр үзүүлж тайлбарладаг байсан нь тэдэнд маш их өндөр сэтгэгдлийг төрүүлж байлаа.

Үндэстэн бүрийн хүүхдүүдэд уран нугаралт зааж байхдаа харьцуулсан судалгаа хийж байсан. Үүнээс үндэслэн ер нь Монголын уран нугараачид хэдэн нас хүртлээ бие бялдарын уян хатан чанараа хадгалан, хэр зэрэг техник хөдөлгөөн хийж чаддаг болохыг өөрийн биеэр туршиж видео бичлэг, зурагт үлдээхээр шийдэж дээрх зургийг авахуулсан юм.

-Биеийн жингээ барихын тулд дасгал сургуулилтаас гадна хоол хүнсэндээ хэрхэн анхаардаг вэ?

-Уран нугараачдад идэж болохгүй, хориотой хоол унд гэж байхгүй. Гэхдээ байнгын дасгал сургуулилт, тоглолтын цаг хугацаандаа тохируулан зөв хоололтын дэглэмийг баримтлах нь их чухал. Уран нугараач бүр хүүхэд байхаасаа өөртөө тохирсон хоолны дэглэмтэй  болсон байдаг.

1994 он Парист

-“Хүн хөгширч биш хөшиж үхдэг” гэдэг шүү дээ?

-Хүн эрүүл энх байж урт наслахын үндсэн тулгууруудын нэг бол яахын аргагүй идэвхтэй хөдөлгөөн юм. Бие махбодийн уян хатны чанарыг хадгалахын тул биеийн идэвхтэй хөдөлгөөнтөй байхаас гадна тогтмол дасгал сургууль хийж хэвших  нь чухал. Энэ талаар би саяхан хэвлүүлсэн “ Уян “ номдоо өөрийн туршлага дээр тулгуурлан уран нугаралтын бие халаалтын энгийн үйл хөдөлгөөнийг хүн болгон тогтмол хийж заншиж сурвал бие махбодийн үе мөчний үйл ажиллагааг удаан хугацаанд эрүүл хөдөлгөөнтөй байлгах үндэслэлтэй талаар тайлбарлан бичсэн. Эдгээр дасгалуудыг “ Уян” гэж нэрлэн дэлгэрүүлэн өөрсдийн гэсэн биеийн эрүүл ахуйн шинэ дасгал сургуулилтай болох  саналыг дэвшүүлэн тавьсан байгаа.

Нарны Циркийн " О " шоуны уран нугараачид

-АНУ-д монгол уран нугараачийн ур чадварыг хэрхэн үнэлдэг бол?

2018 онд " Angel" акробат төвийн 10 жил, МУГЖ Л Энхцэцэгийн 45 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтонд үе үеийн уран нугараачидтай хамт( 30,40,50,60 насны төлөөлөгчид

-АНУ гэлтгүй олон улсын цирк, интертайнмент, шоу бизнесийн хүрээнд Монголын уран нугаралт техник, хөдөлгөөний гүйцэтгэл, найруулга тавилт, тоглолтыг дээд зэрэгт үнэлдэг.

Монголд циркийн урлаг үүсч хөгжөөд 80 жил болсон байна. Гэвч чадварлаг гэсэн уран бүтээлчид бүгд л гадаад орныг зорьсон нь харамсалтай санагддаг?

-Засгийн газар, салбар хариуцсан яам циркийн барилга байгууламж, энэ урлагийг хөгжүүлж дэмжихэд сэтгэл санаа дутаж байна.  Циркийн үе үеийн жүжигчид том, жижиг төвүүдэд дасгал сургуулиа хийж, Олон улсын циркийн тэмцээнүүдээс жил бүр л дээд зэргийн шагналуудыг хүртэцгээдэг. Монголын циркийн нэр төрийг дэлхийн тавцан дээр нэр төртөй авч явж байна.Тийм учраас монголын циркчдийг гадаад орны циркийн байгууллагууд гэрээгээр дуртайяа авч ажиллуулдаг. Жишээлбэл, 2019 оны сүүлчээр 2020 оны эхээр Б.Оргилболд ахлагчтай “Angel “ акробат төвийн жүжигчид болон циркийн бусад жүжигчдийн хамтарсан Монголын циркийн бүтэн хөтөлбөр Парис хотод тоглож, Монголын циркийн урлагийн өнөөдрийн хөгжлийг толилуулсан нь амжилттай болж өнгөрсөн.

1978 он Багш Т.Цэнд Аюуш хамтран тоглогч Л.Наранцэцэгийн хамт

Монголд уран нугаралтыг үндэслэгчдийн нэг Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюушийн анхны шавиудын нэг. Таныг Монголын циркэд анхны хос нугаралтыг хийсэн уран нугараач гэж сонссон?

-Анх 1966 оны хавар Ардын жүжигчин Төрийн шагналт Т.Цэнд- Аюуш багшид уран нугаралтын гурав дахь шавиар нь орж байлаа. Намайг орж байхад анхны шавь Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Норовсамбуу 18 настай мэргэжлийн жүжигчин болсон, удаах шавь Гавъат жүжигчин Я.Оюунчимэг 12 настай сурагч байлаа.

1973 онд " Хос нугаралт" жүжигчин Л.Наранцэцэгтэй хамт.

Тэр үед нугарч байсан Я.Оюунчимэг эгч урагшаа нугарахдаа сайн байсан бол би арагшаа нугарахдаа илүү байсан. Тэгээд л Т.Цэнд-Аюуш багш, Л.Наранцэцэг бид хоёрыг хос нугаралтад бэлтгэсэн. Анх 1973 онд анхны хос нугаралтын үзүүлбэр үзүүлж, үнэхээр шуугиан дэгдээж, цаашид Монголын уран нугараачид дэлхийн тавцанд үнэлэгдэх эхлэл нь болсон.

-“Монголын уран нугаралтын хатан хаан”-д өргөмжлөгдсөн таны хувьд 2018 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдэгээр энгэрээ мялаасан. Бас л их хожуу энэ шагналыг олгожээ?

-Гавьяат жүжигчин Л.Энхцэцэгийн уран бүтээлийн 40 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт өнгөрөгч 2017 онд  “Корпорэйт конвейншн сентр” концертын танхимд зохион байгуулсан.  Тэр тоглолтод 300 нугараач оролцож, Монголын Уран нугаралтын холбооноос надад “Монголын уран нугаралтын хатан хаан” өргөмжлөл гардуулсан юм. Дараа жил нь 2018 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнуулсан. Хүн мэргэжилдээ үнэнч уйгагүй хөдөлмөрлөж чадвал хэзээ нэгэн цагт үр хишгийг хүртдэг юм байна. Энэ сайхан урлагт 50 жил амьдралаа зориулсан миний бие өвдөг сөгдөн хүртсэн юм.

1973 онд " Хос нугаралт" жүжигчин Л. Наранцэцэгтэй хамт.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж