Байр суурь: 10 их наядын төлөвлөгөө биелэх боломжтой юу?

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

Байр суурь: 10 их наядын төлөвлөгөө биелэх боломжтой юу?

Байр суурь: 10 их наядын төлөвлөгөө биелэх боломжтой юу?

Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн төлөвлөгөөг баталснаа олон нийтэд танилцуулсан. Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих, орон сууцтай болгох зэрэг  2024 оныг хүртэлх дунд хугацааны хөтөлбөр юм. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг  Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, банкууд байгуулах аж. Ингэхдээ мөнгөний эргэлтийг сэргээж эдийн засгаа сэргээх бодлогыг хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодотгосон. Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгааг тэрбээр хэлсэн.

 “ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАМГААЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭХ 10 ИХ НАЯДЫН ЦОГЦ ТӨЛӨВЛӨГӨӨ”-НД:

  • Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл
  • Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх  хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахад 500 тэрбум төгрөг
  • Эхний ээлжинд Улаанбаатар хотод барих “Залуус I, II, III” хорооллын  дэд бүтэц, газар олгох, орон сууцыг нэг маягийн зургаар барих, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг
  • Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг
  • Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг
  • Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэх /ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох 300 сая төгрөгийг  500 сая, уул уурхайн бус экспортын үйлдвэрлэл эрхлэгчдэд олгох нэг тэрбум хүртэл төгрөгийг гурван тэрбум хүртэл болгох/-ээр тусгажээ.

Дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд төсвөөс гадуурх санхүүжилт хийнэ гэсэн нь  "Буух эзэн, буцах хаяг" нь  мэдээж Төв банк болж байна. Угтаа хуулиараа Засгийн газар төсвийн гадуур нэг ч төгрөг зарцуулах эрхгүй. Засгийн газар үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө УИХ-аар батлуулж, үүний дагуу татвар төлөгчдийн мөнгийг зарцуулдаг. Хөтөлбөрийн хүрээнд Монголбанкинд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулна  гэж байгаа ч энэ нь Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн  чиглэлд огт суугдаагүй. Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт ороогүй асуудлыг шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэнэт гаргаж ирсэн нь Ерөнхийлөгчийн сонгууль угтсан МАН-ын Пи-Ар гэж харах хардлага ч байна.

Үндсэндээ 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн эх үүсвэр тодорхой бус байгаа юм.  Стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж хоёр их наяд төгрөгийг босгохоор төлөвлөжээ. Засгийн газар өнгөрөгч оны сүүлийн хуралдаанаараа Хармагтайн ордын 53,1 тонн алтыг улсын нөөцөд бүртгэж авсан. Уг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах холбогдох тооцоо судалгааг эрчимжүүлэх ажлыг хэсгийг байгуулсан.  Хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгээд нөөцийг нь тогтоосон ордуудыг төр хүчээр авах нь нөгөө талдаа гадны хөрөнгө оруулалтуудыг үргээдэг хор хохиролтой. Гадаадын хөрөнгө оруулалт буурснаар төгрөгийн ханш суларч юан, ам.доллар өсч иргэдийн амьдралд шууд нөлөөлнө.

10 их наядын  хөтөлбөрийг УИХ-д ч танилцуулагүйгээр төсвийн гадуур хэрэгжүүлэх гэж байгаа нь хуульд нийцэхгүйг ч зарим эдийн засагч хэлж буй. Өөрөөр хэлбэл төсөв, Мөнгөний бодлого болон Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны Үндсэн чиглэлд  өөрчлөлт оруулалгүйгээр 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн хувьд нийцэхгүй гэсэн үг.

ТӨВ БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД МОНГОЛБАНКНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗААХДАА:

10 дугаар зүйл. Мөнгөний бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх

  1. Монголбанк төрийн мөнгөний бодлогыг боловсруулж,хэрэгжүүлнэ.
  2. Монголбанк дараагийн жилд баримтлах төрийн мөнгөний бодлогыг боловсруулж, жил бүрийн 1О дугаар сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн барих бөгөөд түүнд дараах асуудлыг тусгасан байна.

1/ Тайлант оны төрийн мөнгөний бодлогын хэрэгжилтийн явц, санхүүгийн зах зээлийн байдал, түүнд нөлөөлсөн хүчин зүйл, шалтгааныг тайлбарласан дүгнэлт;

2/Монголбанкнаас дараагийн жилд баримтлах мөнгөний бодлогын зорилт, мөнгөний бодлогод нөлөөлж болох төгрөгийн ханшийн өөрчлөгдөх хандлага, санхүүгийн зах зээлд нөлөөлж болох хүчин зүйлсийн талаархи төсөөлөл гэж заасантай зөрчилдөхөөр байгаа юм.

2021 оны төсвийн  орлогыг 11 их наяд 797,8 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 27.9 хувь, нийт зарлагыг 13 их наяд 951,6 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33 хувь гэж баталсан. Гэтэл өнөөдөр төсвийн алдагдал 5 их наяд төгрөгт хүрсэн атал тодотгол хийхгүйгээр Засгийн газар 10 их наяд төгрөгийн хөтөлбөр баталсан нь төсвийн зарлагатай дүйцэхүйхээр байна. Уг хөтөлбөрийг дөрвөн жил хэрэгжүүлнэ гэж тооцвол жилд 2.5 их наяд төгрөг зарцуулна. Энэ нь төсвийн орлогын 25 хувийг эзэлнэ гэсэн үг.

Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж  хэн нь илүү амлах вэ гэдэг уралдаан үндсэндээ явагдаж байна. 2008 оны сонгуулиар АН  иргэн бүрт 1 сая төгрөгийн хувьцаа амлаж, МАН 1.5 сая төгрөг бэлнээр өгнө гэж амлаж байсан. Тухайн үед энэ нь улсын төсвийн орлогоос  хэд дахин их хэмжээний мөнгө байсан. Энэхүү амлалтаа биелүүлэхдээ төсвөөс гадуур шийдэх замаар Оюутолгойн төсөл болон Чалкогийн  гэрээг муу хийсэн гэж зарим эдийн засагч үздэг.  Тухайн үед инфляц, доллар өсч ажилгүйдэл нэмэгдсэн гашуун түүх бий.

Өөрөөр хэлбэл, 2008 оны алдааг 2021 онд  дахин давтах нь хэмээн олон эдийн засагчид дүгнэж буй. Эдийн засгийн бодлогыг эдийн засгаар нь явуулалгүйгээр улс  төр ороод эхлэхээр сайн зүйл авчирдаггүйн бодит жишээ ч олон бий тэд сануулж байна.

Ямартай ч Засгийн газрын танилцуусан 10 их наядын хөтөлбөрийн талаар эдийн засагчдын байр суурийг сонирхлоо.


ЭДИЙН ЗАСАГЧ Д.АНГАР: ТӨВБАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ ХҮҮГ ТЭГЛЭХ ШААРДЛАГАТАЙ

-Монголбанкаар дамжуулж эдийн засаг руу 10 их наяд төгрөг оруулахыг дэмжиж бга. Учир нь сүүлийн гурван жил Монголбанкнаас хэт хатуу мөнгөний бодлого явуулж эдийн засагт бсан бүх мөнгийг Төвбанкны үнэт цаас руу татсан. Үр дүнд нь эдийн засаг борцлогдсон. Ажилгүйдэл нэмэгдэж, компаниуд дампуурсан. Эдийн засаг дахь цусны эргэлт буюу мөнгөний эргэлтийг нь хав дарснаар эдийн засаг хатангиршсан.

Хожуу ч гэсэн Монголын төр алдаагаа олж харсан. Одоо ингээд эдийн засгаасаа мөнгө татах биш харин эдийн засаг руугаа мөнгө оруулъя гэсэн шинэ бодлогоо зарласан нь зөв. Ингэхээс өөр аргагүй.

Эдийн засгийн сэхээний байдалтай ч биш бүр үхлүүт байдалтай байна. Мөнгөний эргэлтийг нэмэгдүүлж байж л эдийн засаг бүр сэргэдэггүй юмаа гэхэд ядаж бага зэрэг засал авна. Үүнийг Сангийн сайд Б.Жавхлан "Эрүүл мэндийн салбараа ч санхүүжүүлж чадахгүйд хүрч болзошгүй" гэж хэлсэн байсан нь үнэний ортой. Дээрх бодлогыг хэрэгжүүлэхийн өмнө Монголбанк Төвбанкны үнэт цаасны хүүгээ тэглэх  эсвэл дор хаяж эрс буулгах шаардлагатай.  Тэгэхгүй бол эдийн засаг руугаа мөнгө орууллаа ч тэр мөнгө нь аж ахуйн нэгжүүд дээрээ очихгүй буцаад л Төв банк руу очно. Үүнийг хүүгийн арбитраж гэдэг юм. Бүр ямар ч эрсдэлгүй арбитраж үүсч үр дүнд нь хэдхэн хүн л завшаад өнгөрөх юм. Тодорхой жишээгээр тайлбарлая. Хөтөлбөрийн хүрээнд компаниуд гурван хувийн хүүтэй зээл авна. Тэр компанид хоёр сонголт үүснэ. Эрсдэл хүлээж бизнесээ эхлүүлэх үү эсвэл ямар ч эрсдэлгүйгээр тэр мөнгөө аль нэг банкинд 3.5-5.5 хувийн хүүтэйгээр хадгалгуулах уу гэж. Банкууд тэр мөнгийг ямар ч асуудалгүй авна. Учир нь банкуудад ямар ч эрсдэл бхгүй. Тэд цааш нь дамжуулаад Монголбанкинд 6 хувийн хүүтэйгээр өгчихнө. Монголбанк эдийн засагт бага ямар ч мөнгийг зургаан хувийн хүүтэйгээр авна. Ингээд эцсийн үр дүнд нь улс хохироод дуусна. Дунд нь цөөхөн хэдэн хүн хэдэн зуун тэрбумаар нь арбитражын ашиг хийнэ.

ЭДИЙН ЗАСАГЧ Б.ДЭЛГЭРСАЙХАН:МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ МӨНГӨ ИХ ХЭМЖЭЭГЭЭР ОРУУЛАХ  ШААРДЛАГАТАЙ

-Монгол Улсын эдийн засагт мөнгө их хэмжээгээр оруулах гарцаагүй шаардлагатай болсон. Тийм учраас энэ эдийн засгийн бодлого нь зөв юм.Гэхдээ бид энэ төлөвлөгөөг мөнгө хэвлэнэ гэдэг сөрөг талаас нь харахаасаа өмнө Монгол Улсын эдийн засаг өнөөдөр ямар байдалтай байна вэ гэдгийг маш сайн харах хэрэгтэй. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг 5 орчим хувьтай унах магадлалтай байна. Засгийн газар 6 орчим хувийн уналттай байна гэж үзэж байгаа. Дэлхийн банк 5.2 хувиар агшина гэж дүгнэсэн байсан. Ер нь бол эдийн засаг дөрвөөс дээш хувиар агших нь гарцаагүй. Үүнээс гадна мөнгөний нийлүүлэлтийн хурд саарсан байгаа. Монгол Улсын эдийн засаг тав орчим хувиар буурна гэдэг нь 2-3 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байгаа гэсэн үг. Дээрээс нь зээлийн өсөлт зогссон. Зээл тодорхой хэмжээгээр олгогдож байгаа ч өсөлт гэдэг зүйл байхгүй болсон. Мөн чанаргүй зээл нэмэгдсэн. Гэх зэргээр мөнгөний зах дээр сөрөг үзэгдэл их байна. Тийм учраас бид эдийн засгийн өсөлтөөс алдагдсан 3 их наяд төгрөг, зээлийн өсөлтөөр дамжиж эдийн засгийг дэмжих ёстой байсан тэр орон зайг юугаар нөхөх вэ гэдэг асуудалтай тулгарч байгаа. Мөнгө нийлүүлэхгүйгээр зүгээр л хараад суугаад байх уу. Эрүүл мэндийн шалтгаанаар яривал өнөөдөр үнэхээр цусны эргэлт нь саарчихсан, цус нь багассан тохиолдолд бас л зүгээр хараад суух уу, эсвэл цусны эргэлтийг худасгах уу гэдэг асуудал бий. Тэгэхээр Монгол Улсын эдийн засаг үнэхээр хүнд байдалтай байна. Тийм учраас мөнгөний эргэлтийг сайжруулах шаардлагатай.  Хоёрдугаарт 10 их наяд төгрөгийг нэг удаад буюу 1 жилийн хугацаанд гаргахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Хөтөлбөр нийт 3 жилийн хугацаатай хэрэгжинэ. Тэгэхээр эхний жилд магадгүй 4 их наяд орчим төгрөг зарцуулагдахаар харагдаж байгаа. Энэ мэдээж том тоо. Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн нийт хэмжээ нэлээд томорчихсон, эдийн засаг маань 30 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Мөнгөний нийлүүлэлт 20 орчим их наяд төгрөг байна. Ер нь бол төв банкны бодлого эдийн засагт шаардлагатай үед мөнгө хэвлээд ч хамаагүй нийлүүлж чаддаг, шаардлагагүй үед маш хурдан илүүдэл мөнгийг татаж авч чаддаг байх нь л зохистой юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж