Ипотекийн зээлийн хүү 6 хувь болсон нь байрны үнийг өсгөв үү?

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

Ипотекийн зээлийн хүү 6 хувь болсон нь байрны үнийг өсгөв үү?

Ипотекийн зээлийн хүү 6 хувь болсон нь байрны үнийг өсгөв үү?

Засгийн газар, Монголбанк хамтран шинэ оны өмнө ипотекийн зээлийн хүүг жилийн зургаан хувь болгон бууруулсан ч байрны үнэ өссөн нь бага, дунд орлоготой иргэд орон сууцтай болоход хүндрэл учруулах нь ээ. Тодруулбал,  “Тэнхлэг зууч” компанийн энэ оны нэгдүгээр сарын судалгаагаар шинээр баригдсан орон сууцны дундаж үнийг дүүргээр нь авч үзвэл Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэг метр квадрат нь 3.3-3.4 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа юм.

Хоёр жилийн өмнө Чингэлтэй дүүрэгт шинэ орон сууцны дундаж үнэ нэг метр квадрат нь 1,9 сая, Сүхбаатар дүүрэгт 2,7 сая төгрөг байсантай харьцуулахад үнэ хамгийн багадаа 600 мянга, дээд тал нь 1.4 сая төгрөгөөр өсчээ.

Харин энэ оны нэгдүгээр сарын захиалга авч буй шинэ орон сууцны дундаж үнэ нэг метр квадрат нь 2.5 сая төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 2.1 хувиар өссөн дүн юм байна. Мөн энэ оны нэгдүгээр сарын орон сууцны үнийг өмнөх жилтэй харьцуулбал,  5.3 хувиар өсчээ.  Түүнчлэн шинэ орон сууцны үнийн индекс нэгдүгээр сарын байдлаар 1.317 нэгж хүрсэн нь өмнөх сараас 2.1 хувиар өсч, өнгөрсөн оны аравдугаар сараас хойших өсөлтөө хадгалсан байна. Харин хуучин орон сууцны үнийн индекс 1.015 нэгж хүрсэн нь өмнөх сараас бага зэрэг буурсан үзүүлэлт аж.

Орон сууцны үнэ өсөхөд нөлөөлсөн гол шалтгааныг иргэд ипотекийн зээлийн хүү буурсантай холбон тайлбарлаж буй юм.

Учир нь, Засгийн газар өнгөрсөн оны тавдугаар сараас эхлэн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд ипотекийн зээлийн хүүг бууруулах арга мехнизм судалж буйгаа зарласан. Тэр үеэс барилгын компаниуд орон сууцныхаа үнийг бага, багаар нэмэх болжээ. Энэ өсөлтийг ажигласан зарим иргэн ипотекийн хүү буурахаас урьтан, байр зээлээр авах хүсэлтээ банкинд гаргасан ч ипотекийн санхүүжилтийн эх үүсвэр нь хүрэлцэхгүй хүлээх шаардлагатай болсон аж. Хэдийгээр Засгийн газар, Монголбанк ипотекийн зээлийн хүүг бууруулж, зургаан хувь болголоо, эх үүсвэрийг нэмэгдүүллээ гэдгээ зарласан ч орон сууцны үнэ өссөн байсан нь зарим иргэдийн хувьд банкнаас тавих нөхцөл шаардлагыг ч хангахгүйд хүрч, буцахад хүргэжээ.

Статистик мэдээгээр, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ипотекийн зээлийн хүү хоёр хувиар буурч, зургаан хувьд тогтсоны дараа иргэд байртай болохын тулд 95 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан нь түүхэндээ анх удаа хамгийн олон хүн зээлд хамрагдсан үзүүлэлт болжээ.

Гэхдээ зорилтот бүлэг буюу гэр хороололд амьдарч буй иргэд, мөн түрээсийн байранд амьдардаг иргэд ипотекийн зээлд хамрагдах хувь маш бага. Байртай байсан иргэд нь хоёр өрөөгөө гурван өрөө болгох, эсвэл нэг өрөө байраа хоёр өрөө болгох зэргээр томруулсан тохиолдол олон аж.

Иймээс Засгийн газар бага, дунд орлоготой иргэдийг үнийн хөөрөгдөлгүй орон сууцанд хамруулахад анхаарч ажиллахгүй бол орон сууцжуулах гурван их наяд төгрөгийн цогц хөтөлбөр зөвхөн барилгын компаниудыг “угжсан” бодлого болж бууж мэдэхээр байна.

Үе, үеийн Засгийн газар бага, дунд орлоготой иргэдийг орон сууцжуулах зорилт тавьж, жилийн 30 гаруй хувийн хүүтэй олгогддог байсан зээлийг ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлснээр зургаан хувь руу буулгасан нь том дэвшил боловч, хамрагдсан иргэд авсан зээлээ бараг хоёр дахин нугалж төлөх үүрэг хүлээдэг нь банкуудад илүү ашигтай тусч буй тухай шүүмжлэл ч гарсаар ирсэн. Тиймээс ипотекийн зээлийн иргэдэд учирч байгаа дарамтыг бууруулах шаардлага ч давхар бас тавигдаж буй юм.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж