“Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршимуй
Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй
Ээмэгний шигтгээ үдшээр л гэрэлтмүй
Эмээлийн баавар шөнөөр л гялалзмуй…” хэмээн Монголын Урчуудын эвлэлийн гишүүн зураач, багш Ц.Баттөрийн "Улаан хатан” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн “Монгол Арт” галерейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэгдэж байна.
Тэрбээр бүтээлээ туурвихдаа өрнийн болоод монгол уламжлалт урлахуйн аргачлалыг нэгтгэн ашигладаг. Тухайлбал, түүний тосон будгийн ажлуудад “Зүмбэр” хэмээх монгол аргачлал түгээмэл харагддаг. Зураач Ц.Баттөрийн уран бүтээлийг үнэлж ОХУ-н Иркутск хотод зохион байгуулагдсан “Евроази-Арт” уран бүтээлч багш нарын олон улсын үзэсгэлэнгээс Реалист зургийн тэргүүн байрын шагнал, Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран бүтээлч багш нарын “Орон зай 2014” үзэсгэлэнгээс тэргүүн шагнал хүртэж байв.
Мөн Вьетнам улсад зохион байгуулагдсан “Art under the roof” хөтөлбөр, зургаа дахь удаагийн Бээжингийн олон улсын урлагийн биенналь, Бюделсдорф хотноо зохиогдсон “Норд Арт 2016” олон улсын үзэсгэлэн, Бээжингийн олон улсын үзэсгэлэн, “Сибирийн өнгө” олон улсын пленер, Токио хотноо зохиогдсон Монгол, Солонгос болон Япон орны уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн зэрэг олон улсын нэр хүнд бүхий олон тооны үзэсгэлэн, биеннальд оролцож байжээ. Ингээд түүнтэй тав дахь бие даасан үзэсгэлэнгийнх талаар яриа дэлгэснээ хүргэе.
-Хөл хорионы үеэр “Монгол арт” галерейд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж, цахимаар олон нийтэд хүргэж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог гэвэл?
-Үзэсгэлэн гаргах цаг үе маань ингэж таарлаа. Миний хувьд энэ удаагийн бие даасан үзэсгэлэнгээ түүхт Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойд зориулан монгол хатдын хөрөг зургийг дэлгэн үзүүлж буйгаараа онцлог. Үзэсгэлэнд 13 дугаар зууны монгол хатдын гоо үзэсгэлэнг харуулахыг зорьсон. Тухайн үеийн түүхэн хатад ихэвчлэн улаан өнгийн торгон дээл, хувцсаар гоёдог байсан болохоор үзэсгэлэнгээ “Улаан хатан” гэж нэрлэсэн юм. Ойролцоогоор 30 орчим бүтээл бий.
-Үзэсгэлэнгээ “Улаан хатан” гэж нэрлэсэн нь ийм учиртай байж?
-Ер нь энэ удаагийн үзэсгэлэнд улаан өнгө давамгайлж байгаа. Тэрнээс биш би голдуу хар бараан өнгө дунд ажилладаг.
Харанхуйн дотор л хамгийн тод гэрэл оршимуй
Бүрэнхийд л бүсгүй хүн илүү царайлаг харагдмуй
Ээмэгний шигтгээ үдшээр л гэрэлтмүй
Эмээлийн баавар шөнөөр л гялалзмуй…хэмээх энэ дөрвөн мөртөд үзэсгэлэнгийн маань агуулга тэр чигээрээ багтсан гэж хэлж болно. Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн хар бараан өнгө дундаас илүү тодорч харагддаг. Бүтээл минь илүү сүнслэг болдог гэх үү дээ. Энэ удаагийн үзэсгэлэндээ бараан өнгийг улаан өнгө рүү уусгаж гаргасан. Би чинь их олон өнгөөр ажилладаггүй. Цөөн өнгөөр, санаагаа тод гаргахыг эрхэмлэдэг. Тийм болохоор бүтээлдээ үндсэн тод, ханасан өнгүүдийг хэрэглэдэг.
-Өмнө нь “Энгүй” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ хатдын хөргөөр дагнан гаргаж байсан шүү дээ. Энэ удаа монгол хатдын гоо үзэсгэлэнг бас нэгэн өөр өнгө будаг, түүхтэйгээр харуулж байгаа нь сонирхол татаж байна?
-Миний сонирхол гэх үү дээ. Эмэгтэй хүний уян зөөлөн, намбалаг ааль миний зураг зурах ажиллагаатай тохирдог. Зургаа зурж дуусаад харахад хүртэл нэг л уянгалаг бүтээл болсон мэт санагддаг. Тэр утгаараа эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илүү тодотгож, бүтээлдээ дүрслэхийг зорьдог. Би хаадын хөргийг ч гэсэн зурдаг. Гэхдээ ихэнх бүтээл маань эмэгтэй хүний хөрөг байдаг даа.
-Та уран зургийн ямар төрлөөр бүтээл туурвидаг вэ. Монгол уламжлалт урлахуйн аргачлал болох зүмбэрлэх арга барилыг ашигладаг гэж сонссон?
-Үндсэн ажиллагаа бол суурь уран зургийн техник. Дээр нь ардын уламжлалт зүмбэрлэх аргыг орчин үеийн шинэлэг техниктэй хослуулж, өөрийн гэсэн шийдэл гаргаж үзсэн. Тэр арга барилаараа олон бүтээл зурсан. Хуучин цагт сүм хийдийн баганыг урлахдаа ашигладаг байсан. Яг одоогоор монгол зургийн зүмбэрлэх аргыг орчин үеийн уран зурагтай хослуулсан зураач надаас өөр байхгүй.
-Бүтээлийнхээ санааг хэрхэн олж, зохиомжоо гаргадаг вэ?
-Түүхэн сэдвээр зураг зурах бол ном уншиж, судална. Бодит амьдралаас сэдэвлэсэн зургууд ч байгаа. Энэ удаагийн үзэсгэлэнгээ гаргахын өмнө түүхэн эх сурвалж уншиж, янз бүрийн дүрүүдтэй танилцсан. Зарим хатдын түүх, эмэгтэй хүнтэй холбоотой болсон үйл явдлаас сэдэвлэж, бүтээлээ зурсан. Голдуу Мөнх хаан, Хубилай хааны үеийн хатдыг дүрсэлсэн. Хархорум хотын төв хэсэгт “Мөнгөн мод” бий. Тэр модны орой дээр далавчтай сахиусан тэнгэр байдаг шүү дээ. Миний хувьд тэр сахиусан тэнгэрийг монгол эмэгтэйн дүр төрхөөр хийсэн том хэмжээний бүтээл бий.
-Таны бодлоор монгол эмэгтэй хүний дүр төрх, онцлог гэвэл?
-Миний бүтээл болгон дээр өөр өөр дүр төрхтэй хатдыг дүрсэлсэн. Монгол эмэгтэй хүний нийтлэг шинж нь гэвэл дайчин эрэмгий төрхтэй. Тэр гайхамшигтай чанарыг гоо үзэсгэлэн, уян зөөлөн чанартай нь хослуулан гаргахыг хичээдэг.
-Ямар орчинд зургаа зурах дуртай вэ?
-Би өглөө эрт зургаа зурах дуртай. Гэхдээ ажлын онцлогоос болж, сүүлийн хэдэн жил орой сууж зургаа зурж байна. Би Дүрслэх урлагийн академид 10 дахь жилдээ багшилж байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ