АНУ-ын Нью Жерси мужийн Атлантик Сити хотод байдаг “Trump Plaza Hotel and Casino” нэртэй цогцолборын хуучин барилгыг өчигдөр /2021.02.17/ олны нүдэн дээр нураажээ. АНУ-ын экс Ерөнхийлөгч Дональд Трамп 1984 онд уг казино, зочид буудлыг нээж байсан ч 2009 оноос дампуурч, хаалгаа барьсан байна. Трамп энэ бизнесээ орхиж, өөр хүмүүст худалдахыг оролдсон ч хэн ч энэ бизнест хөрөнгө оруулаагүй учир тэр чигт нь эзэнгүй орхиж байжээ.
Цагтаа холливүүдийн жүжигчид, рок оддын хөлд дарагддаг байсан уг барилгад нийт 3000 гаруй тэсрэх бодис байрлуулж, хэдхэн секундын дотор дэлбэлж, нураасан байна. Энэхүү казинод алдарт Майк Тайсоны тулаанууд, "The Rolling Stones"-ийн тоглолтууд зохион байгуулагдаж байв. “Trump Plaza Hotel and Casino”-г нураах ажиллагааг 10 ам.долларын төлбөртэйгөөр хүмүүст сонирхуулжээ. Мөн дэлбэлэх товчийг дарах эрхийг дуудлага худалдаанд оруулах гэж байсан ч барилгын эзний хүсэлтээр дуудлага худалдааг цуцалсан гэнэ.
Нийт 39 давхар уг барилгаас найман давхар барилгын өндөртэй тэнцэхүйц нуранги үүссэнийг зургадугаар сар гэхэд цэвэрлэж дуусна гэж хотын захиргаа мэдээлсэн байна. Тус хотод байсан Трамп нэртэй сүүлчийн барилга ийнхүү үгүй болж байгаа нь энэ аж. “The Trump Taj Mahal” нэртэй казино байсан нь одоо “Hard Rock Hotel and Casino” болсон бол “Trump Marina” нэртэй барилга нь “Golden Nugget Atlantic City” нэртэй болсон байна.
Эх сурвалж: Guardian
Холбоотой мэдээ