Lexus-570 унахгүй бол дарга биш үү?

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

Lexus-570 унахгүй бол дарга биш үү?

Lexus-570 унахгүй бол дарга биш үү?

Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал албан хэрэгцээндээ Lexus-570 автомашин худалдан авахаар болж, тендер зарласан нь олон нийтийн шүүмжлэлтэй тулаад байна.

Учир нь сарын өмнө тус аймгийн Засаг даргын Тамгын газар нь бүх газар, хэлтэст ашиглагдаж байсан Land-200 автомашиныг өвөлжилт хүндэрч буй Сэврэй, Хүрмэн, Ханхонгор сумын Засаг даргын Тамгын газарт шилжүүлсэн.

Ийм зүйл болсныг нэг байшинд ажил үүрэг гүйцэтгэж байгаа Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь мэдээгүй гэвэл эндүүрэл болно.

Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь шатахуун их “иддэг” автомашиныг аймгийн төвд голчлон унаж, үргүй зардал гаргаж, цар тахлын хүнд үед төсвөө хүндрүүлээд яах вэ, малчидтайгаа ойр ажилладаг сумдын Засаг даргын Тамгын газарт шилжүүлэх нь зөв гэж үзэн, том машинаас татгалзаж байхад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нь 257 сая төгрөгт багтаан, 2017 он болон түүнээс хойш хилээр оруулж ирсэн Lexus-570 авч унахаар тендер зарласан нь олныг гайхашруулж буй юм.

Өвөлжилт хүндэрч, малчид зутарч эхлэхэд хамгийн түрүүнд сум, аймгийн Засаг дарга, хөдөө аж ахуйн бодлого хариуцсан дарга аа дагуулаад явдаг. Хадлан тэжээл бэлтгэлийн цагаар ч нөгөө муу нэр луу данстай Засаг дарга нар л давхиж явдаг. Өөр аймгийн нутагт өвөлжиж, хаваржиж, зусч яваа малчдынхаа араас Засаг дарга нь сураг чимээ тавина. Таньдаг мэддэг хүмүүстээ “Манай аймгийн, сумын тэдэн малчин танай тэр нутагт өвөлжиж, хаваржиж байгаа. Хөөж туулгүй, амар жимэр байлгаарай” гэж захина, гуйна.

Мал төллөлтийн үеэр ч мөн Засаг дарга нар багуудад ажиллана. Зуд турхан нүүрлэж, цагийн байдал хүндэрхэд Засаг дарга нөөцөнд байгаа өвс, тэжээлээ ачаад, цас малтаж, зүтгэсээр малчны хотонд очно.

Харин аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, төлөөлөгч нар бараа нь үгүй. Гэтэл Улсын аварга малчин, тариаланчийн шагнал гардуулах болоход тэд УИХ-ын гишүүн дагаад давхиад ирэх нь олонтаа.

Нэг үгээр хэлбэл, хөдөөд ажиллаад байх нь ховор. Гэвч аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг удирдаж байгаа хүн Lexus-570 унахгүй бол болдоггүй юм болов уу.

Төр нь бүсээ чангалах шийдвэр гарган, тансаг хэрэглээнээс татгалзахыг уриалж байхад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нь жип машин худалдан авах шийдвэр гаргаад л… Хэмнэе гэвэл хуучин машинаа тордоод ажиллахад болохгүй зүйлгүй. Хуучин цагт дарга нар УАЗ-69 машинаар л хамаг ажлыг амжуулдаг байсан. Хонины хонхортоо юм, юм дүүргэж аваад л хөдөөг зорьцгооно.

Харин өнөө цагийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Lexus-570 хөлөглөхгүй бол тав тухыг нь алдуулаад ажил хийж болдоггүй болсон юм болов уу даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
31
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж