Засгийн газраас Сovid-19 халдварын талаарх өнөөдөр /2021.02.19/-ийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 47110 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 58 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. Үүнээс Нэг хаалга-Нэг шинжилгээ" арга хэмжээний хүрээнд нэмж 10 хүнээс халдвар илэрсэн. Хоёр хүний анхны шинжилгээгээр вирус илэрсэн бол бусад найм нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал байна. Үлдсэн 48 тохиолдлын гэртээ тусгаарлагдсан хүмүүсийн давтан шинжилгээнүүд болон ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ. Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингэснээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” өргөтгөсөн шинжилгээний хүрээнд 47 хүнээс халдвар илрээд байна.
Улаанбаатар хотод сүүлд бүртгэгдсэн 58 тохиолдлын байршлуудаас дурдвал, БГД-ээс гурав, Баянзүрх дүүргээс 19, Сүхбаатар дүүргээс хоёр, Сонгинохайрхан дүүргээс 17, Хан-Уул дүүргээс тав, Чингэлтэй дүүргээс 12 тохиолдол тус тус бүртгэгдсэн. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 47 тохиолдол батлагдсаны 20 нь анхны шинжилгээгээр, 27 нь гэрийн бүлийн ойрын хавьтал байна.
Эдгээр батлагдсан тохиолдлуудыг дүүрэг, хороогоор танилцуулбал, БГД-ийн 3, 12, 25, БЗД-ийн 26 хороо, СБД-ийн 18 хороо, СХД-ийн 6, 7, 18, 31, 39, ХУД-ийн 2, 4, ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороо байна. Ойрын хавьтлаас илэрсэн тохиолдлын байршил гэвэл, БГД-ийн 3, 12, 15, СХД-ийн 31, 39, ХУД-ийн 2, 5 , 18, 19, ЧД-ийн 12 дугаар хороо. Тандалт судалгааны явцад анхны шинжилгээгээр батлагдсан 20 тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлын хавьтал болсон байсан.
Улаанбаатар хотод халдварын батлагдсан тохиолдол 1712 болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2038 тохиолдол батлагдсан. Өчигдөр 17 хүн эдгэрч гэртээ харьсан. Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 2551. Үүнээс 1819 хүн буюу 71.2 хувь нь эдгэрсэн.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт нийт 717 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд долоо, хүндэвтэр 84, хөнгөн 625 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 174 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн төв эмнэлэгт 222 хүн эмчлүүлж байгаа бол Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 311 хүн эмчлүүлж буй. Одоогоор ойрын хавьтлын 772 хүн байна. Хоёрдогч хавьтал 1418 хүн байна.
“ХӨЛ ХОРИОНЫ 8 ХОНОГИЙН СҮҮЛИЙН 3-4 ХОНОГТ АЧААЛАЛ ЭРС НЭМЭГДСЭН”
“Нэг хаалга-Нэг шинжилгээ” явцын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Өчигдөр Хан-Уул дүүргийн 18 хорооны 32 мянга орчим өрхөд PCR шинжилгээ хийхээр төлөвлөснийг зарласан. Гэтэл төлөвлөгөөт ажил 50 хувиар нэмэгдэж, нийт 42.443 хүнийг шинжилгээнд хамруулсан. Ингэж тоо нэмэгдсэн нь хоёр шалтгаантай. Нэг өрхийн нэг хүн шинжилгээ өгөх ёстой боловч нэг өрхөөс хэд хэдэн хүн шинжилгээ өгч, ачаалал нэмэгдүүлсэн. Хоёрдугаарт, өөр дүүрэг, хорооны иргэн PCR шинжилгээ өгсөн тохиолдол байна. Иймээс Хан-Уул дүүрэгт цөөн тооны айл өрх шинжилгээнд хамрагдаж чадалгүй үлдсэн. Үүнийг хороо, дүүргээр нь нягталж, хоёрдугаар сарын 20-нд явуулын цэгээр шинжилгээнд хамруулна. Нийтдээ 32 мянган өрхөөс 42 мянган хүн шинжилгээ өгч, лабораторийн ачааллыг нэмсэн. Өчигдөр шөнийн байдлаар 40 мянган хүний сорьц лабораторид уншигдахаар хүлээгдэж байна. Энэ нь найман хоногийн хугацааны сүүлийн 3-4 хоногт ачаалал эрс нэмэгдсэн. Өдөрт 50 мянган хүн PCR шинжилгээ өглөө гэсэн үг. Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт 23 мянга, маргааш дараагийн дүүрэгт 23 мянга орчим, сүүлийн хоёр хоногт 33 мянга орчим өрхийн төлөөллөөс шинжилгээ авна. Ингэснээр 110 мянга орчим өрхөөс PCR шинжилгээ авч дуусах төлөвлөгөөтэй байгаа. Өрх бүрээс нэг хүн л шинжилгээнд хамруулна. Өчигдөр 80 гаруй сэтгүүлчдийг PCR шинжилгээнд хамруулж, бүх хариу сөрөг гарсан. Сэтгүүлчдийн ар гэрээс өөр хэн нэгэн шинжилгээнд хамрагдахгүй байж болно. Үүнтэй адил шалтгаанаар давхардал үүсгэхгүй байхыг анхааруулъя. Учир нь лабораторийн ачаалал нэмэгдэх хандлага үүсч байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хорооны 23.024 өрхийг шинжилгээнд хамруулна. Шинжилгээг 10 цэг, явуулын 60 багаар зохион байгуулна.
Хүнсний хангалт, худалдаа, түгээлтийн үйл ажиллагааг энэ сарын 16-аас нээсэнтэй холбоотойгоор PCR шинжилгээг ажилчдаас авч дууссан. Тийм болохоор энэ зорилгоор PCR шинжилгээ өгч, ачаалал үүсгэхгүй байхыг мэдэгдье. Зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар шинжилгээ өгөх бол дүүргийнхээ шинжилгээний цэгт хандана. Бид хоёрдугаар сарын 8-аас хойш 420 мянган хүнээс шинжилгээ аваад байна. Бид одоо 110 мянга орчим өрхөөс шинжилгээ авах төлөвлөгөөтэй. Чингэлтэй дүүрэгт хоёр том голомт байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт гурваас дээш халдварын тохиолдол бүртгэгдсэн. Хоёрдугаар сарын 24 гэхэд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний эцсийн хариу гарч, олон нийтийн дундаас хэчнээн халдварын тохиолдол, голомт байсныг нэгтгэж гаргана. Нийтийн тээврээр зайлшгүй нөхцөлд ажиллах 14 салбар, байгууллагын ажилчид үйлчлүүлнэ. Бусад хүмүүс хөл хорионы дэглэмийг сахиж аль болох гэртээ байхыг хүсье.
“ХОЁРДУГААР САРЫН 22-НД ЭХНИЙ ВАКЦИНАА ХҮЛЭЭН АВЧ, ИРГЭДЭД СЕРТИФИКАТ ОЛГОНО”
Ингээд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Монгол Улсад цар тахлын улмаас нас барсан иргэдийн тоо хэд байна вэ. Нэг иргэний шинжилгээний хариу эерэг гарсан ч тусгаарлалтад авалгүй гэртээ найм хоносон байна. Тухайн иргэн өөрийгөө гэртээ тусгаарласан ч эмнэлгийн машин, жолооч байхгүй гэх мэт тайлбарыг өгчээ. Үүнтэй адил шалтгаанаар “Монгол шир” компанийн голомттой холбоотой хоёр хүний хариу эерэг гарсан ч хоёрдугаар сарын 3-ныг хүртэл огт тусгаарлаагүй, ажлаа хийснээс бол 140 гаруй хүн халдвар авсан. Нөгөө талаар эмч, эмнэлгийн ажилтнуудын хариуцлагагүй байдлаас болж халдвар нэмэгдэх эрсдэл үүсч байна уу?
-Монголд цар тахлын халдвар бүртгэгдэж эхэлснээс хойш нийт таван нас баралт бүртгэгдсэн. Эдгээрийн хоёр нь архаг хууч өвчтэй, Covid-19 халдварын эмчилгээний явцад эдгэсэн байсан. Гурав нь халдвартай байхаас гадна хавсарсан халдвартай байсан. Нас баралтын хувьд нийт таван хүн буюу 0.1 хувьтай байгаа. Манай шуурхай арга хэмжээний олон баг ажилладаг. Тухайн иргэний гэр бүлээс шинжилгээ авахад халдвартай болох нь батлагдсан. Тэр хүний хувьд хариу нь эхлээд сөрөг гарсан. Гэр бүлийг нь тусгаарлах гэхээр “Манай гэр бүл 11 сартай, дөрвөн настай бага насны хоёр хүүхэдтэй учраас тусгаарлах байранд битгий байлгаач ээ” гэдэг өргөдөл бичиж өгсөн. Тэр хүнийг гэрт нь ажиглаад, дахин шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. Тийм учраас тусгаарлах байранд хоёр хүүхдээ халдвартай газар авч очихгүй гэдэг асуудал гарсан. Гэр бүлийн хоёр өөрсдөө өргөдөл өгсөн. Дахин зургаа хоногийн дараа шинжилгээ авахад хоёр хүүхэд халдвар аваагүй. Харин тухайн иргэний шинжилгээ дахин батлагдсан учраас тусгаарлах шаардлагатай гэдгийг хэлсэн. Хоёр хүүхдээ хадам ээждээ харуулаад эмнэлэгт хэвтсэн. Хэвтэхдээ тухайн иргэн “Гэртээ эмчлүүлмээр байна” гэж өргөдөл өгсөн. Хөнгөн хэлбэрийг гэрээр эмчлэх талаар журам гаргах шаардлагатай байна. Ийм л асуудал болсон. Харин “Монгол шир” компанийн голомттой холбоотойгоор халдвар авсан нэг иргэн “Элизабет” хотхонд амьдардаг. Бид өргөдөл гомдол гаргаж яваагүй учраас цагдаагийн хамгаалалтад авсан. Тэгээд хоёрдугаар сарын 9, 10-аас хойш нэмж халдвар бүртгэгдээгүй байгаа. Зарим ажиглан тусгаарлалтад байсан ажилчид хүний иргэний үнэмлэхээр гадагшаа гарч, зугтаасан. Гэрийн хаягаа буруу хэлсэн хүмүүс ч байсан. Халдварын нууц үеийн хугацаа 5-7 хоног байна. Гэр бүлийн хүрээнд халдвар тархсан. Бид алдаа дутагдлаа залруулж ажиллаж байгаа.
Ц.Ганзориг: Цаашид нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд иргэдийг гэрт нь тусгаарлаж, эмчлэх журмыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болгосон. Энэ журмыг боловсруулж байгаа.
-Монгол Улс хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаа мэдэгдсэн. Тэр дунд 15-аас доош насныханд халдвар тархвал ямар арга хэмжээ авах вэ. Иргэдээ долдугаар сар хүртэлх хугацаанд вакцинжуулж дуусах уу?
-Нийт хүн амын 60 хувь гэхээр насанд хүрсэн хүмүүсийг бүрэн вакцинжуулж чадахгүй юм биш үү гэдэг ойлголт байгаа. Олон улсын жишгийн дагуу 16, 18 наснаас дээш насны иргэдээ тооцвол насанд хүрсэн хүн 2 сая орчим байгаа. Тэгэхээр нэг сая орчим нь 1-18 насныхан буюу хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүдэд тарих вакцин одоогоор Англи улсад туршилтын шатандаа явж байгаа. Тийм болохоор насанд хүрсэн хүмүүсээ 100 хувь вакцинжуулж, долдугаар сар гэхэд вакцинд хамруулж дуусах төлөвлөгөөтэй байгаа. Дархлаажуулалтын ажил хоёрдугаар сарын 23-аас эхэлнэ. Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг 4-5 улсаас вакцин авахаар төлөвлөж, энэ сарын 22-нд эхний вакцинаа хүлээн авна.
А.Амбасэлмаа: Нийт батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь 20-иос дээш насныхан өвчилж байна. Эдгээр хүмүүсээ дархлаажуулаад авбал хүүхдүүдэд халдвар тараах эрсдэлийг бууруулна. Вакцины өөрийнх нь найрлагад орсон үйлдвэрлэгчийн зааврыг эхлээд харна. Заавал эмчийн заавраар вакцинд хамрагдана. Олон улсын зохицуулалтад тухайн улсын иргэн авиа компаниар үйлчлүүлэхдээ вакцинд хамруулсан эсэхийг харна. Сайн дураараа вакцинжуулалт хамрагдах учраас бичгээ үзүүлж, гадаад улс руу зорчих эрхтэй болох юм. Вакцины сертификатыг олгохдоо вакцины бүрэн тунг авсан байх ёстой. Эхний тунгаа аваад 21 хоногийн дараа дараагийн тунгаа хийлгэнэ. Хоёр тунгаа авч, 14 хоносон хүн бол сертификатаа авч, гадаад улс руу явах эрх үүсэх юм. Монгол Улсын хилээр орж ирж байгаа иргэдэд ийм шаардлага тавьж байгаа.
"ВАКЦИНД САЙН ДУРЫН ҮНДСЭН ДЭЭР ХАМРУУЛНА"
-Нийт хүн амыг сайн дураар вакцинд хамруулах уу. Насны хязгаарыг тогтоох уу. Халдвар авах эрсдэлээс хэдэн хувь хамгаалах бол. Монгол эрдэмтэд хүний шүлснээс сорьц авах багажийг зохион бүтээсэн гэж байсан. Энэ шинжилгээний багажийг хэрэглэх боломжтой юу?
А.Амбасэлмаа: Бид өчигдөр хүн амынхаа 60 хувийг дархлаажуулах төлөвлөгөөтэй танилцсан. Эхний ээлжинд эмч эмнэлгийн ажилтан, төрийн албаныхан, архаг хууч өвчтэй хүмүүсийг хамруулна. Вакцинд сайн дурын үндсэн дээр хамруулна. Вакцины дархлаа хүнийг өвчлүүлэхгүй, тархалтыг зогсоох ач холбогдолтой. Монгол эрдэмтдийн туршилт судалгааны төвшинд явж байгаа.
Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл
Коронавирусийн нөхцөл байдлын талаарх 11.00 цагийн мэдээлэл
Posted by News.mn on Thursday, February 18, 2021
Холбоотой мэдээ