JP Morgan Chase ба Citigroup банкуудын үйл ажиллагаа нь Lehman Brothers гэх хөрөнгө оруулалтын банкийг дампууруулах шалтгааны нэг болсон байна. Банкууд Lehman-ны үүрэгт том барьцаа тулгаж, баталгааны нөхцлийг өөрчилсөн байна. Lehman хөрөнгө оруулалтын дампуурсан шалтгааныг мөрдөн байцааж байсан Антон Валукасын хэлснээр барьцааны хэмжээг хэтрүүлсэн нь тэр банкны өр төлөлтөд хамгийн хүндээр нөлөөлжээ. Тэр нь Lehman Brothers-ийн сүйрэх шалтгаан болсон байна. Валукасын бичсэн тайланд өгүүлснээр хөрөнгө оруулалтын банкны санхүүгийн ерөнхий захирал Ричард Фулд, захирал Эрин Каллан ба гүйцэтгэх захирал байсан Кристофер О"Меара нар Lehman-ны санхүүгийн байдлын талаар төөрөгдүүлсэн мэдээлэл гаргаж байсан байна. АНУ-ын Сангийн сайд асан Генри Полсон банк дампуурахаас хэдэн сарын өмнө сүйрлийн аюул байгааг Фулдад сануулж байсан аж. Гэтэл хөрөнгө оруулалтын банкны тэргүүн “хэнэггүй” загнан банкны улиралын тайлангуудад санхүүгийн хүндрэлээ бичээгүй явж иржээ. Мөн илтгэлд уг банкны аудитор Ernst & Young банкны удирдлагын эрсдэлтэй үйл ажиллагааны талаар асуулт тавиагүй өнгөрсөн гэнэ. Тийм маягаар банкны удирдлага хувийн хариуцлагаа алдсан байжээ. Lehman Brothers банк 2008 оны есдүгээр сарын 15-нд дампуурлаа зарласан нь АНУ-ын түүхэнд хамгийн том санхүүгийн сүйрэл болсон юм. Банкны нийт активын хэмжээ нь 640 тэрбум ам.доллар байжээ. Тэр дампуурлаас дэлхийн санхүүгийн хямрал эхэлсэн юм.