Засаг хэмнэхийг үүрэгдсэн ч “ноёд” нь тансаглалаа хязгаарласангүй

Хуучирсан мэдээ: 2021.02.21-нд нийтлэгдсэн

Засаг хэмнэхийг үүрэгдсэн ч “ноёд” нь тансаглалаа хязгаарласангүй

Засаг хэмнэхийг үүрэгдсэн ч “ноёд” нь тансаглалаа хязгаарласангүй

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлож байна.


Covid-19 цар тахлын нөлөөгөөр аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, ажлын байр 70 мянгаар хумигдсан тул Засгийн газар өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаараа Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг батлав.

Энэхүү 10 их наяд төгрөгийн найман их наядыг нь төв банк гаргах үүрэг хүлээж буй. Төлөвлөгөөнд дараах ажлыг хийхээр зааж, санхүүжилтийн хэмжээг мөн тусгаж өгсөн. Үүнд:

  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
  • Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
  • Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
  • Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
  • Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг 500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр шийдвэрлэсэн юм.

Мөн дээрх хуралдаанаас төрийн болон болон орон нутгийн өмчийн оролцоотой бүх байгууллага, аж ахуй нэгж энэ оныг дуустал хэмнэлтийн горимд шилжиж ажиллах үүрэг хүлээлгэсэн юм. Энэ хүрээнд дараах ажлыг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Үр ашиггүй зардлыг бууруулж, зардлыг тэвчих замаар батлагдсан төсвөө 10-аас доошгүй хувь хэмнэх
  • Цалин хөлс нэмэх, шагнал урамшуулал олгохгүй байх
  • Ажилтнуудын ажил, үүргийн хуваарилалтыг оновчтой болгож, чиг үүргийн давхардлыг арилгах
  • Шинээр автомашин, албан тасалгааны тавилга худалдаж авахгүй байх
  • Засгийн газрын шийдвэр гарснаас бусад тохиолдолд нийтээр тэмдэглэх баяр ёслол, салбарын өдөр, нэрэмжит болон тэмдэглэлт ой, аялал зугаалга, тойрон аялал, урлаг, спортын наадам, тэмцээн зохиохгүй байх
  • Олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр, хэрэгжилтийг хүргэхээс бусад зорилгоор байгууллага, хамт олноо сурталчлах, баримтат болон олон ангит кино зэргийг хийхгүй байх
  • Цаасан мэндчилгээ илгээх, бэлэг, дурсгалын зүйлс бэлтгэх, аливаа арга хэмжээг ивээн тэтгэхгүй байх
  • Цахилгаан, дулаан, цэвэр усны хэрэглээг 20-оос доошгүй хувь хэмнэх
  • Захиргааны байгууллагын ажилтнуудын нормын хувцас, багаж, техник хэрэгслийг шинэчлэхгүй байх
  • Албан бичиг хэрэг хөтлөлтийг дотоод сүлжээндээ цахим хэлбэрт оруулж бичгийн цаас, хэвлэгчийн хорны хэрэглээг бууруулах зэрэг багтсан.

Гэвч аймгийн "ноёд" нь Lexys-570, таблет зэргийг худалдан авах тендер зарласан нь Засгийн газрын шийдвэр хэрэгжиж чадах уу гэдэгт ихээхэн эргэлзээ дагуулж буй юм.

Тодруулбал, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Бадраа 257 сая төгрөгт багтаан Lexus-570 авч унахаар тендер зарласан бол Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ Land Cruiser-200 худалдан авахад зориулж, 210 сая төгрөгийн тендер, Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Батболд санал хураалтын программ хангамж бүхий 41 таблетыг 80 сая төгрөгөөр худалдан авахаар тендер зарласан нь олны эсэргүүцэлтэй тулаад байна.

Нөгөөтэйгүүр, "ноёд" -ын энэхүү тансаглал Ардчилсан намынхны чихийг ч халууцуулж буй. Учир нь өнгөрсөн оны аравдугаар сард болсон орон нутгийн сонгуульд тус нам найман аймагт ялалт байгуулснаар засаглалын эрх мэдэл сөрөг хүчинд шилжиж  ирсэн. Гэтэл Ардчилсан намынхны эрх барьж буй гурван ч аймагт "ноёд" нь татвар төлөгчдийн мөнгөнд хайр гамгүй хандаж буй хандлага нь намыг нь муу дээр нь муухай, муухай дээр нь улцан болгоод байна.

Covid-19 халдвартай тав дахь иргэн нас барав

Халдварт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-ийн Халдварын клиникт Covid-19 халдвар авсан, маш хүнд биетэй хүн эмчлүүлж байгаад хоёрдугаар сарын 17-нд нас барав. Тодруулбал, Монгол Улсын хувьд Covid-19 халдвартай нь тогтоогдсон тав дахь иргэн нас барсан тохиолдол болов.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээллээр дээрх тохиолдол хоёрдугаар сарын 14-нд тус төвд хэвтсэн. Нас барсан өвчтөн ходоод бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг, тунгалагийн булчирхайн үсэрхийлсэн хавдартай байсан аж. Нас баралтын шалтгааныг хавсарсан болон үсэрхийлсэн хавдрын хордлого, уургын дутагдал, тураал болон олон эрхтний дутагдлаар нас барсан гэж дүгнэжээ.

Мөн Covid-19 халдвараар хүндэвтэр өвчилсөн гэсэн онош тавигдсан байсан аж.

Улсын онцгой комисс бизнесийг нээх шийдвэр гаргав

Улсын онцгой комисс өчигдөр (2021.02.20) хуралдаж, хоёрдугаар сарын 23-наас бизнесийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргасныг Засгийн газар ээлжит бус хуралдаанаараа баталгаажуулав.

Дээрх шийдвэрийн хүрээнд аж ахуй нэгжүүдийн 95 хувь нь ажиллах боломжтой болж байгаа юм. Үүнд дараах таван төрлийн үйл ажиллагааг хориглосноос бусад бизнес эрхлэгчид ажиллах боломжтой гэсэн үг.

  • Уралдаан тэмцээн
  • Аялал зугаалга /гэр бүлээс бусад/ 40-100 хүнтэй буюу олныг хамарсан аялал зугаалгыг хориглоно
  • Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
  • Диско баар
  • Цахим тоглоомын газар, Хүүхдийн тоглоомын газар

Хамгийн гол нь байгууллага, аж ахуй нэгж, иргэн бүр халдвараас сэргийлэх журмыг мөрдөн ажиллах ёстой.

Учир нь Улаанбаатар хотод 12 хоногийн хугацаатай хатуу хөл хорионы дэглэм тогтоож, энэ хооронд “Нэг өрх-Нэг шинжилгээ” зохион байгуулснаар нийгэмд тархаад байсан Covid-19 халдварыг хяналтад оруулсан ч аюул арилаагүй, халдварын эрсдэл өндөр хэвээр аж.

Иймээс халдваргүй бүс нутаг болох аймгуудад бүх шатны сургуулийн хичээлийг гуравдугаар сарын 10-наас танхимаар эхлүүлэх шийдвэр гаргасан бол нийслэлд “Нэг өрх-Нэг шинжилгээ”-ний дүнг үндэслэж, сургуулиудыг танхимаар үргэлжлүүлэх эсэх шийдвэрийг эцэслэн гаргах аж.

Мөн Улаанбаатар хотоос орон нутгийг зорих иргэдийн хөдөлгөөн ирэх гуравдугаар сарын 1-н хүртэл хязгаарлагдана. Өөрөөр хэлбэл, зайлшгүй хүндэтгэх шалтгаанаар орон нутгийг зорих болсон иргэн PCR шинжилгээ өгч, гачигдал гарсныг илтгэх тодорхойлолттой байж, нийслэлээс гарч буй журам хэвээр мөрдөгдөх болж байна.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж