Covid-19 хэмээх цар тахал бидний амьдралын хэмнэлийг хянаад даруй нэг жил өнгөрчээ. Хамгаалалтын нэг удаагийн хэрэглээний маск зүүх, гараа угаах, хоорондын зай барьж харилцах, гар барьж мэндчилэхгүй байх гээд олон зүйл бидний өдөр тутмын амьдралын дадал болсон байна.
Удахгүй хөл хориог сулруулж, хүмүүс хэвийн амьдралдаа эргэн орно. Тиймээс албан байгууллага, аж ахуй нэгж, худалдааны төвүүд үүдэндээ ариутгагч төхөөрөмж суурилуулж эхэлжээ. Томоохон зах худалдааны төвүүд үйлчлүүлэгчдээ зориулан авч байгаа халдвар хамгааллын арга хэмжээг буруутгах аргагүй. Гоё олон өнгийн гэрэлтүүлэгтэй, уур савсуулсан шинэ содон төхөөрөмжүүдийн дундуур гарч ариутгагдаад дэлгүүр худалдааны төв рүү орох иргэдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж дархлаа нь сайжирдаг байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч бид чинь сэжгээр өвдөж сүжгээр эдгэдэг гэх хэлц үгтэй ард түмэн. Гэхдээ төрийн байгууллагууд иймэрхүү хэлц үгийн сэтгэлгээгээр ажлаа явуулаад байна уу даа гэх сэрдлэг эрхгүй төрөх болсоор удаж байна.
Төрийн ихэнх байгууллагууд, агентлаг , яамд, шүүх, цагдаа , нийслэлийн Хангарьд ордон, нисэх буудал тэр ч бүү хэл ихэнх эмнэлгийн үүдэнд хүртэл ариутгах үйлчилгээтэй гэх хаалганууд суурилуулсан байгаа нь хэр зүй зохистой үйлдэл болохыг сонирхон гадаадын зарим нэгэн хэвлэл мэдээллийн сайтад гарсан материалыг уншлаа.
Энэ төрлийн хаалганууд нь зөвхөн covid-19-ийн эсрэг төдийгүй, бусад өвчний эсрэг халдвар хамгааллын ямар нэгэн эерэг үр дүн үзүүлэхгүй бөгөөд энэ талаар хийсэн эрдэм шинжилгээний судалгаа байхгүй байгаа болон харин ч химийн элдэв бодис,озоны хийн уур болон хэт ягаан туяаны гэрлийн замбараагүй хэрэглээ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болохыг АНУ-ын нэр хүндтэй олон нийтийн болон төрийн байгууллагын сайтууд дээр мэргэжлийн хүмүүс бичиж, олон нийтийн газар ашиглах нь зохимжгүй талаар мэдээлсэн байна.
Харин манайд хэрэглээ үйлчилгээнд нэвтрээд байгаа эдгээр ариутгалын гэгдэх хаалганууд ямар стандарт шаардлагыг хангасан тухайд манай төрийн болон олон нийтийн мэдээлlийн сайтууд дээр ямар ч мэдээлэл алга байна. Гэтэл нэлээн хэдэн мэдээллийн сайтууд дээр “ … Бизнесийн үйл ажиллагааг үе шаттай нээхтэй холбоотойгоор УОК-оос ААН-д ажлын байран дээрээ баримтлах халдвар хамгааллын нийтлэг түр журмыг боловсруулах ажил хийгдэж байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг энэ талаар мэдээлэл өгсөн юм. УОК-ын дэд дарга бөгөөд Батлан хамгаалахын сайд бригадын генерал Г.Сайханбаяраар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Засгийн газрын хуралдаанд нийтлэг түр журмыг танилцуулсан байна. Ямар бизнес халдвар хамгааллын аль дүрмийг хэрэгжүүлэх талаарх ААН-д зайлшгүй мөрдөх нийтлэг түр журмыг хоёрдугаар сарын 20-нд дэлгэрэнгүй танилцуулах аж … “ гэсэн мэдээлэл гарсан байгааг харвал удахгүй энэ хаалгыг бараг бүх л аж ахуйн нэгж байгууллагууд худалдан авч үүдэндээ суурилуулах юм байна.
Цаг үеэ мэдэрсэн бизнес хийж орлого олж байгаа хувийн байгууллагуудыг буруутгах аргагүй, гагцхүү энэ хэцүү цаг үед хяналт тавьж ажиллах ёстой төрийн байгууллагууд нь ийм нүдэн балай чихэн дүлий байж , ямар ч стандарт шаардлага хангаагүй бүтээгдэхүүнд төрийн болон хувийн байгууллагуудын хөрөнгө мөнгийг дэмий үрж байгаа нь нэн харамсалтай. Эхэн үедээ хэдэн төгрөгөөр зарагдаж байсныг нь бол мэдэхгүй ч одоо бол халуун хэмжигчийнхээ хүчин чадлаас хамаараад иймэрхүү хаалга манай дотоодын зах зээл дээр 6-7 сая төгрөгийн үнэтэй байна. Гэтэл Хятадын цахим худалдааны сайт болох alibaba.com дээр 400-500 ам.долларын үнэтэй байх юм.
Төрийн хэдэн байгууллага нь мордохын хазгай болж ийм ариутгалын гэгдэх хаалга худалдан авч татвар төлөгчдийн мөнгийг үр дүнгүй зүйлд зарцуулсан бол одоо дахиад хэдэн байгууллага худалдан авахаар төлөвлөж байгаа бол гэхээс үнэндээ гайхаш төрж байна. Нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээрээ бол бид хөгжиж байгаа улс гэсэн ангилалд ордог, гэхдээ боловсрол мэдлэгийн түвшингээрээ арай ч ийм хоцрогдсон гэсэн ангилалд ормооргүй байгааг Эрхэм төрийн түшээд анхааралдаа авч, дэлхий нийтийг хамарсан энэхүү цар тахлын үед арай л шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандмаар байна шүү гэдгийг хэлье.
Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, элдэв өвчин, эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажилд гагцхүү шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр зохих стандарт шаардлагыг хангасан байдлаар хандах нь зохистой.
УОК болон НОК-ийн дэргэд эрхбиш эрдэм номтой улс олон л ажиллаж байгаа байх гэж найдан энэхүү мэдээллийг хүргэлээ.
Гадаадын сайтууд дээр гарсан мэдээллийн эх сурвалжууд:
- Walkthrough Sanitization Gates for COVID-19: A Preventive Measure or Public Health Concern? in: The American Journal of Tropical Medicine and Hygiene Volume 103 Issue 2 (2020) (ajtmh.org)
- Walkthrough Sanitization Gates for COVID-19: A Preventive Measure or Public Health Concern? (nih.gov)
- Are mobile disinfection chambers effective against COVID-19? (researchgate.net)
- Coronavirus disease (COVID-19): Cleaning and disinfecting surfaces in non-health care settings (who.int)
УЛААНБААТАР ХОТЫН БГД-ИЙН ОРШИН СУУГЧ Б.БАТСАЙХАН