Ардын намын “пентхаус”-т өрнөж буй тохироо

Хуучирсан мэдээ: 2021.02.18-нд нийтлэгдсэн

Ардын намын “пентхаус”-т өрнөж буй тохироо

Ардын намын “пентхаус”-т өрнөж буй тохироо

МАН-ын 100 жилийн ой болоход ердөө арав хүрэхгүй хоног, Ерөнхийлөгчийн сонгууль явагдахад 4 хүрэхгүй сарын хугацаа үлджээ. Энэ жилийн Эх орончдын баяраар 100 жилээ тэмдэглэх МАН-ын дарга У.Хүрэлсүх, 10 жилийн ойтойгоо золгож буй МАХН-ын дарга Н.Энхбаяр нар жанжин Сүхбаатарын хөшөөнд хамтдаа цэцэг өргөж мэдэх “хэлэлцээ”-г Ардын нам талаасаа Д.Амарбаясгалан, Хувьсгалт нам талаасаа Б.Тулга ахлаж буй тухай мэдээ Тусгаар тогтнолын ордноос сонсогдох болов.

Сар шинийн өмнөхөн МАХН-ын дарга Н.Энхбаяр, Б.Тулга, Э.Эрдэнэжамъяан нар Төрийн ордонд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Засгийн газарт хандан гаргасан зөвлөмжүүдээ гардуулсан. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАХН-тай хамтран ажиллахад бэлэн болохоо илэрхийлж хамтарсан ажлын хэсэг байгуулах талаар Н.Энхбаяртай санал солилцсон байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ засгийн энэ их ажлын хажуугаар Н.Энхбаярын саналыг сонсож, хамтрах тухай хөндсөн нь зүгээр нэг “дипломат уулзалт” биш  байсан нь мэдээж.

Гарал, үүсэл нэгтэй, үнэт зүйл нь ижилхэн МАН, МАХН хоёр эвсэж нэгдэх тухай яриа үе, үе сэвэгддэг. Гэвч, өнгөрсөн хугацаанд Н.Энхбаяр Ардын намтай нэгдсэн, бүр үгүйдээ л Н.Энхбаяртай Ардын намынхан эвссэн удаа байхгүй. Эсрэгээрээ Ардчилсан намтай хамтарч засаг барьсан, сонгуульд эвсэн орсон түүх Н.Энхбаярт бий. Товчхондоо, Н.Энхбаярт хэнтэй хамтрах нь чухал биш эрх ашиг л чухал.

Иймээс орон нутгийн сонгуулиар Х.Баттулгатай хамтарсан Н.Энхбаяр МАН-тай эвсэх нь тавих санал, хувийнх нь “хэрэгцээ”-нээс хамаарна гэсэн үг. Товчхондоо, МАХН-д ашигтай гэхээсээ Н.Энхбаярт ашигтай үед л МАН-тай хамтрах болно. Тэгэхээр Н.Энхбаярт ашигтай хувилбар нь юу вэ?

Зургадугаар сарын 9-нд товлогдсон Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай дөрвөн нам өрсөлдөх эрхтэй. Хөдөлмөрийн үндэсний нам /ХҮН/ Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа оролцохоор, ард түмний захиалсан хүнийг нэр дэвшүүлэхээр болсноо зарласан.

Тэгвэл МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд гурав дахь удаагаа оролцох гэж байна. Үүний өмнө 2013 онд Н.Удвалыг сойсон бол 2017 онд Х.Баттулга, М.Энхболд нарын эсрэг С.Ганбаатарыг өрсөлдүүлсэн юм. Энэ удаад Н.Энхбаярын намаас С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүнээр нэрлэгдэж буй. Гэхдээ түүнд Н.Энхбаяр дахин боломж олгох эсэх нь тодорхойгүй, МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшинэ гэдэг С.Ганбаатарын өөрийнх нь мөрөөдөл. Гэхдээ мөрөөдөл бүхэн биелэдэггүй. Тэгээд ч Н.Энхбаяр С.Ганбаатарыг МАХН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ гэсэн үгийг амнаасаа унагаагүй яваа. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярт нэг бодол бий.

УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эрх нь хуулиар хязгаарлагдсан Н.Энхбаярт С.Ганбаатарыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлснээс Э.Батшугарыг УИХ-ын гишүүн болгох нь илүү ашигтай хувилбар.

Тэгээд ч С.Ганбаатар нэр дэвшлээ гэхэд ялалт байгуулах магадлал багатай, өмнөх сонгуульд хамгийн бага санал авч, нэгдүгээр “шатнаас” хасагдсан, дээр нь Өмнөд Солонгосын иргэнээс хахууль авсан хэрэг нь хуучраагүй байгаа.

Тэгэхээр Н.Энхбаяр хүүгээ гишүүн болгох тохироотойгоор МАН-тай эвсэх “наймаа” ярих болов уу.

Д.Сумъяабазар нийслэлийн Засаг дарга болсноор Сонгинохайрханы нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатгахаар болсон билээ. УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт Э.Батшугар өмнө нь “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшиж, авсан саналаараа П.Анужингийн ард, 22 мянган хүний саналаар дөрөвт орсон. Тиймээс Э.Батшугар Сонгинохайрханы нөхөн сонгуульд нэр дэвшээд ялах магадлал өндөр гэсэн үг.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27.9-т “Эвсэлд нэгдэн орсон намууд нь Улсын Их Хурлын нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэг этгээд болж оролцох” заалттай.

Э.Батшугар хуулийн дээрх заалтаар МАН, МАХН-ын эвслээс биш “Та бидний эвсэл”-ээс нэр дэвших боломжтой юм. Харин түүний өмнөөс сул хүү тавьж өгөх тохироог  У.Хүрэлсүхийн өмнөөс МАН талаасаа Д.Амарбаясгалан, Н.Энхбаярыг төлөөлж МАХН талаасаа Б.Тулга хийх биз. Тэгээд ч УИХ-д үнэмлэхүй олон МАН-д нэг кноп авсан, алдсан ялгаагүй. Харин 100 жилийнхээ ойгоор, Ерөнхийлөгчийн гурван удаагийн сонгуульд дараалан ялагдсан ялалтаа эргүүлж авчрах нь, У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгч болгох нь  МАН-д нэн чухал байгаа.

Үндсэндээ Х.Баттулгын нэр дэвших эрхийг Үндсэн хуулиар хязгаарлаж, Н.Энхбаяртай эвсчихвэл МАН бараг ялсанд өөрсдийгөө тооцож буй байх. Харин Н.Энхбаяр хүүгээ УИХ-ын эрхэм гишүүн болсноор төсөөлж байгаа ч биз.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
75
ТэнэглэлТэнэглэл
15
ХахаХаха
9
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж