Нийслэлийн онцгой комиссын “Орон зайн дүн шинжилгээ”-ний баг Ковид-19 халдварын тархалтын идэвхжлийн орон зайн дүн шинжилгээ хийж ажиллаж байгаа.
Тодруулбал, 2021.02.10-18-ны өдрүүдэд батлагдсан Ковид-19 халдварын 360 тохиолдлын бүртгэлийг нэгдсэн мэдээллийн санд бүртгэж орон зайн дүн шинжилгээний арга аргачлалаар тархалт, нягтрал, тархалтын чиг хандлагыг тооцоолсон. Энэхүү зурагт улаан өнгөөр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт, илрүүлгийн арга хэмжээний хүрээнд илэрсэн 68 тохиолдол болон түүний идэвхжилт, цэнхэр өнгөөр 2021.02.10-2021.02.18-ны өдрүүдэд батлагдсан Ковид-19 халдварын өндөр эрсдэл бүхий орон зайн тооцооллыг харуулж байна.
Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн хувьд “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт, илрүүлгийн арга хэмжээ бүрэн дууссан бөгөөд шинжилгээний үр дүнг харахад Орон зайн дүн шинжилгээний багийн боловсруулсан Ковид-19 халдварын идэвхжлийн хэсэгтэй таарч байна. Тус прогнозоос харахад цаашид хийх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн тандалт, илрүүлгийн арга хэмжээ үргэлжлэн явагдах Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн зарим хороодод халдвар илрэх магадлал өндөр байна. Иймээс эрсдэл бүхий хороодод хэсэгчилсэн хөл хориог үргэлжлүүлэн зохион байгуулах, халдварын идэвхтэй хэсэгт оршин суудаг иргэд, төрийн албан хаагчид халдварын нууц үед гэрээсээ ажиллах, нийтийн тээвэр, олон нийтийн газраар зорчихгүй байх зэрэг Нийслэлийн онцгой комиссын зүгээс зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах болно.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Холбоотой мэдээ