Жума омгийн сүүлчийн эрэгтэй цар тахлаар нас баржээ

Хуучирсан мэдээ: 2021.02.21-нд нийтлэгдсэн

Жума омгийн сүүлчийн эрэгтэй цар тахлаар нас баржээ

Жума омгийн сүүлчийн эрэгтэй цар тахлаар нас баржээ

Бразилийн уугуул Жума омгийн хамгийн сүүлчийн эрэгтэй Covid-19 цар тахлын халдвар авч, хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Жума омгийн сүүлчийн эрэгтэй Арука Жума 90 орчим настай байсан бөгөөд энэ долоо хоногт буюу хоёрдугаар сарын 17-нд амьсгал хураасан байна. Жума омгийнхон нэгэн үе 15 мянга гаруй хүнтэй байсан ч XX зуунд болсон хэд хэдэн удаагийн хядлагын эцэст 2002 он гэхэд ердөө тавуулхнаа болсон байжээ. Тэр таван хүн нь Арука Жума болон түүний гурван охин, нэг зээ охин аж.

Жума тэргүүтэй Бразилийн уугуул омгууд алслагдсан зэлүүд газар аж төрдөг, эрүүл мэндийн үйлчилгээ муутай гэх мэт шалтгаанаас болж цар тахалд маш эмзэг байгаа юм. Цар тахлын эхэн үед маш олон уугуул омгууд зам хааж, өөрсдийгөө гадаад ертөнцөөс тусгаарлан, ойртон ирсэн аялагчдыг буцаах зэрэг арга хэмжээ авч байсан юм. Гэвч тэр хөдөлмөр талаар болж, өдгөө уугуул омгуудын дунд халдвар ихээр тархжээ. Тухайлбал 162 уугуул омгийн 49 мянган хүн халдвар авч, 969 хүн амьсгал хураасан байна.

Ийнхүү өөрсдийгөө боломжит бүх аргаараа тусгаарлаж байсан уугуул омгийнхон дунд халдвар тархсаны бурууг хүмүүс уугуул омгуудын эрүүл мэндийн үйлчилгээг хариуцсан байгууллага Сесайтай холбон тайлбарлах болсон аж. Учир нь уугуул омгуудад очиж ажиллаж байсан Сесай байгууллагын мянга мянган ажилчид халдвартай байсан нь хожим батлагдсан байна.

Арука Жума 1960-аад онд өсвөр насандаа омгийнхныхоо үхэж байхыг нүдээр үзсэн гашуун дурсамжтай амьдарчээ. Тухайн үед наймаачид тэдний газрыг эзлэн түрэмгийлж, хэдийн цөөхүүлээ болоод байсан Жума омгийн 60 орчим хүнийг хядсан аж. Хядлагаас Жума омгийн долоохон хүн амьд үлджээ.

Хэдэн арван жилийн турш Арука Жума өөрийн омгийн газар нутгийг эргүүлэн авахаар тэмцсэн хэдий ч хүн хүч дутагдсанаас болж арга буюу бууж өгөн гэр бүлээрээ Уру-эү-вау-вау омог руу нүүж, охидоо хадамд гаргаж байжээ.

Өдгөө Арука Жумагийн ууган охин Бореха Жума омгийн ахлагч болон үлдэж байгаа бөгөөд тэрбээр “Би эцгийнхээ замналаар амьдарна. Би түүн шиг болмоор байна. Би түүн шиг тэмцмээр байна. Миний аав бол жинхэнэ дайчин, жинхэнэ удирдагч хүн байсан. Харин одоо би омгийн ахлагч” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: TELEGRAPH AMAZONIAREAL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
24
ХарамсалтайХарамсалтай
6
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж