Улс орнууд эдийн засгаа сэргээх, хөл хориог сулруулах ганц арга нь вакцин болоод буй. Монгол улс өнгөрсөн оны хагас жилээс хойш covid-19 халдварын эсрэг вакцин оруулж ирэх талаар ярьсан нь одоо л хөрсөндөө бууж байна. Засгийн газраас АНУ, Германы хамтарсан “Pfizer”, Оксфордын их сургуулийн “AstraZeneca”, Хятадын "Синофарм", Оросын "Спутник V" вакциныг оруулж ирэхээр төлөвлөж буй.
Эхний ээлжид Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас 150 мянган тун вакциныг энэ сарын 22-нд авчирна. Өөрөөр хэлбэл, Оксфордын их сургууль, “АстраЗенека” компанийнхан хамтран гарган авч, Энэтхэгт үйлдвэрлэсэн вакциныг авах юм. Улмаар хөл хорионы дэглэмийг сулруулахтай зэрэгцэн энэ сарын 23-аас эхлэн иргэдийг вакцинжуулах юм.
Нэн тэргүүнд, эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж буй албан хаагчид, өндөр настан, суурь өвчтэй хүмүүс вакцинд хамруулахаар тооцсоныг Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс мэдээлж буй. Дараа нь, хүн амын 60 хувь буюу 18-аас дээш насны хоёр сая иргэн вакцинжуулалтад хамрагдах ба дархлаажуулалтын төлөвлөгөө гарсныг ч мэдэгдээд буй. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамны төлөвлөснөөр 2021 оны арваннэгдүгээр сар гэхэд иргэдээ бүрэн вакцинжуулна гэж тооцоолж буй.
Харин иргэдийн хувьд нэг хэсэг нь covid-19 халдварын эсрэг вакцинаас татгалзаж байгаа юм. Шалтгаан нь, “бүрэн судлагдаагүй вакцин хийлгэх нь халдвар өртсөнөөс ч аюултай”, “гэр бүл үр хүүхдээ хамгаалж вакцин хийлгэхгүй” хэмээн үзэх нь түгээмэл байна. Хэдийгээр төр иргэдээ вакцинд хамрагдахыг уриалж байгаа ч дээрх хандлага цахим сүлжээнд давлагаалсан хэвээр байна. Гэхдээ нөгөө хэсэг нь covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтыг дэмжиж буйгаа илэрхийлж “Вакцин аюулгүй” хэмээн үзэж байгаа юм.
Мэдээж өөрийн болон гэр бүл, бусдын эрүүл мэндийг хамгаалах энгийн, найдвартай арга нь вакцин. Хэдийгээр дархлаажуулалтад хамрагдах эсэх нь хувь хүний ухамсрын асуудал ч цар тахлын үед вакцинаас татгалзснаар эрүүл мэнд, гэр бүлээ хамгаална үг биш.
Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс вакцин нь халдварт өвчнөөс сэргийлэх найдвартай арга төдийгүй сүргийн дархлаа тогтох чухал ач холбогдолтой гэдгийг онцолсон.Вакцинтай холбоотой зарим асуудлаар мэргэжилтнүүд дараах тайлбарыг өгч байгаа юм. Мөн ДЭМБ-ын вакцинжуулалтын дэвтрийн үндэслэн вакцинд хамрагдсан иргэдийг бүртгэлжүүлж, вакцины дэвтэр олгох бөгөөд энэ нь гадаадад зорчих боломжийг ч бий болгох юм.
ХҮН АМЫН 60-ААС ДЭЭШ ХУВИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛСНААР СҮРГИЙН ДАРХЛАА ТОГТОНО
Эрүүл мэндийн яамны Ахлах шинжээч Д.НАРАНГЭРЭЛ:
-Дэлхий дахины халдварын эсрэг хэрэгжүүлж буй гол арга хэмжээ бол вакцин. Өдөрт дунджаар 4.5 сая хүн вакцин хийлгэж байгаа юм. Вакцин нь өвчлөлийн тархалтыг хязгаарлаж бууруулна. Мөн халдвараар өвчилсөн тохиолдолд хөнгөн хэлбэрээр тусна. Хүндрэл, эндэгдлээс сэргийлэх давуу талтай. Хүн амын 60-аас дээш хувьд вакцин хийснээр сүргийн дархлаа үүсч, өвчлөлөөс урьдчилан сэргийлж чадна гэж эрдэмтэд үзэж байна.
ХАЛДВАРТ ӨВЧНӨӨС ХАМГААЛАХ ӨВӨРМӨЦ АРГА НЬ ВАКЦИН
ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.ДАШПАГМА:
-Халдварт өвчнөөс өвөрмөцөөр сэргийлэх ганц арга нь вакцин. Хувийн ариун цэврийн дэглэмээ сахиж, хамгаалж байгаа хэдий ч хамгаалтын цор ганц өвөрмөц арга нь вакцин тул товлолын дагуу бүрэн хамрагдсанаар өвчнөөс сэргийлэх боломжтой. Covid-19 халдварын эсрэг вакцинууд зургаа ба түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байна.
ДЭМБ-аас тухайн улс орон хүн амынхаа 60-70 хувийг дархлаажуулснаар цар тахлыг даван туулах буюу өвчлөлийг хяналтдаа авна гэж зөвлөсөн. Улс орнууд энэ зорилтын төлөө явж байна.
Манай улсын хувьд нийт хүн амын 63 хувийг 18-аас дээш насныхан эзэлдэг. Энэ насныхан вакцин 95 хувь хамрагдлаа гэхэд нийт хүн амын 60 хувийг вакцинжуулна чадна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, вакцинууд өөрийн гэсэн заавартай.Үүний дагуу эсрэг заалт гэж бий.Эсрэг заалттай холбоотойгоор вакцинжуулна гэж тооцсон 63 хувийнхаа 95 хувьд вакцин хийх нь нийт хүн амын 60 хувь болно гэсэн үг.
Улс орнуудад covid-19 халдварын эсрэг вакцин ихэнхдээ хоёр тун хийгдэж байна. Хоёр удаа вакцин хийлгэж байж дархлаа бүрэн тогтоно. Ингэхдээ 3-4 долоо хоногийн зайтайгаар хийх товлол гарч байна. Ерөнхийдөө Covid-19 халдварын эсрэг вакцинууд ихэнхдээ зургаа ба түүнээс дээш сарын хугацаанд дархлаа тогтоож байна.
МОДЕРНА, ФАЙЗЕР ЯАРАЛТАЙ ХЭРЭГЛЭХ ВАКЦИНЫ ЖАГСААЛТАД ОРСОН
Боловсрол шинжлэх ухааны доктор, профессор Ж.ОЮУНБИЛЭГ:
-Аливаа халдварт өвчний үед тухайн хүн амын 70-75 хувьд нь дархлаа тогтвол халдварт өвчний дэгдэлт зогсоно гэж үздэг. Дархлал тогтоох арга нь вакцинжуулалт юм. Цар тахлын үед шинжлэх ухаан технологийн хөгжлийн үр дүнд олон вакцин гарч, бэлэн боллоо.
Модерна вакцинд 15 мянга, Файзэр вакцинд 43,500 хүнийг хамруулж, туршилт хийсний үндсэн дээр ДЭМБ-ын яаралтай хэрэглэх вакцины жагсаалтад орсон байна. Дараагийн нэг төрлийн вакцин бол векторийн вакцин юм. Энэ төрлийн судалгааг олон улс оронд хийж байна. Уг вакцины гуравдугаар шатны туршилтад 30-40 мянган хүн хамрагдаж, дархлалын үзүүлэлтүүдийг төрөл зүйлээр нь ялган тогтоосон.
Бас нэг төрлийн вакцин бол идэвхгүйжүүлсэн вакцин юм. Энэ вакцины тухайд гэвэл сонгодог технологи. Тус вакцины туршилтын ажил нь мөн л олон оронд хийгдэж байна. Манай улсад галзуугийн халдварыг эмчилж, сэргийлэх вакциныг хийж байсан.Мөн уурагт суурилсан вакцин. Уг вакцины гол төлөөлөгчид нововакс уургийн дэд төрлийн вакцины судалгаа эцсийн шатандаа орж байна. Эдгээр вакцины аюулгүй байдлыг эмнэлзүйн 1, 2, 3 дугаар шатанд судлан тогтоосон. Манай улсын эмийн тухай хуульд зааснаар аливаа эмийн бэлдмэлийн аюулгүй байдлыг үндэсний хяналтын лаборатори судлан тогтоох ёстой, зөвхөн лабораторийн шинжилгээ хийсэн эмийг бүртгэнэ гэж хуульчилсан байдаг. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс уг лабораторийг шинэчлэн байгуулж, шинжилгээг хийхэд бэлэн байна. Аюулгүй байдал, хорон, ариун, халууруулах чанарыг судлан тогтоодог гол үзүүлэлт бол дархлалын үзүүлэлтийг судлан тогтоох юм. Эдгээр вакцины найрлага болон саяны дурдсан үзүүлэлтүүдийг олон улсын болон үндэсний хяналтын байгууллагууд шалгаж хангалттай болохыг тогтоосон байна.
Аюулгүй байдал, хорон, ариун, халууруулах чанарыг судлан тогтоодог гол үзүүлэлт бол дархлалын үзүүлэлтийг судлан тогтоох юм. Вакцинд дархлал үүсгэгч уургаас гадна түүнийг хадгалах, тогтворжуулах бодис, зарим төрлийн фосфатын болон калийн давсыг нэмж өгдөг арга зүй байдаг. Энэ бүхний үр дүнд Модерна, Файзэр болон векторийн вакциныг хэрэглэх бололцоо бүрдэж байна.
Мөн вакцины үйлдвэрлэлд олон жил хэрэглэсэн идэвхгүйжүүлсэн вакцин, манай улсад өргөн хэрэглэгдэж байгаа уурагт суурилсан зэрэг дөрвөн төрлийн вакциныг манай хүн ам хэрэглэхэд бэлэн боллоо.
Өвчлөл өндөр байгаа АНУ, ОХУ, Бразил зэрэг таван улс вакцинд олон сая иргэдээ хамруулаад байна. Үүний үр дүнд дэлхий дахинд нийт халдварын тохиолдол 15 хувиар буураад байна. ОХУ-д хоногт гарч буй тохиолдлын тоо 50 гаруй хувиар буурсан. Цаашид бид хэрэглэхэд бэлэн болсон дөрвөн төрлийн вакциныг хэрэглэснээр аюулт өвчнийг хяналтад авахад тус болно.
Та бүхнийг чанар, аюулгүй байдал нь олон улсын болоод үндэсний хяналтын байгууллагад хянагдаж баталгаажсан эдгээр вакциныг тариулж, аюулт өвчнийг ялахад хувь нэмэр оруулахыг уриалж байна. Монгол Улс дэлхий дахинд бүр мөсөн устгахаас 40 жилийн өмнө цагаан цэцэг гэдэг аюулт өвчнийг устгасан. Мөн халдварт саа өвчнийг 20 жилийн өмнө устгасан. Цагаан цэцэг, халдварт саа өвчнийг ялсан шиг covid-19 халдварыг ч гэсэн бид ялж чадна" гэлээ.
Олон улсын жишиг харвал дэлхийн хэмжээнд өдгөө covid-19 халдварын эсрэг вакцинд 76 орны 176 сая хүн хамрагджээ.Улс орнуудаас Израиль хүн амынхаа 74 хувийг covid-19 халдварын эсрэг дархлаажуулсан нь хамгийн өндөр үзүүлэлт аж.Вакцинжуулалтын үр дүн эхнээсээ гарч дэлхий дахинд халдварын тархалт 17-22 хувиар буурсан үзүүлэлттэй байна.Манай улсын хувьд хүн амын 60 хувийг вакцинжуулснаар халдварын тархалтыг барьж, дахин хөл хорио тогтоохгүй байх нөхцөл бүрдэх юм.