БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан тушаалтан энэ долоо хоногийн сүүлээр мэдэгдэл хийх үеэрээ "Техас мужид цаг агаарын гамшиг болж, олон сая америкчууд зовж, зүдэрч байгааг харах нь ард иргэдийн дунд Хятад улс зөв замаар явж буйн шинж гэх итгэл улам батжихад нөлөөлж байна" хэмээн ярьжээ.
Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүньин “Барууны орнууд Шинжаанд болж буй үйл явдлыг хүний эрхийг зөрчсөн хэмээн үзэж, мөрдөн шалгахыг хүсч байгаад ямар байр суурьтай байна вэ?” хэмээх сэтгүүлчийн асуултад хариулахдаа дээрх үгийг хэлжээ.
Тэрбээр дээрх асуултад хариулах үеэрээ "БНХАУ Шинжаанд хүний эрх зөрчөөгүй хэмээн дахин дахин хэлж, Австрали, Канад, АНУ зэрэг барууны орнууд өөрсдөө соёлын устгал хийж байсан арвин түүхтэй" гэдгийг дурджээ.
Мөн тэрбээр сүүлийн үед Техас мужид цаг агаарын гамшигт үзэгдэл болж, америкчууд зовж байгааг Хятадад баяр болж, хүмүүс баярлацгаасантай харьцуулжээ. Тэгэхдээ “Хүнс, хувцсаар дутагдахгүй, өлсөж, даарахгүй байх нь хүний хамгийн чухал суурь эрх. Харин Техас мужид олон сая хүн тоггүйгээс болж гэртээ даарч, өлсөж амьдарч байна. Хэдэн арван хүн нас бараад байна. Энэ үйл явдлаас хятадууд суралцаж, жинхэнэ хүний эрхийг хангаж өгч буй эрх баригчиддаа талархах хэрэгтэй. Үүнээс харахад Хятад улс зөв замдаа явж байгаа юм. Тиймдээ ч бид ирээдүйдээ бүрэн итгэлтэй байна” хэмээн ярьжээ.
Сүүлийн үед АНУ-д цаг агаар эрс хүйтэрч, цасан шуурга шуурч байгаагаас болоод Техас болон бусад мужид нийт 5 сая орчим хүн гэртээ цахилгаангүй болсон. Техас мужийн 13 сая хүн цэвэр ус болон хүнсний хомсдолд орж байгаа юм. Түүнчлэн цаг агаартай холбоотойгоор дор хаяж 21 хүн нас барсан байна.
Эх сурвалж: REUTERS