Өнгөрсөн жилийн зургадугаар сард Хятад, Энэтхэгийн хилийн маргаантай бүс буюу Гималайн нурууны Ладак нутгийн зэвсэггүй бүсэд хоёр талын цэргүүд гардан байлдаанд орж цөөнгүй хүний амь эрсэдсэн билээ. Тухайн үед Энэтхэгийн талаас хохирлоо тодорхой мэдээлж байсан бол Хятадын тал огт мэдэгдэл хийлгүй өнгөрсөн юм. Тэгвэл өнөөдөр /2021.02.19/ Хятадын тал ам нээж, мөргөлдөөнд дөрвөн цэрэг нас барсан бөгөөд тэдэнд шагнал нэхэн олгосон гэдгийг хэлжээ. Хятадын албан ёсны мэдэгдэлд “Чен Хонжүн, Чен Шианрон, Шиао Сиюань, Ван Жуоран нар гэрээгээ зөрчин Хятадын эзэмшилд нэвтэрсэн гадны цэргүүдийн эсрэг зоригтой тэмцэн, эх орныхоо төлөө амиа өргөсөн” хэмээн дурджээ. Түүнчлэн Чен Хонжүнд тэргүүн фронтын баатар, бусад талийгаачдад нэгдүгээр зэргийн гавьяаны шагнал нэхэн олгосон байна.
Болсон явдалд хоёр тал нэг нэгнээ буруутгасаар байгаа бөгөөд чухам аль тал нь гэрээгээ зөрчин мөргөлдөөн эхлүүлсэн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Мөргөлдөөн болсон газар нь зэвсэггүй бүс тул цэргүүд буу, техник ашиглахын оронд хадаастай мод, муна, чулуу, нүцгэн гараараа байлдсан аж. Мөргөлдөөний дараахан Энэтхэгийн талаас 20 хүн нас барсан бөгөөд Хятадын талын 40 орчим хүнийг хороосон хэмээн мэдээлж байсан ч Хятадын талаас нарийн мэдээлэл өгөөгүй өдийг хүрсэн юм.
Зургадугаар сард болсон мөргөлдөөнөөс хойш хоёр тал хилийн цэргийн хүчээ нэмэгдүүлж, маргаантай бүсийн дагуу нэмэлт хүч байрлуулан болзошгүй тулаанд бэлдэж эхэлсэн билээ. Түүнчлэн Энэтхэгийн тал фронт хүрэх шинэ уулын нүхэн зам нээж, Хятадын тал цэргүүддээ тулааны урлагийн хичээл заах болсон юм. Өнгөрсөн сарыг хүртэл дахин хэд хэдэн жижиг хэмжээний мөргөлдөөн болсон ч хоёр тал цэргээ татах тохиоролцоонд хүрч, маргаантай бүсээс цэрэг, техникээ буцааж эхэлсэн билээ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ