Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн Сovid-19-ийн эсрэг вакциныг тээвэрлэхэд гарч байсан гол хүндрэл нь хадгалалт болон тээвэрлэлтийн үеийн температурын өндөр шаардлага байв. Тус вакциныг Цельсийн -80-аас -60 хэмд хадгалах шаардлагатай байсан нь зарим буурай орнууд руу тээвэрлэхэд зардал өндөр гарч, хүндрэлтэй байсан юм.
Үйлдвэрлэгчид энэ шаардлагаа сулруулж, Цельсийн -25-аас -15 хэмд тээвэрлэх, хадгалах боломжтой болгож өөрчлөх хүсэлтээ өчигдөр (2021.02.19) АНУ-ын Хүнс, эмийн удирдах газарт /FDA/ хүргүүлжээ. Ингэснээр "Pfizer"-ын вакциныг гүн хөлдөөгчид бус, энгийн хөлдөөгчид хадгалж, тээвэрлэх боломжтой болж, дэлхийн олон улс орон уг вакцинаас авахад саадгүй болох юм.
FDA ч вакцин үйлдвэрлэгчийн хүсэлтийг даруй хэлэлцэн үзэж, зөвлөмжөө өөрчлөхөөр ажиллаж байгаа аж. Одоогийн байдлаар АНУ-д "Pfizer"-аас гадна "Moderna" компанийн бүтээсэн вакцин дархлаажуулалтад ашиглагдаж байна. Гэхдээ "Moderna" вакцин нь "Pfizer"-тай адил "mRNA" технологиор бүтээгдсэн ч хадгалах температурын шаардлага нь Цельсийн -25-аас -15 хэм юм. Харин "Pfizer/BioNTech" компаниудын хувьд вакцины аюулгүй байдлын стандартын туршилтаа хожуу эхэлсэн тул эрсдэлээс болгоомжлох үүднээс дээрх өндөр шаардлагыг тавьж байжээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ