"Өрхөөс илэрсэн 37 тохиолдлын 18 нь ойрын хавьтал байсан"

Хуучирсан мэдээ: 2021.02.19-нд нийтлэгдсэн

COVID-19

"Өрхөөс илэрсэн 37 тохиолдлын 18 нь ойрын хавьтал байсан"

"Өрхөөс илэрсэн 37 тохиолдлын 18 нь ойрын хавьтал байсан"

Covid-19-ийн халдварын тархалт өдөр бүр нэмэгдсээр улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 2493-т хүрээд байгаа юм. Өчигдөр /2021.2.18/ гэхэд 40217 хүнд шинжилгээ хийснээс 49-д нь Covid-19 илэрсэн. Үүний 10 нь “Нэг хаалга, нэг шинжилгээ”-нээс илэрсэн билээ. Ингэснээр тус өргөтгөсөн шинжилгээний хүрээнд нийт 37 хүнээс Covid-19-ийн халдвар илрээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, батлагдсан тохиолдлуудын голомтоос бус масс дундаас илэрсэн гэсэн үг юм.

Эдгээр тохиолдлын халдварын эх үүсвэрийг тодорхойлсон эсэх, мөн хэчнээн хүнийг тусгаарлаад байгаа талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагаас тодруулахад дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Аливаа халдварын голомт, эх үүсвэр нь тандалт судалгааны ажлын үр дүнд тодорхой болдог. Нийт  батлагдсан тохиолдлын ойрын хавьтал 635 хүн байгаа бол 1410 хүнийг хоёр дахь хавьтагчаар бүртгээд байгаа. Халдварын батлагдсан тохиолдлуудыг тусгаарлаж, ариутгал, халдваргүйтгэл хийн, хавьтал болсон хүмүүсээс шинжилгээ авч, тусгаарласан. Ойрын хавьтлыг ажиглан тусгаарлах байранд долоо хоног тусгаарлана. Тусгаарлагдаж байгаа долоо хоногийн хугацаанд хоёр удаа шинжилгээ авч, гэрт нь үргэлжлүүлэн долоо хоног буюу нийтдээ халдварын нууц үеийн хугацаа болох 14 хоног тусгаарлана.

“Нэг хаалга нэг шинжилгээ”-ний хүрээнд 19 хүнээс халдвар илэрч, халдварын хавьтлуудыг тодорхойлж, шинжилгээ хийх явцад нэмж 18 хүнээс халдвар илэрсэн. Иргэд хаагуур явж, хэнтэй уулзсанаа хэлэхгүй нууцалснаас халдварын голомтыг тодорхойлоход төвөг учирч байна” гэлээ.

ЗУРГААН ДҮҮРГИЙН 15 ХОРООНООС COVID-19-ИЙН ХАЛДВАР ИЛЭРЛЭЭ

Одоогийн байдлаар "Нэг хаалга, нэг шинжилгээ"-гээр зургаан дүүргийн 15 хорооны иргэдээс Covid-19-ийн халдвар илрээд байна. Өчигдрийн хувьд Сонгинохайрхан дүүргийн 6, 18, 31 дүгээр хорооноос түлхүү илэрчээ.

  • Баянгол дүүргийн 3, 12, 25 дугаар хороо
  • Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо
  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо
  • Сонгинохайрхан дүүргийн 7, 39, 6, 18, 31 дүгээр хороо,
  • Хан-Уул дүүргийн 2, 4-р хороо,
  • Чингэлтэй дүүргийн 2, 6, 12-р хороонд тус тус халдвар бүртгэгдээд байна.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж