Танилц: Монголчууд эхэлж хийлгэх “Covishield” вакцин

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

COVID-19

Танилц: Монголчууд эхэлж хийлгэх “Covishield” вакцин

Танилц: Монголчууд эхэлж хийлгэх “Covishield” вакцин

Монгол Улс ДЭМБ-ын вакциныг тэгш хуваарилах “COVAX” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны нэгдүгээр улиралд “AstraZeneca”-гийн 163,200 тун, “Pfizer”-ийн 25,740 тун вакциныг тус тус хүлээн авахаар болсон. “AstraZeneca” болон “Pfizer”-ийн вакцин түрүүлж нийлүүлэгдэх бөгөөд хоёрдугаар сарын 23-наас дархлаажуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн талаар мэдэгдээд байгаа билээ. Ингээд та бүхэнд Монголд хамгийн түрүүүнд орж ирэх “Covishield” вакцины талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.

“Covishield” вакциныг Оксфордын их сургуулийн Женнерийн хүрээлэнд гарган авсан шимпанзе аденовирус (ChAdOx1)-ийг вектор болгон ашиглах замаар боловсруулсан. Вирусийн вектор вакцинууд нь өөр вирусийн өөрчилсөн хувилбарыг вектор болгон ашиглах байдлаар вирусийн эсрэг хариу үйлдэл үзүүлэх зааврыг эсэд генетикийн материал хэлбэрээр хүргэдэг. Уг технологид суурилсан вакцин нь ихэнх уламжлалт вакцинаас ялгаатай нь тухайн вирусийн эсрэгтөрөгчийг агуулдаггүй бөгөөд харин тухайн бие махбодийн өөрийн эсийг ашиглан дархлааны системийг өдөөж антиген үйлдвэрлэх зарчмаар ажилладаг.

ДЭМБ-ын зүгээс “Covishield” вакцины хоёр тунг дор хаяж 6 долоо хоногийн зайтай тарихыг зөвлөсөн.

Гэсэн ч вакцин хөгжүүлэгчид буюу Оксфордын их сургуулийн эрдэмтэд вакцины хоёр тунг 8-12 долоо хоногийн зайтай тарьж байж  үр дүн эрс нэмэгдэж вирусийн эсрэг илүү хүчтэй дархлаа бий болгоно гэж зөвлөжээ.

Үнийн хувьд нэг тун нь удс бүрт харилцан адилгүй буюу 3-5 ам.доллараар худалдаалагдаж байна. Харин “COVAX” хөтөлбөр тус вакцины нэг тун 3 ам.доллараар бодож нийт 300 сая тун худалдан авсан бол Энэтхэгийн “Serum” институцээс нэг тэрбум тун вакцин авах гэрээг байгуулсан байна. АНУын хувьд нэг тунг нь дөрвөн ам.доллараар тооцон 1.2 тэрбум ам.долларын өртгөөр 300 сая тунг авахаар урьдчилан захиалсан. Одоогоор Их Британи, Итали, Бельги, Франц, Энэтхэг болон Өмнөд Солонгост “AstraZeneca”-гийн вакцины үйлдвэрлэл явагдаж байгаа бөгөөд 2021 онд 400 сая тун вакцин үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаагийн 80 сая тунг энэ оны эхний улиралд нийлүүлэхээр тооцоолжээ.

“Covishield” вакцин нь үнийн хувьд хямдаас гадна бусад вакцинуудтай харьцуулахад хадгалалт, тээвэрлэлтийн онцгой нөхцөл шаардагдахгүй, ердийн температур буюу цельсийн нэмэх 2-8 хэмд, ердийн хөргүүрт хадгалж, тээвэрлэх боломжтойгоороо давуу талтай.

ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу одоогоор зөвхөн хүнд хэлбэрийн харшилтай болон 18-аас доош насны хүмүүст уг вакциныг тарихыг хориглоод байгаа. Гэхдээ Оксфордын их сургууль 6-17 насны хүүхдүүдэд вакцины үзүүлэх дархлааны хариу урвал болон аюулгүй байдлыг үнэлэхийн тулд энэ долоо хоногт 18-аас доош насны хүүхдүүдийг хамруулсан эмнэлзүйн туршилтыг эхлүүлээд байгаа юм. Эмнэлзүйн туршилтын эхний үе шатанд 12-17 насны хүүхдүүдийг оролцуулах бөгөөд судлаачид туршилтдаа 300 сайн дурын оролцогчийг хамруулахаар төлөвлөжээ.

Вакцин тариулсан хүмүүст тариулсан газар хавдах, загатнах, улайх, бие зарайх, толгой өвдөх, булчин хөндүүрлэх, ядрах, 38 хэм хүртэл халуурах зэрэг түгээмэл шинж тэмдэг ажиглагдах магадлалтай бол маш цөөн тохиолдолд булчирхай хавдах шинж тэмдэг илэрч магадгүй аж.

Хэрэв шинж тэмдгүүд хүчтэй илэрвэл парацетамол эмийг зааврын дагуу уухыг зөвлөсөн байна.

Оксфордын их сургуулийн эрдэмтэд уг вакцины клиникийн туршилтын гуравдугаар үе шатны завсрын үр дүнг 2020 оны арваннэгдүгээр сарын 23-нд  танилцуулсан. Туршилтад хамрагдсан оролцогчдод вакцины нэг болон бүтэн тунг нэг сарын зайтай тарьж туршихад нэг тун тариулсан хүмүүст 90 хувийн дархлаа тогтсон бол хоёр бүтэн тунг нэг сарын зайтай тарьж туршихад 62 хувийн үр дүнд хүрсэн нь дэлхий нийтийг эргэлзээнд оруулсан.  Харин 2021 оны хоёрдугаар сарын 3-нд танилцуулсан клиникийн туршилтын гуравдугаар үе шатны судалгаанд хийсэн дүн шинжилгээний үр дүнгээр вакцины эхний тунг тариулсны дараа вирусийн эсрэг 76 хувийн үр дүн үзүүлсэн бол хоёр дахь тунг хийсний дараа дээрх үр дүнгээ хадгалж байгааг тогтоосон.

Мөн хоёр тунгийн тарилгыг 12 долоо хоног болон түүнээс дээш зайтай хийсэн тохиолдолд вирусийн эсрэг 82 хувь хүртэл үр дүн үзүүлжээ. Энэ вакцины гол амжилт нь энэ вакцин “Covid-19”-ийн халдвараар хүндээр өвчлөхөөс 100 хувь хамгаалсан гэх өндөр үр дүнд хүрсэн юм.

Түүнчлэн Их Британи, Бразил болон ӨАБНУ-д хийгдсэн судалгаагаар “Covishield” вакцин нь олон нийтийн дунд тархсан шинж тэмдэггүй тархалтыг 67 хувь хүртэл буруулж байгаа нь батлагджээ.

ДЭМБ 2021 оны хоёрдугаар сарын 15-нд “AstraZeneca”-гийн вакцины хоёр өөр хувилбарыг яаралтай горимд ашиглах зөвшөөрлийг олгосон. Энэхүү вакциныг Өмнөд Солонгосын “SK Bioscience” компани “AZD1222” нэрээр, Энэтхэгийн “Serum” институци “Covishield” нэрээр үйлдвэрлэж буй юм. Мөн Европын холбоо, Европын эмийн агентлаг, Их Британи, Аргентин, Бразил, Энэтхэг, Өмнөд Солонгос, Пакистан, Монгол тэргүүтэй дэлхийн 50 гаруй орон тус вакциныг албан ёсоор бүртгээд байна.

Эх сурвалж: WHO, Bloomberg, The Conversation

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
10
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж