Ангараг гариг дээр өчигдөр газардсан NASA-ийн “Perseverance” робот станц тус гариг дээр авсан анхны сэлфи зургаа дэлхий рүү илгээснийг олон нийтэд дэлгэлээ. Улаан нүдэн гаригийн гадаргуу дээр буухаасаа хэдхэн секундын өмнө авсан энэхүү зургийг уян холбоосоор станцыг доош буулгаж байсан “Sky crane” буюу тэнгэрийн өргөгч дээр байрлуулсан камераас авсан аж.
Зураг дээр тэнгэрийн өргөгчөөс гурван кабелиар дүүжлэгдсэн “Perseverance” станц болон холбооны кабель зэрэг дүрслэгджээ. Түүнчлэн тэнгэрийн өргөгчийн тийрэлтэт хөдөлгүүрээс үүссэн тоос Ангарагийн гадаргуу дээрээс боссоныг харуулж байна. Энэ нь дэлхийгээс өөр гариг дээр робот станц бууж байгааг ойроос харуулсан хамгийн анхны гэрэл зураг аж.
“NASA” ирэх долоо хоногт Ангарагийн тойрог замд байгаа сансрын хөлгийн зургаан камераар буулгасан илүү олон сонирхолтой дүрс бичлэг, гэрэл зураг, аудио бичлэгийг олон нийтэд сонирхуулж, Ангараг гаригаар “аялуулах”-аар төлөвлөжээ. Үүнд “Perseverance” хөлөг тусгариг дээр хэрхэн газардсаныг эхнээс нь дуустал харах бичлэг ч багтжээ.
Долоон сарын өмнө дэлхийгээс хөөргөсөн өөрөө явагч “Perseverance” станц нь 470 сая километр урт зам туулсны эцэст Ангараг гаригт хүрсэн ба багадаа хоёр жилийн хугацаанд тус гариг дээрх “Езеро” гэгддэг эртний нуурын ёроолд ажиллаж дээж цуглуулах юм.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ