Covid-19 цар тахал үүсгэгч SARS-CoV2 вирусийн уураг удаа дараа мутацид орж, хувьссаар өдгөө Их Британийн, Өмнөд Африкийн, Бразилийн зэрэг аюултай хувилбарууд үүсгээд байгаа билээ. Сүүлийн үед хийсэн шинэ судалгааны үр дүнгээс харахад өдгөө олон улсад халдвар тарааж буй шинэ хувилбарууд анх Ухань хотод тархаж байсан хувилбараасаа найм дахин илүү халдварлах, үржих чадвартай болсон байна.
Шинэ судалгааг хийхдээ Нью Йоркийн их сургууль, Нью Йоркийн ген судлалын хүрээлэн D614G тэргүүтэй сүүлийн үед үүссэн мутациудад гол анхаарлаа хандуулсан аж. “Шинэ мутациуд улам илүү халдварлах боломжтой байгааг баталснаар өнгөрсөн нэг жилийн хугацаанд цар тахал маш хурдтай тархсан шалтгааныг тайлбарлаж болох юм” хэмээн Нью Йоркийн их сургуулийн захирал Невилл Санжана хэлжээ. Судалгааны хүрээнд эрдэмтэд хүнд D614G мутаци болон анх Ухань хотод тархсан хувилбарыг тарьж, уушиг, элэг, цусны цагаан эсүүдэд хэрхэн нөлөөлж буйг харьцуулан судалсан байна. Тийнхүү судалж үзэхэд өдгөө тархаж буй хувилбаруудын үржих болон халдварлах чадвар анхныхаасаа найм дахин нэмэгджээ.
Хэдий тийм ч шинэ хувилбаруудын хүний биеийг өвчлүүлэх, үхэлд хүргэх аюул эрс буурсан аж. Гэвч өдгөө олон улсад зөвшөөрөгдөөд буй вакцинууд нь Ухань хотод тархаж байсан вирусийн генийн мэдээлэл дээр үндэслэн бүтээгдсэн тул шинэ хувилбаруудын эсрэг үр дүн буурч магадгүй хэмээн эрдэмтэд эмээж байгаа гэнэ.
Эх сурвалж: RT.COM