Сүүлийн үед “Clubhouse” хэмээх сошиал хэрэглүүрийг дэлхий нийтээрээ өргөн хэрэглэж байна. Монголчууд ч мөн адил уг хэрэглүүрт нэгдэж, тодорхой сэдвийн хүрээнд халуун яриа өрнүүлэх болсон. Уг хэрэглүүрт өчигдөр /2021.2.18/ Эрүүл мэндийн сайд С.Энхболд уригдан Covid-19-ийн эсрэг вакцины талаарх асуултад хариулж, яриа өрнүүлсэн юм. Энэ үеэр тэрбээр хөл хорио дуусангуут буюу энэ сарын 23-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараа AstraZeneka вакциныг хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдлээ. Вакцины хамгийн эхний тунг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хийлгэж, иргэдээ уриална гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Монгол Улсын хувьд Covid-19-ийн эсрэг дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр гэрээ хэлэлцээр хийсэн. Эхний ээлжид AstraZeneca, Pfizer-ийн вакцинууд орж ирэх юм. AstraZeneca вакцины эхний 150 мянган тун нь энэ сарын 22-нд Монголд ирэх юм. Нэг хүнд хоёр тун таригдах тус вакциныг эмнэлэг, цагдаа, онцгойгийн ажилтан зэрэг галын шугамд ажиллаж буй 75 мянган хүнд хийх аж. Үүний дараа бусад вакциныг үе шаттай оруулж ирэх ажээ.
Вакциныг тээвэрлэх хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг бүгдийг нь бэлдсэн бөгөөд ХӨСҮТ-ийн үндэсний агуулахад хадгалах юм. Харин Pfizer-ийн вакциныг -70 градуст хадгалах бөгөөд шаардлагатай агуулах, тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулжээ. Ингэснээр вакцины тээвэрлэлт, хадгалалт дээр асуудал үүсэхгүй гэж үзэж байгаа аж.
Мөн нийт хүн амын 60 хувь буюу хоёр сая орчим иргэнийг вакцинд хамруулах бөгөөд Ковакс хөтөлбөрийн хүрээнд 20 хувийг, үлдсэн 40 хувийн вакцинжуулалтыг Монгол Улс өөрийн төсвөөр худалдан авах юм. Вакцины зардал, төсөв шийдэгджээ. Түүнчлэн иргэдийг вакцинжуулах ажлыг энэ оны аравдугаар сар эсвэл арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөсөн байна.
Холбоотой мэдээ