Гималайн нурууны Ладах нутгийн маргаантай хэсэгт байсан Хятадын хэдэн арван байгууламжийг буулгаж, цэрэг, техникүүдээ татаж эхэлснийг хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд нотолж байна. Өнгөрсөн жил болсон цуст мөргөлдөөнөөс хойш хоёр тал бэлэн байдалд шилжсэн байв.
Цөмийн зэвсэгтэй хөрш орнууд болох Энэтхэг, Хятад хоёр өнгөрсөн долоо хоногт хилийн маргаантай хэсгийн Пангун Цо мөсөн голын ай сав газраас цэргүүдээ татахаар болсон талаараа зарласан юм.
Харин өчигдөр/2021.2.17/ нийтэд ил болсон хиймэл дагуулын зурагнуудаас харахад Хятадын тал Пангун Цо мөсөн голын ай сав орчимд нэгдүгээр сараас хойш байрлаж байсан цэргийн баазуудаа энэ долоо хоногт буулгаж эхэлжээ. Энэтхэгийн талаас ч гэсэн албаныхан ижил үйл ажиллагаа эхлүүлж байгаагаа мэдэгдсэн байна.
Энэтхэгийн батлан хамгаалахын сайд Ражнат Сингийн хэлснээр хоёр тал эхний ээлжинд мөсөн голын ай сав дагуух цэргийн баазуудаа буулган цэргээ татахаар тохиролцсон бөгөөд цаашид бүх цэргээ татах хэсэгчилсэн төлөвлөгөө зохиохоор хамтран ажиллаж байгаа гэнэ.
Өнгөрсөн оны зургадугаар сард хилийн маргаантай, зэвсэггүй бүсэд хоёр талын цэргүүд гардан тулаанд орж, Энэтхэгийн талаас 20 цэрэг, Хятадын талаас тодорхойгүй тооны цэрэг амь насаараа хохирсон. Түүнээс хойш хоёр тал бэлэн байдалд шилжин хилийн дагуу цэргүүдээ байрлуулан болзошгүй тулаанд бэлдэж байв.
Гэвч мэргэжилтнүүдийн мэдээлж байгаагаар тээрх үйл ажиллагаа нь удаан үргэлжилсэн хурцадмал байдлыг намжаах зөвхөн эхлэл төдий бөгөөд цаашид байдал яаж ч эргэх эрсдэл бий гэнэ.
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ